“Жаран баатрын бослого” буюу Тагна урианхайн “кайгалууд”

9d6b66cb21eef2d9c784b15aa2c6f330Тагна Урианхай буюу Тува улсад 1880-аад оны үед “Жаран оргодлын бослого” гэж айхтар ширүүн бослого гарч байжээ. Хотгойдын ван Чингүнжавын бослогоос ч ширүүн байсан энэхүү бослого нь Тагна Урианхайд сүрхий дуулиан дэгдээж, хожим зуун зуунаар яригдаж бичигдэх онцгой сэдэв болж өргөжсөн байна.

Энэхүү жаран оргодлын ихэнх нь тухайн үед “Кайгалууд” гэж ард түмэндээ хүндлэгдэж байсан “Шилийн сайн эрчүүд” байсан бөгөөд тэд сүүлдээ агуу их Манж гүрний сүр хүчинд аргагүй дийлдэгдэж, бүгдээрээ баригдаад хэрцгийгээр цаазлуулсан байх аж. Эрт цагт Тагна Урианхай буюу Тува нар шилийн сайн эрчүүдээ “Кайгалууд” гэж нэрлэдэг байж. Энэ нь монгол хэлэнд “Гайхалууд” гэж буусан байдаг. Гэхдээ эрт цагийн “Кайгалууд” бол ард түмэндээ асар их нэр хүндтэй байсан бөгөөд тэд нутгийнхаа ард иргэдийн төлөө Манжийн дарангуйлагчид, тэдний гар хөл болсон Тува ноёдтой амь хайрлахгүй тэмцдэг байж.

Тувагийн зохиолч Ю.Л.Аранчын кайгалуудын тухай өгүүлэхдээ: “Ядуу хоосон үлдсэн ардуудын дундаас шийдэмгий гавшгай, зоригтой эрчүүд ялгаран, дарлагчидтайгаа биеэр үзэлцэж, доромжлогдсон ядуусыг өмөөрдөг байлаа. Тэднийг нутгийнхан нь “Гайхалууд” гэдэг байсан бол хөрш монголчууд нь “Сайн эрчүүд” гэж хочилдог байсан.

Тувад жаран баатар тодроогүй байх тэр үед “Сайн эрчүүд” аль ч хошуунд ялгаран гарчээ…” гэж онцолсон байх аж. Жаран баатар гэснээс Тухайн үеийн Тувагийн шунахай ноёд энэхүү жаран оргодлыг ард түмэндээ муугаар харагдуулахын тулд “Босуулууд”, “Дээрэмчид”, “Чононууд”, “Муу хулгайч нар”, “Чөтгөрүүд”, “Дурганууд” гэх мэтээр муучлан нэрлэж байснаас энэ нь бүтэн зуун жилийн турш Тувагийн ард түмний сэтгэлд хадаастай явжээ.

Харин зуун жилийн дараа буюу 1980-аад оны үед Тувагийн түүхч, судлаач, зохиолч нар тэрхүү “Жаран оргодлын бослого” гээчийг судлан гаргаж ирээд жинхэнэ баатарлаг тэмцэл байсныг нь үнэлж цэгнэн, улмаар 1985 онд уг бослогын зуун жилийн ойг Тува даяар ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Үүгээр зогсохгүй “Жаран оргодлын бослого” хэмээх нэр томъёог “Жаран баатрын бослого” болгон өөрчлөх тухай Тува улсын Бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гарч, Жаран баатрын зуун жилийн ойг тохиолдуулан Оргу-Шөл, Кара-Таг хэмээх газарт дурсгалын хөшөө босгож, жаран баатрын музейг нээж, Тувагийн хамгийн том Сангийн аж ахуйг “Жаран баатар” гэж нэрлэх болсон байна. Ийнхүү Монголд “Ерэн баатрын хөшөө” сүндэрлэн байх үед Тува улсад жаран баатрын хөшөө босч байсан гайхам түүх бас байх аж.

Үүнээс бүр өмнө буюу 1941 онд Тува улсын Бага хурлын шийдвэрээр улсынхаа төв музейг “Жаран баатрын музей” гэж нэрлэх болсон байна. Мөн 1985 онд жаран баатрын зуун жилийн ойг тохиолдуулан Орос-Зөвлөлтийн жүжигчин В.Ш.Кок-Оол “Самбыжык” гэдэг жүжиг бичиж, зохиолч С.А.Сарыг-Оол “Жаранбаатар” хэмээх тууж бичиж, үүнд Манжийн дарлалд талхигдан зовж явсан ард олон, түүний тод илрэл болсон жаран баатрын тэмцлийн хурц хэлбэрийг яруу тод тусгажээ. Түүнчлэн Зөвлөлт-Оросын гавъяат жүжигчин, хөгжмийн зохиолч А.Б.Чыргал-Оол жаран баатарт зориулж симфони туурвиж, Зөвлөлт-Оросын алдарт зураач С.К.Ланзы жаран баатрыг яруу сайхнаар дүрслэн үзүүлжээ.

Тэртээ дөчөөд оны үед Тувагийн ерөнхийлөгч С.К.Тока буюу “Салчиг Тогоо”-гийн саналаар Тувагийн Улс төрийн товчооноос “Жаран баатрын түүхийг судлан цэгцлэх комисс” байгуулах тухай тогтоол гарч, энэ талаар Тувагийн Эрдмийн хороо болон Улсын төв музейн газарт даалгаснаар маш үнэ цэнтэй олон арван материал цугларч, дотоод, гадаад дайснуудын эсрэг боссон хувьсгалч жаран хүний намтар түүх босч ирсэн байна. Тува нар ямар ч байсан ийнхүү эрт цагийн “Кайгалууд”-ынхаа алдар нэрийг сэргээж, үеийн үед мөнхжүүлж чадсан байх аж.

Харин монголчууд бид эрт цагийн сайн эрчүүдээ судлан тогтоох ажлыг үндсэнд нь орхиж, саяхныг болтол “Цахиур” Төмөр хэмээх зохиолын баатраас өөр хүнийг мэдэхгүй явсаар ирсэн билээ. Ямар сайндаа л нэрт нийтлэлч гэгддэг байсан “Хонх”-ны Цо агсны “Цахиур Төмөр гэдэг чинь одоогийнхоор бол махны ченж маягийн хүн байжээ” гэж мэдэмхийрч бичсэнийг хэвлэлийнхэн шүүрч аваад л мандуулж байсныг яана. Цо ч тэр, хэвлэлийнхэн ч тэр хэн хэн нь эрт цагийн сайн эрчүүдийн талаар юу ч уншиж судлаагүй болохоор өрөвдмөөр…

Гэхдээ уншиж судлаагүй байж болно. Хамгийн гол нь тэр хэмжээгээрээ дуугүй сууж байх ёстой л доо. Цо агсны хувьд бол Дөчин мянгатын тагтан дээр өссөн, тэгээд Эрхүүд сурч байхдаа дуу хөгжим, гитар энэ тэр гээд явчихсан болохоор эрт цагийн шилийн эрчүүдийн тухай хэдийдээ юугаа судалж мэдэх билээ дээ, зайлуул. Осолтгүй л “Тунгалаг Тамир” киног үзсэн, шилийн сайн эр гэж “Цахиур” Төмөр шиг ийм улс байсан юм байна гэдгийг бүдэг бадаг мэдэхтэйгээ болсоноос цаашгүй шүү дээ, хөөрхий. Тодорхой уншиж судлаагүй байж цээжнийхээ бангаар хамаа намаагүй ингэж бурж болдоггүй юм байна гэдгийг эндээс мэдэж авууштай.

Одоогоос зуу гаруй жилийн тэртээ Тува улсад “Жаран оргодлын бослого” гээч нь зүгээр л хар аяндаа дэгдээд ирсэн хэрэг биш юм байна. Тухайн үед Тува улсад Манжийн дарангуйлал дээд цэгтээ хүрч, ард түмнийх нь амьдрал туйлын хүнд байдалтай болж иржээ. Энэ тухай Тува ардын “Их шөнө” хэмээх туужид өгүүлэхдээ: “…Азай буурал урт настай оньсого болсон цагийн цагт манай төрсөн газар нутагт Манж-Хятадын сүрдмээр эзлэн түргэмгийлэгчид ирсэн юм. Галзуурсан дайснууд үйлийн үртэй төрсөн Тува нутгийн дэлгэр сайхан нутгаар, Тагнын уулсын өндөр сайхан оройгоор харанхуйлж дайралдсан газар бүхэнд үхэл, зовлон, хоосролыг тарьж урагшлан мөлхөж байв. Цусанд цаддаггүй зэрлэг дайснууд хоносон газар бүхэндээ шарыг зуу зуугаар нь, хонийг мянга мянгаар нь идэж, цусаар дүүрсэн нуур цөөрөм үлдээдэг байжээ.

Булаан авсан эрдэнэ баялгийг ачсан тэмээн жингийн цуваа тэдний хойноос тасралтгүй цуван, ногоорон харагдах талд харлан үлдэх ул мөр нь сорви болж үлдэв. Айж цочсон манай иргэд мал сүрэг, эд хогшлоо орхиод гүн эзгүй ой хөвч рүү зугтаж одсон. Гэвч зэрлэг араатан чөтгөрүүдийн эзэмшлийг зогсоож, эргүүлэн буцаахыг эрмэлзсэн зоригт эрчүүд олон байв.

