ӨМНӨГОВИЙН БАГШ НАР ӨМӨЗО-НЫ БАЯННУУР ХОТЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААС ТУРШЛАГА СУДАЛЛАА
Ирэх 4 жилд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд салбар бүрт чиглэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аар батлуулан эхнээсээ бодит ажлууд хийгдэж байна. Түүний нэг бол өндөр хөгжилтэй гадаадын орнуудад хүмүүсийг сургаж, эргээд эх нутагтаа ажиллуулах явдал юм. Энэтхэг улсад 5 багшийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургахаар явуулсан бол энэ удаад сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарын төлөөллийг ӨМӨЗО-ны Баяннуур хотод туршлага судлах уулзалтыг хийсэн юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, БСУГ-ын дарга Г.Бат-эрдэнэ нараар ахлуулсан сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын төлөөлөл 3 сарын 15-17-ны өдрүүдэд Баяннуур хотноо ажиллаж, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа багш нарын арга зүйгээс туршлага судаллаа.
Сурах орчин материаллаг бааз сайтайн дээр гар доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүнээ хийдгээрээ өвөрмөц, сонирхол татахуйц байсныг тэд онцолж байна. Мөн үндэсний хэв шинж, уламжлал, монгол ухааныг хүүхдэд төлөвшүүлэхийн зэрэгцээ амжилттай суралцах хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлж чадсан зэрэг олон суралцах зүйл байсныг хэлж байлаа.
Цаашид Өмнөговь аймгийн багш нар туршлага судалж хүүхэд залууст мэдлэг чадвар олгож үр дүнгээ өгөх сургалтын арга зүйг хэрэгжүүлэх юм.
URL: