ХОГ түүгчдийн академи /фельетон/
1Бидний хэдэн нөхөд эв санаагаа нэгтгэн энэхүү Академийг байгуулж байгаа билээ. Манай гишүүд бүгд мэргэжлээрээ дагнан ажилладаг бөгөөд хогны тухай академийн гишүүдээс илүү мэддэг хүн Монголд л лав байхгүй гэдгийг саяхан хуралдсан хурал бүрэн төгс баталлаа.
Академи байгуулах санал хураалтад хог түүгчдийн 49 хувь түдгэлзсэн нь “Академи гэдэг нь, ийм их мэдлэг, арвин туршлагатай хүмүүст арай жолдож байна. Академиас дээгүүр гарах байгууллага байх ёстой” гэж эсэргүүцэж байснаас болсон юм. Гэвч сонгуулийн хуулийн дагуу шийдвэр гарлаа. Хууль бол үнэний дээдийн дээд алтан оргил мөн гэж манай хог түүгчдийн академийн гишүүн, философич Халиунаагийн хэлсэн ишлэлийг бид гол чиг шугамаа болголоо. Академийн гишүүд хамгийн дээд тал нь 15 жил ажилласан, мэргэжил дадлага сайтай, ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс байгаа нь манай үйл ажиллагаа цаашид улам далайцтай, эрч хүчтэй явагдах төлөвтэйг илтгэж байна.
Нийт хүмүүст анхааруулж хэлэх зүйл ч байна. Хүмүүс xoгoo хаяхдаа ангилж баймаар байна. Яс лааз, бас бус идэх юмыг болж өгвөл юманд боож хаяж байхгүй бол, манай академийн гишүүдээс түрүүлээд нохой шүүрээд явчихдагийг хүмүүс мэдэхгүй байж магад. Мөлжүүртэй ясыг шороонд хутгаад хаячихдаг учраас манай хүмүүс шороог нь цэвэрлэх гэж хамаг сайхан алтан цагаа үрж байна.
Зарим айлууд хуванцар сав гялгар уут тэр бүү хэл өөх тосны зүйлийг галдаа хийн шатааж байгааг болиулах хэрэгтэй байна. Учир нь тэдний шатаасан зүйлээс гарсан хорт утаа хотыг бүхэлд нь бүрхэж, хүн амын эрүүл мэндэд хор учруулахаас гадна улсын эдийн засагт нөлөөлж инфляцийн түвшинг ч савлуулж байгааг манай Академийн статистикч Хэмжүүрмаа тодорхойлсон байна. Хамгийн гол нь манай ажилчдын сопрано хоолойд нөлөөлж, улмаар ажлын байргүй болгох гэсэн далд санаатай айлууд тийм үйлдэл хийж байж болох талтайг манай хүний нөөцийн мэргэжилтэн Хар сарнай олж тогтоосон байна.
Нэг талаар бид Тохижилт үйлчилгээний компанийн ажлын 70 хувийг дангаараа хариуцаж байна. Бид хогийг түүгээгүй бол хэдэн хүн, хэдэн өдөр ажиллаж, хэдэн литр бензин түлш хэрэглэж улсад хэдэн төгрөгийн алдагдал учрах байсныг тооцох ёстой. Тэр их зардал хэмнэсний төлөө шагнаж сайшаахын оронд сонин хэвлэл, радио телевизээр үнэн бодит байдлыг гуйвуулж, манай гишүүдийн нэр төрд халдсан нийтлэл нэвтрүүлэг байнга явж байна. Сайн юманд садаа мундахгүй гээд бид тэвчсээр ирсэн билээ. Сүүлдээ гүжирдлэг улам хэтэрч биднийг хог таригч, нян тараагч, халдварт өвчний галт тэрэг мэтээр бичих болсон нь бидний нэр төрийг унагах гэж санаатайгаар зохион байгуулсан хэн нэгний явуургүй үйл ажиллагаа юм гэдгийг манай мэргэн ард түмэн ойлгож байгаа гэдэгт гүнээ найдаж байна. Мөн манай хог түүгчид хогоо булаацалдаж хоорондоо зодолдсон гэж цагдаа нар саатуулж бидний эрх чөлөөнд халдаж байгааг эсэргүүцсэн нот бичгийг хүний эрхийн хороонд илгээлээ. Хогоо булаацалдаж зодолдоно гэдэг нь тэд ажилдаа ямар их үнэнч байгааг харуулахаас гадна манай салбар өрсөлдөөний том талбар болсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл бидний алсын ирээдүй харагдаж байна л гэсэн үг. Үүнийг хуучин социализмын үеийн боловсролтой цагдаа нар ойлгохгүй байна.
Ер нь нарийн ярих юм бол бид хортой хүнд нөхцөлд ажиллаж байгаа учир 35 нас хүрээд л тэтгэврээ тогтоолгомоор байна. Мэдээж хэрэг хамгийн өндөр зэрэглэлийн тэтгэвэртэй байхыг ухаантай хүн бүхэн дэмжинэ.
Манай Академи цаашид үйл ажиллагаагаа өргөтгөж олон улстай харилцах хэтийн төлөвийг ч бид бас хэлэлцэж амжлаа. Манай гишүүдийн дунд гадаад орнуудаар айлчлан судалгаа хийж доктор, профессорын зэрэг хамгаалах оюуны потенциал бүхий хэд хэдэн хүн байна. Тэд болж өгвөл өндөр хөгжилтэй оронд очиж өөрийн улаан гараараа хогийг нь ухаж, манай орны нөхцөл байдалтай уялдуулан судалгаа хийх юм. Одоо манай хог түүгчид цахим системд холбогдчих юм бол маш сайн байна. Наад зах нь гэхэд хэнийх хогоо хаяж байна. Тэр бүү хэл ямар хог хаяж байна гэдгийг хүртэл нарийн харж чадах юм бол бидний ажил хөнгөрөхөөс гадна бүх нийтийг компьютержүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжихэд түлхэцтэй алхам болно.
15 жил хог түүгчээр ажилласан Доржийн хөдөлмөр алдрыг тэмдэглэх нь зүйтэй гэж манай гишүүд санал нэгтэй үзэж байна. Дорж нь 1990-ээд оноос хойш ажиллахдаа Улаанбаатарын бүх хогийн бункер тэр бүү хэл Цагаан даваа, Хамбын овоо, Улаан чулуут зэрэг томоохон хогийн цэгт тасралтгүй хөдөлмөрлөж, олон сайхан шавь төрүүлсэн ач буянтай нэгэн. Тэрээр 88,8 тонн шил, 66,6 тонн Лааз, 33,3 тонн хуванцар сав тушааж улсад олон алтан гулдмайтай тэнцэхүйц ашиг оруулсан учир Төрийн шагнал хүртээх нь зүйтэй гэж үзээд Академийн гишүүдийн 99 хувийн саналаар нэрийг нь дэвшүүлэв. Мөн Доржтой хамтран амьдрагч Долгор нь эрчүүдээс дутахааргүй хөдөлмөрлөж хог түүхийн хажуугаар 10 орчим хүний 16 хүүхэд төрүүлснээс хоёрыг нь амжилттай бойжуулж өдгөө өөрсдийн мэргэжлийг өвлүүлэхээр дагалдуулан сургаж буйг бид хүндэтгэн, энэ их энгүй гавъяатай хүн тохирох цолоо авах ёстой гэж Монгол улсын гавъяат цолонд нэрийг нь дэвшүүллээ.
Академид элсэхийг хүсэгчдэд манай хаалга нээлттэй! Ямар ч хогноос цэрвэдэггүй, хогийг маш богино хугацаанд онгичдог байх, эмэгтэйчүүд ямар ч үед эрчүүдийн хүсэлтийг биелүүлдэг нинжин сэтгэлтэй байх гэсэн хоёрхон дүрэмтэй. Элсэгтүн!
Д.Жаргалсайхан
URL: