“100 АЙЛ”, “ДА ХҮРЭЭ”-Г НҮҮЛГЭНЭ ГЭСЭН ЯАСАН БЭ

gerghj7678k789Улаанбаатар ирээдүйгүй хот болсон гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Агаар, хөрсний бохирдлоос эхлээд тулгамдсан маш олон асуудал энэ хотод байгаа. Төр, засаг шийдвэр гаргаж, асуудлыг зохицуулах ёстой хүмүүс сүүлийн жилүүдэд зөвхөн утаа л гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч зөвхөн утаанаас гадна хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Агаарын бохирдол ч гэсэн зөвхөн утаа гэлтгүй элдэв тоосжилт, шохойжилтыг ч ярих цаг болсон.

Манайхан хөрсний бохирдол гэхээр л гэр хорооллын нүхэн жорлонг л яриад байдаг. Яах аргагүй нэг том асуудал мөн л дөө. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр хотын төвд, иргэдийн дунд байгаа барилгын материалын болоод автомашины зах, олон засварын газрыг мартаад байна. Тиймээс агаар, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа “100 айл”- ын барилгын материалын зах, “Да хүрээ” автомашины захаа нүүлгэнэ гэсэндээ л нүүлгээч дээ.

Улаанбаатар хот хөгжиж байгаа юу гэвэл тийм. Түүнийхээ хэрээр гэр хороолол байсан “Ногоон нуур”, “100 айл” орчнм орон сууцны хороолол болчихлоо. Тэр хэрээрээ агаарын бохирдол, утаа нь ч эрх биш багасч байгаа. Гэвч “100 айл” гэж 1990-ээд оны Эрээн шиг үнэр танар, шавар шавхай болсон аймшгийн газар байсаар л байна. Элдэв барилгын материал, шохой бужигнаад л. Нүүлгэнэ гэж олон жил ярьсан, хэвээрээ л.

Өөр нэг гаргах ёстой зах бол “Да хүрээ”. Уг нь хотын баруун захад төв байгуулчихаад байгаа. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй. Хуучин хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа ерөнхийд нь шийдчихсэн ажил шүү дээ. Одоо С.Батболд дарга жаахан хичээгээд, хотоос гаргачихмаар байна. Ер нь бол энд тэнд байсан машин тэрэг зардаг зогсоолууд байхгүй болсон. Одоо “Да хүрээ”-г л нүүлгэ. Тэнд зөвхөн машин зардаг юм биш. Албаны хүний мэдээлснээр бол “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг аж. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ.

Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал

Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг. Ерөөс сүүлийн үед хүүхдүүдийн цуснаас хар тугалга маш ихээр илэрч байгаа. Цаашлаад томчуудын биенээс ч гэсэн маш их илэрсэн. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга бүр илүүтэй илэрч байгаа албан бус судалгаа ч байгаа юм. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар тугалга хүний биед ямар аюултай. Яагаад хүүхдүүдийн биеэс хар тугалга илрээд байгаа талаар хангалттай мэдээлж, бичиж, сурвалжилж байгаа. Тийм болохоор энд нуршаад яахав. Хамгийн гол нь иргэдээ эрүүл байлгах, Улаанбаатар орчныхоо бохирдлоос гарахын төлөө дорвитой алхам хийх шаардлагатай байна. Тиймдээ ч захуудыг, тэр дундаа “Да хүрээг” юуны өмнө шилжүүлэх хэрэгтэй дээ. 200 гаруйхан ченжээс болоод Баянзүрх дүүргийн, цаашлаад нийслэлийн иргэд хордож, хохирч байх ёстой юм уу. Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал.  “Да хүрээ” захын зай талбайг цөөн хэдэн хүн л түрээслүүлж, ашиг олж байгаа шүү дээ.

Хэрвээ машины захыг нүүлгэчих юм бол түрээслүүлэгчдийн орлого байхгүй болж, эрх ашиг нь зөрчигдөх гээд байгаа болохоор үхэн хатан эсэргүүцээд, зүтгээд байгаа нь тодорхой. Тэгээд л өнөөдрийг хүртэл янз бүрийн пи ар хийж, өөрсөддөө ашигтай тайлбар тавьж, гүрийсээр. Нэлээд том, эрх мэдэлтэй, чадалтай хүмүүс байдаг бололтой юм. Ийм асуудал дээр л жинхэнэ төрийн төмөр нүүр гарах хэрэгтэй байлгүй. Э.Бат-Үүл даргын үед хотын баруун захад авто худалдааны төвийн суурийг тавьж эхлүүлэсэн тэгвэл одоо С.Батболд дарга нэг бяраа гаргаад, “Да хүрээ”-г хотоос гаргачихвал яасан юм бэ. Олны эрх ашиг, ирээдүйн хойчийнхоо төлөө намчирхах хэрэггүй байх.

Уг нь хамгийн зөв зүйтэй ажлыг бол тэр, энэ нам гэлтгүй хийчих хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга намчирхалгүй Улаанбаатар хотынхоо иргэдийг бодоод, эрүүл мэндэд нь санаа тавиад, энэ захаа нүүлгэчихээ ч гэж хэлэх гэсэн юм. Энд зөвхөн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөөд байгаа болохоос захуудыг нүүлгэчихвэл түгжрэл ямар хэмжээгээр буурах билээ. Ядаж л “100 айл” орчмоор түтжрээд байхгүй шүү дээ. “Да хүрээ” хавь руу ч гэсэн ялгаагүй. Тэгээд хэрвээ энэ зах нүүчихвэл тэр хавиар байгаа олон авто засварын газрын ихэнх нь дагана. Тэнд машин дагасан бизнес биш өөр арилжаа наймаа хөгжинө. Өөр ажлын байр нэмэгдэнэ.

Тиймээс хотын даргаас нэг л зоригтой, дорвитой шийдвэр гаргаад, ядаж л эхний ээлжинд “Да хүрээ”-г албадан нүүлгэчихээч гэж хүсье. Хотын баруун захад тохь тухтай орчин байхгүй гэж машины ченжүүд хэлээд байгаа. Ер нь бол хувиараа машин зарж байгаа хүмүүст улс тохьтой газрыг нь бүрдүүлж өгөх ёс байхгүй. Зүгээр л төр шийдвэрээ гаргалаа, гүйцээ л байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотоос тодорхой хэмжээнд орчин бүрдүүлээд өглөө, болоо юм биш үү. Аль болгон иргэдийн эрх ашиг гэж хэдхэн хүний төлөө нийт ард түмнийг хордуулж, өвчлүүлж байх юм бэ. Энэ хоёр асуудлыг л АН-ын гэж харахгүй байгаач.

 Монголын мэдээ
Н.Пунцагболд

URL:

Нэр: Зочин Огноо: 21 March 2017

Бат-Үүлийн мөнгө угаах нэг арга нь байсан шүү дээ. Буурал салга их мөнгө идсэн дээ. Дээр нь хүн егүүтгэж улсын баатар болсон….

Сэтгэгдэл бичих