Өргөмжит консулын газрыг нээв
Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолын арга хэмжээ 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монреал хотноо зохион байгуулагдав.
Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреаль хот дахь зарим орны ерөнхий болон өргөмжит консулууд, Кебекийн засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Ёслолын үеэр Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан, Өргөмжит консул Поль Лемей нар үг хэлж, Элчин сайд Р.Алтангэрэл Өргөмжит консул Поль Лемейд Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, Монгол Улсын төрийн далбаа, өргөмжит консулын тамга, Канадын Гадаад хэргийн яамнаас олгосон зөвшөөрлийн үнэмлэх зэргийг ёслол төгөлдөр гардуулав.
Элчин сайд Р.Алтангэрэл хэлсэн үгэндээ шинээр томилогдсон Өргөмжит консулын үндсэн үүрэг нь Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал хэмээн онцолж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг тэмдэглэн, түүнд ажлын амжилт хүсэв.
Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул нар худалдаа, эдийн засаг, соёл урлагийн нөлөө бүхий муж Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар ийнхүү нээгдэж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ГХЯ
URL: