БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН БАГШ НАРТ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

olloo_mn_1490065736_BatsurenМонгол улсын боксын шигшээ багийн тамирчин 2017 оны улсын аварга, олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Э.Цэндбаатар гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө биедээ хүнд гэмтэл аван, ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Одоогоор түүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ГССҮТ-ийн Гавал, тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин боксчидтой зодолдсон гэх залуусыг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Монголын боксын холбооныхон уг хэрэг явдалтай холбогдуулан ням гарагт шуурхай, хуралдаж зарим шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал тухайн өдөр Э.Цэндбаатарын хамт бэлтгэлийн баазаас нууцаар гарч явсан шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Хандгайт дахь цугларалтаас буулгасан бөгөөд хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос  гаргажээ.Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байгаа юм.

Тэгвэл баттай эх сурвалжийн хэлж буйгаар  хэрэг гардаг гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хандгайт дахь бэлтгэлийн баазад багш нар нь цэргийн баяр тэмдэглэж,  архи уусан байна. Улмаар хараа хяналт суларсан байдлыг дээрх тамирчид ашиглаж, нууцаар гарч явсан аж. Иймд тамирчдаа хянаж, чадаагүй хариуцлага алдсан багш нарыг ч мөн  давхар шийтгэх ёстой хэмээн үзэх хүн олон байна. Хэдийгээр багш нар архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй хэмээн эрс эсэргүүцэж байгаа ч  олон улсын томоохон тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарсан үедээ тамирчдаа сахилга баттай байлгаж чадалгүй ийм хэрэг явдал гаргахад хүргэсэн  Д.Батсүрэн тэргүүтэй багш нар хариуцлагын гадна үлдэх учиргүй юм.

Б.Сансар
olloo.m

URL:

Сэтгэгдэл бичих