Тэд дайсны өмнөх эгнээ рүү харцагын нисэлтээр гэнэт дайран орж, тэрхүү араатан цагаан цэргийг айлган сүрдүүлж, санаа сэтгэлийг нь алдагдуулан саатуулж зогсооход, тэд сандарсандаа ухарч, газарт нүх ухан амиа хамгаалдаг байжээ. Манай төрсөн нутгийг эзлэн авахын тулд бузар шунахай дайснууд тооны илүүгээ ашиглан ширүүн догшиноор дайран давшилсаар байжээ…” гэх мэтээр дүрсэлжээ.

Манж нар Зүүн гарын хаант улсыг хэрхэн мөхөөсөн тухай Хятадын түүхэнд “Уурлан хилэгнэсэн эзэн хааны явуулсан гурван корпус цэрэг Өөлдийн нутагт дайран орж, нас сүүдэр, эрэгтэй эмэгтэйг үл харгалзан олон мянган хүнийг алан хядахад, түүнээс зугтсан хүмүүс Монацын уулын хавцалд нуугдан хоргодсон ч тэднээс ганцыг ч үлдээхгүйгээр алж хядсан” гэж бичигдсэн нь “Их шөнө” туужийн үзэл санаа үндэслэлгүй зүйл бишийг харуулна. Тувагийн зохиолч Ю.Л.Аранчын “Жаран баатрын бослого” хэмээх ном бичсэн байх бөгөөд үүнийг Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, хурандаа Чулуунбатын Алтангэрэл монгол хэл дээр орчуулжээ. Заримаас нь товчлон сийрүүлвээс:

…Ноёд түшмэдийн шийдвэрээр Тувагийн ардууд хязгаарын харуулд бас цэргийн үүрэг гүйцэтгэж байв. Тэдний даамлаар Монгол, Хятад дарга нарыг томилдог байжээ. Тэд Тува нарыг өөрийн зарц мэт үзэж, дураараа аашлан зарцалж байлаа. Жишээ нь, 1897 онд Уртнасан гэгч дарга, амбан ноён хоёрын хооронд харилцсан захидалд хязгаарын цэргийн Энхээ гэгч даргын тухай өгүүлжээ.

Түүнд: “Тэр Энхээ гэдэг дарга цэргийн алба хааж буй тува эрчүүдийг дураараа зарж, түлш түүлгэх, малын хашаа цэвэрлүүлэх, мал маллуулах, хоол ундаа хийлгэх, идэшний малаа тува айлуудаас авахуулан, “Туранхай мал авч ирсэн гэх буюу үүрэг эс биелүүллээ” гэж дур зоргоороо зоддог байна. Ард Конгаштайг сүүлчийн ганц хонио авч ирэхэд нь Энхээ хараад “Туранхай мал авч ирлээ” гэж түүнийг хүлж, шаахайгаар ухаан алдтал зодож, баруун нүдийг нь гэмтээсэн учир ламаар эмчлүүлж эд хогшлоо өгч хоосорсон байна.

Мөн Энхээ Чамзыран гэдэг хүний 14 настай охиныг хүчиндэж, дөнгөлж, догшин ширүүн харьцаж, шаахайгаар зодсон байна. Энэ мэтийн дураараа аашлагчдыг хөөж явуулах арга байсангүй. Түүнчлэн Монгол эрх мэдэлтнүүд жил бүр албан татвар авахаас гадна гурван жил тутамд мянга мянган мал авч, хүнд байдалд оруулдаг байв. Ингэж хил хязгаар тогтоосон явдал нь Тува аймгуудыг нэгтгэж, Тува улс байгуулагдахад түлхэц болон түргэтгэсэн байна. Гэвч шинээр тогтоосон хил хязгаар нь ардуудын нүүдэллэн явсан газар нутгийг хязгаарлан бусад улстай хийх худалдаа наймааг тасалдуулан, хөдөлмөрчдийг харанхуй бүдүүлэг байлгах, дарлал мөлжлөгийн зэвсэг болгожээ.

19-р зууны дал, наяад онд Тува ардууд Манжийн хаан, Монгол, Тува ноёдод басамжлуулан мөлжүүлж, ядуурал, харанхуй бүдүүлэг, эрх мэдэлгүй, гачигдал зовлон үзэж явлаа. Нийгмийн бэрх дарлалаас гадна байгалийн өршөөлгүй зутралыг хэлэхийн аргагүй. Хэдэн жил дараалан халуун ган, хүйтэн зуд тохиолдоход малын тоо толгой хэт цөөрч, талх тариа ховордсоноор Орос, Хятадын худалдаачдад төлөх өр толгойн үснээс давсан, ядарч гутарсан хүмүүс газар сайгүй тохиолдоно. Манж амбан болон Монгол захирагчдад өгөх албан татвар, Улиастай орох, тэндээс ирэх ноёд түшмэд болон зорчин явагчдын хэрэглэх мөнгөн төлөөс, идээ шүүс цуглуулан давхисан түшмэдийн морин төвөргөөн, ташуурын чимээ үл тасарна. Газар бүхэн өвчин зовлон, уйлаан майлаан, хараал зүхэл, уур хилэн оволзоно. Тиймээс олон түмэн,

“Өндөр уулын цаанаас үүл гарвал
Шуурч л эхэлнэ, орж л эхэлнэ
Тамгын газраас элч ирвэл
Зодож л эхэлнэ, барьж л эхэлнэ…” гэж дуулдаг байсан нь үндэстэй.

Аравт, сумдын хооронд айл хэсүүчлэн явдаг хүмүүсийг “Хөх тэнгэртээ хаягдсан, хөхөрсөн даяанч цагаачид” хэмээн ад үзэж, доромжлон, баячууд нь тэднийг хайр найргүй зарж, хар хөлсийг нь асгартал, цусыг нь шимэн сордог байсан хийгээд хоосорч хөрөнгөнөөсөө салсан хүмүүс чинээлэг хүмүүсийн хувцасны хуучныг, цайны шаарыг, хоолны үлдэгдлийг хэрэглэн, хөхөө өвлийн хүйтнээс халшралгүй, юу эсийг хийнэ гээч. Тэр үед хоосорч ядуурсан хүнийг “Муу хүн” гэдэг байв. “Муу хүний нүд хойморт” гэдэг байв. Энэ нь хоосон хүний биеэ хуурдаг зүйл нь “Алаг нүд” гэсэн санаа юм. Харгис ноёд хуульд баригдсан ардуудыг яаж доромжилж явсныг ч хэлэхэд бэрхтэй.

Хемчикийн Даа хошууны ондар угсааны Сенгин Чангы гэгч араатан шинжтэй, харгис догшин захирагчдын нэг байлаа. Тэд явсан газар бүртээ ардуудыг өшиглөж, зодож, ташуурдаж, тэнд байсан хүмүүсийг өдөж хатгаж, “Чамайг би 80 ташуурдвал ёо гэх үү, 100 ташуурдвал ёо гэх үү? Тэсвэрлэхгүй “Ёо” гэх юм бол улам олон ташуурдах болно” гэж бах нь ханаж, ярзайн инээж, хамгийн хэрцгийгээр зодож, тамлан зовоодог байлаа.

Жаран баатрын хөдөлгөөн гарахын өмнөх жил болсон нэгэн үйл явдлыг 84 настай ард Ооржак Чолбен 1942 онд ярихдаа: “Балчимай занги өөрийнхөө мал хариулагч Хенгенчикийг зодож байсныг нүдээрээ харсан юм. Хацрыг нь шаахайгаар, нурууг нь харганаар шалба цохиж, ухаан алдахад нь хүйтэн ус асгаж, сэргэхэд нь нурууг нь улайсгасан төмрөөр хайрч, модны зоргодос тавин шатааж байлаа. Би аргагүйн эрхэнд түшмэлийн тушаалаар түүнд тулж байлаа.

Түүнийг зодсон шалтгаан бол Хенгенчик хариулж байсан үхрээсээ нэг шарыг бусдад түр өгсөн ба тэр хүн давс тээж яваад шарны нурууг гэмтээсэн учир түүнийг тарчлаасан” гэсэн байх аж. Ядуу хоосон үлдсэн ардуудын дундаас шийдэмгий гавшгай, зоригтой эрчүүд ялгаран, дарлагчидтайгаа биеэр үзэлцэж, доромжлогдсон ядуусыг өмөөрдөг байлаа. Тэднийг нутгийнхан нь “Гайхалууд”, хөрш монголчууд “Сайн эрчүүд” гэдэг байсан. 1882 оны сүүлч, 1883 оны эхээр Тувагийн байдал улам түгшүүртэй болсон байна. Нэр цуутай босогчид баячуудтай сөргөлдөж, хүнд бэрх амьжиргаа, ноёдын хүчирхийллээс зугтсан ядуу ардууд эвлэлдэн нэгдэж, ноёд түшмэдийн мал мах, албан журмаар гаргуулан авсан эд мөнгө ачсан тэмээн жинд халдан булааж авах болсон учир ноёд, түшмэд өшөө авах гэж аль муу муухай арга хэрэглэв.

Биче занги болон Соржу мээрэн, тэдний зарлагууд айлуудаар довтлон явцгааж, “Чононууд минь, хуралд ирэхгүй бол буудаад хаячих гэсэн шүү!” гэж айлган сүрдүүлсэн боловч тэд явсангүй. Зарлагуудыг явсны дараа хулгайд сэрдэгдэн дуудагдсан эрчүүд сэм цугларч, “Биднийг 100 адуунаас дор гэж үзээд буудаад хаячих юм бол тэр хуралд очихгүй” гэж шийдээд Дажыма болон Кок Самбыжыкаар толгойлуулсан оргодлууд Карадагийн энгэр өөд нүүн очиж зэвсэглэн, эргүүл, харуул хамгаалалт зохион байгуулжээ.

Ядуу ардууд тэдэнтэй олноороо ирж нийлсэн учир Турлагт цугларагсдын тоо хоёр зууд хүрч байв. Ингэж ардууд тэсвэрлэхийн аргагүй болж, аз жаргалын төлөө буу сумаа барин босоцгоожээ. Босогчид “Баячуудын захиргаанд бид захирагдахгүй, өөрсдөө тусгай захиргаа байгуулна” хэмээн ардуудад ярьж, баячуудаас дээрэмдэж авсан мал мах, хувцас хунарыг ядууст хуваан өгч тэднийг өөртөө татдаг байлаа. Ардуудын ярьсан олон баримт нотолгоог Оросын архивын баримт давхар баталдаг юм.

1884 оны хавар Хемчикт байсан орос худалдаачид Тувад болж байсан байдлыг Эрхүү рүү үнэн зөвөөр нь мэдээлж байсан ба 1883 оны 8-р сарын 24-нд гарын үсэг зурсан протоколыг Тувагийн эрх баригчид биелүүлэхгүй байгааг мэдэгдэж, цахилгаан явуулжээ. Түүнд: “Урианхайнууд хэзээ ч ийм дур зоргоор байж үзээгүй. Хемчикийн хэмжээгээр урианхайнууд оргодол бүлгүүд зохион байгуулж, Орос болон Урианхайн зарим хэсгийг сүйтгэж байна. Үнэндээ 1884 оны зун хөдлөгсөд Тува түшмэдэд орос худалдаачдад булаан өгөх өрийг төлөх зав өгөөгүй. Ийм учраас “Өрөнд өгөх малаа цуглуулж чадахгүй байна” гэж орос худалдаачдад гарын үсэг зурсан бичиг өгч байв” гэж тэмдэглэжээ.

Оргодлууд бүлэг бүлгээрээ нааш цааш давхицгааж, баячуудын мал хөрөнгийг булаан авахын зэрэгцээ ирэх өвлөө бодоод Монгол руу орох явдлаа үргэлжлүүлжээ. Тэдний эрэмгий гавшгай, чадвартай, хашир зальтайг нутгийнхан нь андахаа байж, мал сүрэг, эд хөрөнгөө алдаж хаширсан Монгол ноёд тамгын газрынхандаа анхааруулснаар хилийн харуулаа чангатгаж, мал хөрөнгөө хамгаалахаар хүч нэмэгдүүлж эхэлсэн байна. Ингэж Дөрвөд нутаг руу орсон зарим “Кайгалууд” баригдаж эхэлсэн байдаг.

Тэр үед Манж болон Тува ноёд “Жаран оргодлын үндсийг таслан, гэр орныг нь хоосруулан дээрэмдэж, эрэгтэй хүүхдүүдийнх нь нүдийг сохлон, эмэгтэй хүүхдийнх нь дунд чөмгийг хуга цохих хэрэгтэй” гэж цэргүүддээ даалгавар өгч байжээ. Тиймээс Манж амбаны цэрэг ирж явааг сонсоод “Кайгалууд”-ын ар гэрийнхэн орон гэр, мал хөрөнгөө орхин зугтацгаажээ. Ийнхүү Манжийн цагаан цэргийн хүчээр хүмүүс хэдэн зуугаараа хэлмэгдэж, олон хүний үндэс тасарсан буюу сандран таржээ.

Өмнө нь Тувад ийм ширүүн тэмцэл гарч байсангүй. Амбан ноён Өлзей-Очур ард түмний цусаар гараа угааж, Улиастайн жанжны цэргийн эрхтэнд хахууль өгч, Тагнын Урианхайн хязгаар дотор хүмүүст хүч хэрэглэн, дээрэмдэн тонож, амь насыг нь хохироож байжээ. Тэр ч байтугай Тувагийн эрх баригчид орон нутгийнхаа зарим ядуусыг “Кайгалууд”-аар толгойлуулж, морь уналгаа унуулж, буу зэвсэг агсуулаад, аргамж чөдөр, хазаар ногт, ганзагалаа, хоол хүнсийг нь бэлтгэн, сургамж зөвлөгөө өгөөд, хөрш зэргэлдээ Монголоос мал мах, ялангуяа бод мал олноор хулгайлж ирэхийг даалган явуулдаг байжээ.

Оргодол хулгайн тухай Монгол бичиг баримтад “Балагтай гэм буруутан нар” гэж тэмдэглэсэн байдаг. Тувагийн эрх баригчид “Манжийн хил нэвтэрч хулгай, арилжаа наймаа хийж болохгүй, хэрэв энэ хуулийг зөрчвөл, хатуу ширүүн шийтгэл хүлээдэг” гэдгийг мэдсээр атал ардуудыг Монгол руу явуулсаар байж. Тэгээд аюул үхлийн ирмэг дээр явж, хулгайлж дээрэмдэж ирсэн малын аль сайныг нь түшмэд шилж, үлдсэн мууг нь ирсэн хүмүүст хуваан өгч байв. Хэрэв хэрэг задарвал, эзний нүүрэн дээр хулгайчийг хатуу ширүүн шийтгэж өөрсдөө цэвэрхэн үлддэг байжээ. Гэвч эзний даалгавраар явсан сайн эрчүүд, ядуу ардын хооронд дээрх асуудал чимээгүй өнгөрдөггүй, тэмцэл маргаан энд тэнд гардаг байсан байна.

1883 оны хавар Сенгин занги, Чаалама залан, Балчий бичээч, Айыжы занги, Даыртык-Оол, Садыяа, Ап-Оол нарын дарга нар Монгол руу адуу хулгайлах ажлыг удаа дараа зохион байгуулжээ. Тэр адуунаас нэлээд олныг Сенгин занги өөрөө авч, бусад зангиуд нь хоосон хоцорчээ. Гэвч дараахан нь эдний явуулсан хүмүүс Дөрвөд нутаг руу ороод айлын хотонд байсан адуу хулгайлж байгаад мэдэгдэж, үүний улмаас Кожагар, Комбулдай нар баригдсан ба тэднийг Дөрвөдийн түшмэд хатуу ширүүнээр зодоод, дөрвөн гадас шаагаад мөчлөн тэлж хээр хаясныг хонь хариулж явсан монгол охин хараад өрөвдөн суллаж байсан гэдэг.

“Жаран баатрын бослого”-ын хамгийн өрөвдөлтэй нь балмад ноёдын эсрэг боссон “Кайгалууд” эцэст нь баригдаж, хэрцгийгээр тамлуулан байж нүд аницгаасан явдал юм. 1883 оны 11-р сарын эхээр оргодлуудыг барьж устгах явдал шувтарч, тамгын цэрэг буцсанаар “Жаран оргодол” гэдэг нэр Тувагийн түүхэнд үлджээ. Ард Ооржак Чылбен хэмээгчийн өгүүлснээр “Бослогод оролцогсдыг баривчлаад Улиастай руу явуулж байхыг харсан юм.

Чыргакын аманд арав шахам гэр барьсан байлаа. Тэнд бүх түшмэд цуглараад, босогчдын гэрээс төмөр тулгыг авч ирээд түүгээр дархчуудаар төмөр гинж хийлгэж, өвлийн хүйтэнд хүмүүсийн гар хөлийг гинжлээд хүйтэн гэрүүдэд хонуулан, том том улиасыг огтлон, тэдгээрт тэдний хөлийг хийсэн байлаа. Оргодлуудыг Улиастай руу хүргэхэд моринд зайдан мордуулж, хоёр хөлийг нь доогуур нь холбож, ханцуйны үзүүрийг боогоод, морьдыг тууж явдаг байлаа.

Оргодлуудыг Улиастайд цаазалж байсныг харсан хүмүүсийн яриагаар бол толгойгоо авахуулах хүнийг нүцгэлээд, зах модонд өлгөөд цээж рүү нь жадаар хатгаж, цээжний ясыг нь хэмх цохиход хүзүү нь сунадаг ба энэ үеэр толгойг нь огтолдог байжээ” гэж нотлон хэлжээ. Оргодлуудыг тамгын газар хайр найгүй зодож, эрүү шүүлт тулгаж байжээ.

Шеми нутгийн 70 настай Бүрбүжал 1942 онд өгүүлэхдээ: “Жанжны газарт Дажымааг есөн хоног зав чөлөөгүй догшин ширүүнээр эрүүдэн шаахайдахад, буруугаа хүлээн өчгөө өгсөн юм” гэсэн бол Тэскем хошууны Чиргаланды сумын 79 настай Сойсүрэн 1945 онд өгүүлэхдээ: “Тэр үед би би 17 настай байлаа. Тамгын цэргүүд оргодлуудыг дараад баригдсан хүмүүсийг Самгалтайд авч ирээд, зуугаад хүнийг өндөр хашаанд оруулаад харуул манаа тавьж, байцаан шүүж, Улиастай руу явуулж байлаа. Жил болоогүй байтал хүмүүсийн огтолсон толгойг нэг тэмээнд зуу зуугаар нь ачин авч ирж байхыг харсан.

Тэднийг Жаа-Овооны даваа, Хөндергений даваа, Адыртөш, Элезин ууланд модонд өлгөчихсөн байсан юм. Байцаалтын үед босогчдыг учир зүггүй зодож, шаахайдаж, банздаж, ташуурдаж байхад хүмүүсийн ёолох дуу шуугиан, хашгирч орилох чимээ чихэнд чийртэй сонсогддог байлаа” гэж ярьжээ.

Улиастай руу явуулсан оргодлуудыг захаас нь барьж аваад есөн эрүү шүүлтэнд оруулж, арьс махыг нь амьдаар нь шулж байгаад хийсэн хэргийг нь хүлээлгэдэг байсан байна. Банзаар банздаж, гуяны махыг нь огтлон, модоор нуруу дагуу нь цохиж, хүлж байгаад шаахайдаж, мөн савслагаар эрүүдэж, нүдийг нь хялгасаар хатгаж, хонгор азарганд суулган утаж, дөрвөн мөчийг нь хэрж, үхэхийн даваанд хүрэхэд “Кайгалууд” аргагүйн эрхэнд өчгөө өгч байжээ.

Ийм догшин ширүүн эрүү шүүлтийн эцэст 50 гаруй оргодлыг Улиастайд Манжийн эрх баригчдын гарт өгч явуулсан ба тэднийг Улиастайд хүргэсэн зардлыг оргодлуудын хошуу, сумдаас гаргуулжээ. 1888 онд зөвхөн дөрвөн хүнийг Улиастайд хүргэхэд, улаанд 31 морь, 26 гүү, бусад зардалд 2000 хэрэмний арьс, 100 арьс ширийг Даа хошууны 10 сумдаас гаргуулжээ. Улиастайд тэднийг хүргэсэн түшмэд хятад худалдаачдаас их хэмжээний өр тавьж, түүнийг нь хоёр хошуугаар төлүүлэхээр даатгажээ.

Улиастайд аваачсан оргодлуудын хэргийг шүүж хэдхэн хүнээс бусдыг шүүхэд шилжүүлсэн ба тэдний дотроос “Сарылдыг” хочит Монгуш Садяажык янз бүрийн аргаар оролдож байгаад гинжнээс салж, гяндангаас оргож гараад Монголоор жил орчим тэнэж яваад нутагтаа буцаж иржээ. Энэ оргодлыг барих асуудал 1886 он хүртэл тасраагүй ба түүнийг ард түмэн өмөөрөн нууж, барьж өгөөгүй юм гэдэг.

Хүний толгой өлгөсөн модонд хавтгай мод бэхэлж түүн дээр “Улиастайд хүргэгдэн тушаагдсан дээрэмчин урианхайчууд дээрэм үйлдэж, хүн ардыг доромжилсон хэргийн учир толгойгоо авахуулжээ. Тэднийг жигшүүлэхийн тулд толгойг нийтийн өмнө өлгөлөө” гэж бичжээ. Дарлан мөлжигчид өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд юу ч хийхээс буцдаггүй байсан нь үүгээр илэрч байна. Дээр үед Москвагийн эрхтэн том ноёд Спепан Разины бослогод оролцсон тариачдыг дараад, бусад тариачдыг хашраахын тулд салан дээр цах босгож түүн дээр цаазлагдсан тариачдыг өлгөн, Ижил мөрнөөр урсган явуулж байсныг түүх мэднэ. Түүнээс ч дутуугүй зүйлийг Манж болон Тувагийн ноёд үйлдсэн байх ажээ.

Хүмүүсийн өлгөгдсөн толгой нь жил, сараар нар, салхи, бороо, цасанд дарагдан унжиж байсан ба аймхай хүмүүс айж сэжиглэн, эр зоригтой нь уурлан бухимдаж, өш санаж явдаг болсон байв. Жишээ нь Адашпай гэгч хүн “Нэлээд удсаны дараа өлгөгдсөн толгойг харсан юм. Ардууд ноёдод уурлан, хилэгнэж явдаг байв” гэж ярьсан байх аж.

Жаран баатрын нэгнийх нь хүү, нэрт туульч Тевек Кежиге: “Нас өтөлнө, өш хонзон өтлөхгүй” гэж тун ч онож хэлсэн байх бөгөөд үнэндээ ч жаран баатрын үйл явдал эцэстээ алдаршин, хойшдын тэмцэлд ашиг тусаа өгсөн байна.

Огтолж авсан толгойнуудыг хаана өлгөх тухай асуудалд: “Самдангийн хэсгийн таван хүний толгой”, “Колбак нарын дөрвөн хүний толгой”, “Хертек Сорукпайлыкийн хэсгийн дөрвөн хүний толгой”, “Кок, Самбыжак нарын хоёр хүний толгой” гэж бичигдсэн нь тэднийг “Босогчдын гол толгойлогчид” гэж үзсэн нь тодорхой байна. Мөн Кок Самбыжык, Дажыма хоёрын толгойг хамт явуулж, нэг газар өлгөх тухай онцлон ялгаж бичсэн нь тэд гол үүрэгтэй байсныг гэрчилж байна.

Гэхдээ зөвхөн оргодлууд цаазаар авахуулаад зогсохгүй хэрцгий ноёд тэдний ар гэрийнхэнийг бас хүйс тэмтэрсэн байх жишээтэй. Ямар сайндаа л балмад ноёд “Жаран оргодлын үндсийг таслан, гэр орныг нь хоосруулан дээрэмдэж, эрэгтэй хүүхдүүдийнх нь нүдийг сохлон, эмэгтэй хүүхдийнх нь дунд чөмгийг хуга цохих хэрэгтэй” гэж цэргүүддээ даалгавар өгч байх билээ дээ.

Жаран баатрын үйл явдал Манж амбан байтугай Манжийн эзэн хааны сонорт хүрч байсан гэж бодохоор аргагүй л хурц ширүүн тэмцэл байсан нь илт. Тиймдээ ч жаран баатрын бослого түүнээс хойш гарах зэвсэгт бослогод сургамж болсон ба ард олны ухамсрыг сэргээж, аймаг, хошуу, ястнуудын хоорондын түгжигдмэл байдлыг ил тод болгож өгсөн байна. Босогчид хоёр хошууг нийлүүлж чадаагүй боловч тэмцэлдээ 10 гаруй аймаг, ястнуудын төлөөлөгчдийг оролцуулсан нь хамгийн чухал алхам болсныг Тувагийн зохиолч Ю.Л.Аранчын онцлон тэмдэглэжээ.

Аливаа улс орны түүхэнд болж өнгөрсөн томоохон тэмцэл хөдөлгөөн хожим ямар нэгэн байдлаар ул мөрөө үлдээсэн байдаг. Жишээ нь Хотгойдын ван Чингүнжавын бослого Хөвсгөл нутагт маш олон домог түүх, шүлэг, дуу үлдээсэн байдаг. Жаран баатрын бослогын хувьд гэвэл Тува улсад маш олон дуу үлдээжээ. Жаран баатрын хөдөлгөөнд оролцож явсан буюу тэдэнтэй холбоотой байсан хүмүүс өөрсдөө дуу зохиож дуулдаг байж.

Жишээ нь,
“Цөлд үлддэг яс минь
Цөллөгөнд явдаг бие минь
Толгодод үлддэг яс минь
Толгойгоо цавчуулдаг бие минь…” гэдэг дуу гарсан байх аж. Мөн
“Хад ихтай хайрханд
Харайж ч явлаа, алхаж ч явлаа
Хатуу ширүүн Ондаруудад
Хатгуулж ч явлаа, зодуулж ч явлаа
Зэрэглээ татсан ноён нуурт
Зэвүүцэж ч явлаа, төөрч ч явлаа
Ширүүн догшин Ондаруудад
Чирэгдэж ч явлаа, сэгсрүүлж ч явлаа…” гэх мэт Түүнчлэн Жаран баатрын тухай,
“Дөрвүүлээ хамт явъя л даа
Дөрвөд нутагт очъё л доо
Арвуулаа хамт явъя л даа
Алтай нутагт очъё л доо…
Мойлтой модны дэргэд
Монгол хул байгуузай
Модон орны минь дээр
Монгушийн хүү хэвтүүзүй…
Эрлэгийн хаанаас элч ирвэл
Эр ганцаараа очно доо би
Эзэн хаанаас элч ирвэл
Ижил нөхөдтэйгөө очно доо би…” гэдэг дуу гарч байжээ. Жаран баатар аа гэж. Ийм л өр өвдмөөр түүхтэй юм байна.

Тэмдэглэсэн Б.Ойдов


URL:

Сэтгэгдэл бичих