ТЭЦ-2 бохир усаа хөрсөнд шингээж байна

usХот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд “саарал ус” гэж ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг хэлнэ гэж заажээ. Харин олон улсад иргэн болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг саарал ус гэж тодорхойлдог юм байна.

Манай улсын хувьд үйлдвэрлэлээс гарч байгаа бохир усыг “саарал ус” гэсэн нэр томьёонд оруулаагүй учраас гарч байгаа хаягдал усыг цэвэршүүлэх асуудал бүрхэг байдаг байна.

Энэ талаар Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат ийн ярьж байна “Улаанбаатар хотын хэмжээнд дулааны цахилгаан станцууд жилдээ 23 сая орчим метр куб усыг ашигладаг. Дулааны 3,4-р станцууд хаягдал усаа эргүүлэн цэвэршүүлж ашигладаг.

Гэтэл Дулааны хоёрдугаар цахилгаан станц өдийг хүртэл хаягдал усаа эргүүлэн ашиглахгүйгээр шууд байгальд нийлүүлж байна. Жилдээ энэ станц 2 сая метр куб усыг шууд хөрсөнд нэвчүүлэн зайлуулж байгаа. Энэ ус хөрсөнд нэвчсэнээр Улаанбаатар хотын иргэдийн ундны усны чанарт яаж нөлөөлж байна вэ гэдэг асуудал яригдах ёстой” гэлээ.

Түүнчлэн Туул голын сав газрын хэмжээнд өнөөдрийн байдлаар 484 ашигт малтмалын лиценз байна. Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэнхангай сум, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд элс хайрганы карьерууд маш ихээр ажилладаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд элс хайрганы карьерууд Туул голын уснаас шууд болон шууд бусаар маш ихээр ашигладаг болсон талаар С.Сүхбат “Энэ бол мэдээж Туул голын усны нөөц, чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Уул уурхай болон барилгын материалын үйлдвэрлэл ашиглаж байгаа компаниудад хаягдал усыг эргүүлэн ашиглах технологийг 2015 оноос эхлүүлэн явж байгаа.

Одоогийн байдлаар 5-6 хайрганы компаниуд дээр энэ технологи нэвтэрсэн байгаа. Ингэснээр Туул голыг шууд бохирдуулдаг байдал бага хэмжээгээр өөрчлөгдөж байна” гэлээ. Цаашдаа ашиглагчийн хөрөнгөөр орхигдсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийлгэхээр төлөвлөөд байгаа юм байна.

gereg.mn


URL:

Нэр: МОНГОЛЧУУД Огноо: 21 March 2017

ТЭЦ-2-хон үнсээ шууд хангай дэлхийдээ өргөж байгааг ММХЕГ-хаан нэг очиж үзээчээ. МХЕГ -хан Дэлгүүрийн лангуу, баар ,ресторанууд биш үйлдвэр аж ахуйн газруудаар яваач.

Сэтгэгдэл бичих