Хар алтаа нэрэх “үлгэр” амиллаа

shutterstock_93616423-pic905-895x505-48203Шинээр гарч ирсэн Засгийн газар болгон газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж амладаг. Тэр жишгийн дагуу Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллах бололтой. Мэргэжлийн тодотголтой МАН-ын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компанийг энэ долоо хоногт шинээр байгуулахаар тогтсон. Компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар батлах аж. Боловсруулах үйлдвэр барихад төрийн өмчит компани шаардлагатай гэж Засгийн газар үзсэн нь урьд өмнө байгаагүй шинэ үзэгдэл болж байна.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн таван жилд 66 хувиар өссөн. Тодруулбал, жилд 1.1 сая тонн газрын тос олборлох хэрнээ гаднаас нэг тэрбум орчим ам.долларын шатахуун импортолж сууна. Жил болгон дотоодын импортын 4-5 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний валютыг зөвхөн шатахууны төлбөрт төлж байгаа нь энэ. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чанга байгаа энэ үед хилээр доллар давуулна гэдэг хайран. Хэрэв боловсруулах үйлдвэр байршил дагаж гажаагүй бол хоёр жилийн өмнө ашиглалтад орох байлаа. Гэвч үүнээс хойш хоёр жил өнгөрөөд байхад нефть нэрэх үйлдвэр цаасан дээр хэвээр.

Энэ хугацаанд бид нийт 2.2 орчим тэрбум ам.долларыг эдийн засгаасаа гаргасан байна. Боловсруулах үйлдвэрийн байршил, техник, эдийн засгийн үнэлгээ хийж эхэлсэн сүүлийн таван жилд бид нийт тав орчим тэрбум ам.долларыг гадагш урсгажээ. Боловсруулах үйлдвэр нь чухамдаа боломжгүй зүйл биш юм. Манай нийт импортын 20 гаруй хувийг нефтийн бүтээгдэхүүн дангаар эзэлж байна. Түүхий эдийн хангалттай нөөцтэй мөртлөө газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа нь ичгэвтэр хийгээд эмгэнэлтэй. Боловсруулах үйлдвэрийн түүхий эд нь бэлэн, зах зээл нь тодорхой байхад цаг алдсаар. Тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан нийт автомашины тоо өнгөрсөн таван жилд 53 хувиар нэмэгдсэн. Эндээс шатахууны хэрэглээ хэрхэн өсөж байгааг харж болох юм.

Газрын тос нэрэх үйлдвэр үе үеийн Засгийн газарт “гэрийн даалгавар” болж ирсэн. Сонгууль болгоны санал авах “хөзөр”-ийн нэг нь дотооддоо шатахуунаа үйлдвэрлэж, хэрэгцээгээ өөрсдөө хангах тухай яриа байсан. Хөдөлж өгдөггүй төслүүдийн тоонд өнөө Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл багтана. Үйлдвэрийн байршил Засгийн газар солигдох бүрт зүг чигээ өөрчилж байгаа. Байршил шилжих болгонд үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинээр хийх болдог. Энэ тоолонд хөрөнгө оруулалтын зардалд “засвар” орж, тендерийг дахин шинээр зарлаж байсан. Тэр болгонд зардал гарч, цаг хугацаа алдсан нь үнэн. Тэгвэл хамгийн сүүлчийнх нь байгаасай гэж найдах үйлдвэрийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоолол тодорчээ.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Төв аймагт нефть нэрэх үйлдвэрийн шав тавих зураглалыг Засгийн газар гаргаж байлаа. Гэвч туг хатгасан үйлдвэрийн байршил Дархан-Уулаас Дорноговьд шилжсэн. Үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт шав тавих юм. Манай улсын хувьд үйлдвэрийн түүхий эдээ дотоодоосоо нийлүүлэх боломж хэдийнэ бүрдсэн. Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаснаас үзэхэд, газрын тосны олборлолт, экспорт, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого жил тутам өсөж байна. Энэ нь өөрсдийн хэрэглээг 100 хувь хангах үйлдвэр барихад түүхий эдийн хомсдол бидэнд нүүрлэхгүй гэсэн үг. Түлш, шатахууны импортын 93 хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ болон БНСУ зэрэг улсаас импортолж байна. Монгол Улсад дунджаар нэг авто тээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт зургаан литрээр өсдөг гэсэн тооцоо гарчээ. Эдийн засаг сэргэж, хүмүүсийн амьжиргаа цаашид дээшлэх хэрээр шатахууны хэрэгцээ үүсэх нь гарцаагүй юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум ам.доллар байх тооцоо гарсан. Үйлдвэр жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийх бөгөөд цэвэр ашиг нь 160 сая ам.доллар байх нь. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 8-10 жил байх бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.2 тэрбум ам.доллараар буурч, энэ хэмжээгээр гадаад худалдаа ашигтай гарах юм.

Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр евро 4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад дагалдах химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Ингэснээр улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150 сая ам.доллар төвлөрөх аж. Зөвхөн төсөвт орлого бүрдээд зогсохгүй Монголын өрх болгон үр шимийг нь хүртэх тооцоо ч гарчээ. Үйлдвэр 600 орчим шууд ажлын байр бий болгох нь. Дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий тосны үнэ 40-60 ам.доллар байх үед үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний үнэ 866-1244 төгрөг байхаар төсөөлөл гаргажээ.

Үйлдвэрийг дагаж нийт 30 төрлийн будаг, автомашины дугуй, резинен эдлэл, хуванцар, хими цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн үйлдвэр хөгжих юм. Олон улсад газрын тосны боловсруулах үйлдвэрт өргөн ашиглаж байгаа таван төрлийн технологиос түүхий тосны шинж чанарт аль тохирсныг нь сонгохоор төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хөрөнгөөр дээрх үйлдвэрийг барих төслийг хэрэгжүүлэх юм.

Б.Баяртогтох |ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих