Гадаадын 83 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өнгөрсөн аравдугаар сард 31 орны 333 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн дээрх хүмүүст 54.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон зэрэг үндэслэлээр нийт найман орны 83 иргэнийг албадан гаргажээ.

Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан 135 аж ахуйн нэгж, байгууллагад 160.6 сая шахам төгрөгийн торгууль тавьсан аж. Ингэснээр тус байгууллага улсын төсөвт өнгөрсөн сард нийтдээ 215 сая 426 мянган төгрөг төвлөрүүлжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга, тоосго, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгж, байгууллагын 131 иргэний бичиг баримтыг шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлг үй хөд өлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон БНХАУ-ын долоон иргэнд хуулийн дагуу зохих арга хэмжээг авлаа гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас өчигдөр мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих