ЭХЭМҮТ-ийнхэн нас барсан хүүхдийг эцэг эхэд нь сольж өгсөн хэрэг гарчээ
ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг уржигдар гарчээ. Хүүхдээ солигдсоныг мэдээгүй нэг талын эцэг эх нярайгаа оршуулсан бол нөгөө нь солигдсоныг нь мэдээд асуудал үүсгэжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдий дутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон харамсалтай явдал болжээ. Ар гэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар хоёр хоногийн өглөө ЭХЭМҮТ-т очиход сувилагч бүсгүй “Нярай цогцсыг солиод өгчихжээ” гэсэн мэдээг дуулгажээ.
Ар гэрийнхэн нь хүний ёсоор хүүгийн цогцсыг оршуулах гэсэн юм байна. Гэвч албан ажилдаа хариуцлагагүй хандаж бичиг кодтой нярайн цогцсыг солиод явуулсан эмнэлгийн зүгээс “Бид шарилыг олж авчраад оршуулчихъя” гэжээ. Ар гэрийнхэн нь эсэргүүцсэн байна. Харин нөгөө хүүхдээ солисон айлтай холбогдоход “Цаг нартай гаргаад оршуулчихсан” гэж хэлжээ. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхнээс уучлалт гуйж “Манайд ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Манай хүмүүсийн хариуцлагагүй байдлаас боллоо. Шат шатандаа арга хэмжээ авч асуудлыг шийдээд хариу өгнө” гэсэн. Хүүхэд амьсгалтай төрсөн ч хүн болж чадаагүйд бид хэл ам хийгээгүй. Мэдээж тангараг өргөсөн эмч нар бүх боломжоороо ажилласан биз гэж бодсон. Гэтэл хүн ёсоор нь оршуулчихъя гээд очтол ийм байдал үүссэн. Үнэхээр харамсч байна. Мэдээж бид энэ асуудлыг ингээд орхихгүй” гэжээ.
О.Сайхан
URL: