Нүүрсний компаниудын лобби Засгийн газрыг төсвөө татахад хүргэсэн бололтой
“Эрдэнэт”-ээс өөр саалийн үнээгүй байсан манай улсад экспортын шинэ үүц задарсан нь нүүрс байлаа. Зэсээс анх удаа давж, нийт экспортын 38 хувийг дангаар бүрдүүлж байна гэхээр энэ салбарт томоохон мөнгө эргэлдэж, улсын эдийн засагт хоёр дахь саалийн үнээ болж байгаа нь хэнд ч тодорхой. Эргэлдүүлж байгаа компаниуд нь харин гарын таван хуруунд багтахуйц цөөхөн юм билээ.
Нарийн сухайтад “Монголын алт”, Таван толгойд “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” ХК, мөн “Саусгоби сэндс” зэрэг дөрөвхөн компани экспортолж байгаа нүүрсний дийлэнх хувийг олборлодог гэсэн тооцоо бий. Гэтэл эдгээр компани Монголын нүүрсний салбарыг монопольчилж чадсан шигээ Засгийн газарт ч нөлөөлж чаддаг бололтой. Ийт сэжиглэл Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийг хэсэгчлэн эргүүлэн татсан Засгийн газрын шийдвэрээс харагдлаа.
Ерөнхий сайд С.Батболдын чуулганы индэр дээрээс хийсэн мэдэгдлээр бол ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөгт хүрэхээр байв. Хүний хөгжилдөө түлхүү анхаарсан төсөв боллоо гэж улстөрчдөөс, нийгмээс ч гайгүй үнэлгээ авсан уг төсөл харамсалтай нь компаниудын лоббигоор өөрчлөгдөж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын индэр дээрээс Ерөнхий сайдыг мэдэгдэл хийсний дараахан хамтарсан Засгийн газар төсвийн төслийг хэсэгчлэн татаж, зарим орлогыг бууруулах саналыг УИХ-д сэм хүргүүлжээ. Орлогоо дайчилж, зарлагаа танах алхмыг Засгийн газар яагаад эсрэгээр нь хийх болов.
Анхны төслөөр нүүрс, төмрийн хүдэрт экспортын гаалийн албан татвар ногдуулах саналыг Засгийн газраас оруулж ирсэн юм. Уул уурхайдаа түшиглэн хөгжиж буй орны хувьд энэ байдаг л татвар. Байгалийн баялаг хэдхэн гэр бүлийг баяжуулаад дуусах биш, бүх нийтээрээ хүртэх ёстой зүйл болохоор дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн татвар юм. Үндсэн хуулиараа тунхагласан зарчмаа ч бодсон Засгийн газрын уг бодлогыг олон нийт дэмжиж байлаа. Яагаад гэвэл тухайн үедээ энэ татварыг нэмснээр төсөвт 305.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх саналыг Засгийн газар хамт дайж байсан юм. Харамсалтай нь, энэ шийдвэрээ гүйцэтгэх засаглалынхан гэнэтхэн өөрчилж, төсвийн төслийг хэсэгчлэн татсан нь хувийн компаниудын лоббид орчихлоо гэж хардахаас өөр аргагүй нь.
Байгалийн баялгаас олох орлогыг төсвөөрөө дамжуулан тэгш хуваарилах ёстой гэсэн Засгийн газрын шударга бодлого хувирчээ ч гэж дүгнэж болох нь. Хатуухан хэлэхэд, энэ татварыг татсанаараа хамтарсан Засгийн газар гарын таван хуруунд багтахуйц цөөхөн компанийн хувийн эрх ашигт үйлчилдэг байгууллага мэт болж жижгэрлээ. Ардчилсан төртэй аль ч улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Танхимаараа дэмжсэн асуудлаа л УИХ-д өргөн барьдаг хууль, жишиг үйлчилдэг. Гэтэл танхимаараа дэмжиж УИХ-д өргөн барьсан төслөө хэлэлцэж эхлээгүй байхад нь гэнэтхэн эргүүлж татсан нь олон эргэлзээг бий болгов.
Хоёр намын шилдгүүдээс бүрдсэн Засгийн газар арай ч ийм орон гаран баймааргүй. Ерөөсөө хэдхэн компанийн лоббид орж, сонгуулийн гол хандивлагчаа алдахаас намууд айсантай холбоотой бололтой юм. Яг л компаниудад олгохоор төлөвлөсөн Тавантолгойн 10 хувийг иргэддээ нэмж өгөх агуулгатай тогтоолын төслийг спонсороо алдахаас айсан улстөрчид гацаагаад байгаа шиг юм болох юм. Сонгуулийн хандиваа компаниудаас босгодог улстөрчид тэднийхээ халааснаас Тавантолгойн хувьцааг авч, сонгогчдод өгөхөөс эмээж байгаа нь хэнд ч нууц биш. Энэ бол сонгогч чухал, спонсор бүр ч чухал гэсэн улстөрийн зарчим л даа. Гэхдээ улстөрчдийн компаниудад тал алдахгүйг хичээсэн байдал Засгийн газрын төвшиндөө хүртэл хүрч үйлчилдэг гэж санасангүй.
Юу гэвэл, Экспортын гаалийн албан татварыг ногдуулснаар ирэх оны төсөвт нүүрснээс л гэхэд 270 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байлаа. 270 тэрбум төгрөгийн татварын 80.6 хувийг дээр өгүүлсэн дөрөвхөн компани төлөх байсныг Засгийн газар өөрсдөө тооцсон байсныг тодотгоё. Ингээд бодохоор Засгийн газар “МОнголын алт”, “Энержи ресурс”, “Тавантолгой” ХК, “Саусгоби сэндс”-ийн лоббид орж төсвийн төслийг хэсэгчлэн эргүүлэн татсан байж магадгүй нь. Харин төмрийн хүдэрт Экспортын гаалийн албан татвар ногдуулснаар 34.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байсан юм. Тэгэхээр 6.4 сая тонн төмрийн хүдрээсээ уг татварыг авахгүйгээр зөөлгөх болж байх шиг байна.
Засгийн газар компаниудын лоббид автаж, 305.1 тэрбум төгрөгийн орлогоос татгалзлаа гэж хардаад байгаагийн шалтгаан энэ. УИХ-д өргөн барьсан 2012 оны төсвийн төсөл 740.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Алдагдлаа санхүүжүүлж чадахгүй байгаа төсвийн орлогыг дахиад 305.1 тэрбумаар танах нь өөр хэнд ашигтай гэж. Лав Засгийн газарт, Монгол Улсад ашиггүй. Бүх өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тус бүр нэг сая төгрөг бэлнээр олгох хэмжээний мөнгөнөөс татгалзаж байгаа нь хэдхэн компанид л ашигтай байх.
Өдрийн шуудан: Ч.Гангэрэл
URL: