Жолооч нь хулгай, зорчигч нь “луйвар” хийдэг мөнгөний хайрцгийг хураах нь зөв үү

149026657758d3a9d19713bТехник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд нийслэлчүүд бидний өдөр тутам хэрэглэгддэг бүх л зүйлс улам “ухаалагжиж”, хэрэглэхэд хялбар болсоор байгаа. Энэ дэвшил нийтийн тээврийн үйлчилгээнд ч нэвтэрч, уур уцаартай кондукторууд үгүй болж, иргэд ухаалаг цахим картыг сонгох болсон.  Нэг талаар энэ нь дэлхийн бусад хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар нийтийн тээвэр алдагдалтай ажиллах нэг үндэс болжээ.

Тодруулбал, Нийтийн тээвэр картын системд шилжсэнээр жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийх тохиолдол ихээр гарах болсон байна. Нэгэн үе хэзээ ч дасахгүй мэт санагдаж байсан нийтийн тээврийн салбарын шинэчлэлд иргэд аль хэдийнэ дасч, урд хаалгаараа ороод карт уншуулах машинд цүнхээ ганц удаа дараад, харин буухдаа хойд хаалганы хажууд байрлах машинд дахиж нэг дараад бууж хэвшчээ.

Урьдын цагт ааштай, омогтойгоороо алдартай кондукторт чичлүүлж, чимхүүлж, өшиглүүлж, хараалган байж бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан иргэдийн хувьд энэ хэрэглээ үнэхээр нүдээ олсон, оновчтой соёлтой шийдэл болсон нь илхэн харагдана. Гэхдээ картаар биш бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчид цөөнгүй байгаа нь энэ шинэчлэлийн хамгийн том асуудал байлаа. Тодруулбал, бэлэн мөнгөөр зорчиж буй иргэдийн ихэнх нь н 100-тын дэвсгэртээр буюу задгай, дутуу мөнгөөр үйлчлүүлдэг байна.

Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн алдагдалтай ажиллаж буйн шалтгаан болжээ. Тодруулбал, нийтийн тээвэр цахим системд шилжсэнээсээ хойш олох ёстой орлогынхоо 23 хувийг алдаж байгаа гэсэн тооцоо байдаг юм байна.

 Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн автобусны бэлэн мөнгөний хайрцагийг буулгаж, зөвхөн картаар үйлчилдэг болж байгаа юм байна. Энэ нь нийтийн тээвэр алдагдалгүй ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээний соёл чанарыг сайжруулах гэх мэт маш олон давуу талтай гэнэ.

Тус шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч байгаа бөгөөд зарим нь хамгийн зөв шийдэл гэж хүлээж авч байгаа бол зарим нэг нь хэт туйлширсан асуудал иргэдийн амьдралд дарамт болно гэж үзэж буйгаа цахим ертөнцөөр илэрхийлээд байгаа.

Тиймээс бид нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн байр суурийг сонслоо.

БЗД-ийн иргэн А.Аюур: Автобусанд карт уншуулж явах нь хамгийн зөв

-Автобусанд карт уншуулж явах нь хамгийн зөв. Картаа нэг л удаа мөнгөөр авч байгаа шүү дээ. Тэгээд цэнэглээд явахад амар байна. Манайхан аливаа нэг ажлыг дандаа эсэргүүцэж байх юм. Билет тасалдаг байхад автобус ямар их хэрүүлтэй явдаг байлаа одоо тийм хэрүүл байхгүй үйлчлүүлэгч нар стрессгүй явдаг болсон. Энэ бол том амжилт. Автобус болгонд хянагч гэсэн дэмий хүмүүс явах юм. Бүгд карт уншуулдаг болчихвол тйим хүмүүс ч байх шаардлагагүй болно.

БЗД-ийн иргэн С.Содном: Зорчигч заавал сонголттой байх ёстой

-Энэ бол төрийн менежмент чадваргүйг харуулж байгаа нэг үзүүлэлт. Зорчигч заавал сонголттой байх ёстой ба цахим төлбөрийг 100 хувь хэрэгжүүлэх эрмэлзлэл байгаа бол эхлээд зорилтот үйлчлүүлэгчдийн эрх ашиг, сонирхолыг нь татаж бүрдүүлэсэн байх хэрэгтэй. Бэлэн бус төлбөр төлснөөр зорчигчидод ямар давуу тал, хөнгөлөлт эдлүүлж болохыг эхлээд итгүүлэх ёстой, түүний дараа 100 хувь шилжиж болно.

СХД-ийн иргэн А.Гандулам: Бүх хүнд картаа үнэгүй тараах хэрэгтэй

-Бух хүмүүст тэгш л үйлчлэх естой. Картыг “үнэгүй” зорчдог тэтгэвэрийнхэн, оюутан, арын хаалгын хенгелттэй зорчигчдод тараасан шүү дээ. Гэтэл хөдөлмөр эрхлэгч нар бүх зүйлээр хохирч байгаа учраас карт авахгүй байгаа. Хэрэв бүх хүнийг картаар зорчих ёстой гэж байгаа бол эхлээд бүх хүнд картаа үнэгүй тараа, тэгвэл бүгд картаа ашиглана. Хоёрдугаарт карт цэнэглэх үйлчилгээ бүх автобусны буудал дээр байх ёстой. Ихэнх автобусны буудал дээр байдаггүй. Мянга картаар зорчих ёстой гээд карт нь мөнгөгүй, ойр хавьд нь карт цэнэглэж өгөх газар байхгүй бол тэр хүн яах вэ, Мөнгөөр зорчих боломжгүй. Карт цэнэглэх газар хайж алхах уу. Хэтэрхий амар агаарын юм ярих юм.

Т.Гэрэл

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих