Төр бүсээ чангалж, хямралыг давна

193591-30092016-1475209870-2056137773-erdenebat1jЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчдын төлөөлөгчидтэй уулзаж, танхимынхаа өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг товч танилцуулав. Тэрбээр төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдсэн нэг төсөвтэй болсныг онцоллоо. Өнгөрсөн хугацаанд таван өөр төсөвтэй байсан юм. Үүний хор уршгаар төсвийн сахилга бат алдагдсан тод жишээ бий. Тодруулбал, 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд автозам тавьжээ. Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан бол үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй долоон км замыг Архангай аймагт гурав дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан аж. Мөн Увс аймагт найман тэрбум төгрөгийн өртөг бүхий автозамыг төр, засгийн ямарч шийдвэргүй, гэрээ хэлцэлгүй барьсан байна.

Тэгвэл Засгийн газраас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжуүлж эхэлсэн байна. Үр дүн ч гарчээ. Тодруулбал, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш дөрвөн жилийн турш тасалдсан төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр давсан байна. Мөн алдагдалтай байсан гадаад худалдаа 1.6 тэрбум ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн дөрвөн жилд анх удаа өсөлттэй гарчээ.

Мөн багтаад БНХАУ-ын “Чалко” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг энэ сард бүрэн барагдуулж дуусгана гэдгийг тэрбээр тодотгов. Ингэснээр Тавантолгойн ордын Зүүн цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсын мэдэлд эргэн ирж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Зүүн цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсын төсөвт орно гэсэн үг. Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан юм. Гэвч Засгийн газраас Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулах шийдвэр гаргасан. Үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлуулж эхэлсэн.

Үүнээс гадна хугацаа төлсөн бондын эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн гэдгийг онцоллоо. Энэ талаар тэрбээр “Энэ оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өрийг Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларын өрийг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа” тэлээ,

Уулзалтын төгсгөлд тэрбээр төрийн албан хаагчдад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзаж, хэмнэлтийн горимд ажиллах ёстойг сануулав. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа сэргээх, эргэлхийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажилд, төр өөрөө бүсээ чангалах, төрийн албаныхан та бид хэмнэх, төрийн тансаглалыг зогсоох оролцоо чухал гэдгийг онцолсон юм.

Хэмнэлтийн хүрээнд төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорчих ёстой гэлээ. Татвар төлөгчдийн хөрөнгөөр, ердийн тийзнээс 2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг өнөөдрөөс тасалбар болгох үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгав.

Ард түмнээ хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцахыг уриалав

Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа  өгөх ёстойг анхааруулсан юм. Засгийн газар байгуулагдсан даруйдаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан билээ. Тодруулбал, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30, 10-30 сая төгрөг бол 50,30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулсан юм.

Тэрбээр “Ард түмэн маань тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг хүсэж байна. Энэ хүсэл, хүлээлтийнх нь төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж улстөрчид бид саналыг нь авсан. Төрийн албаныхан та бүхэн тангараг өргөсөн гэдгээ ухамсарлаж, сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг та бүхнээс хүсье” гэв.

Дашрамд дурдахад, тэрбээр ард түмнээ бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж, дадахыг уриалсан юм.

[згм]


URL:

Сэтгэгдэл бичих