“Б.Дэлгэрсайхан гээд нэг нөхөр улсын төсөвт юу өгч байна вэ?”

olloo_mn_1474943601_Untitled-2-768x384“Дэлгэрсайхан гээд нэг нөхөр байж байна. Улсын төсөвт юу өгч байна тэр нөхөр. Тэр нөхөр төмрийн хүдрийг баагаад гаргачихаагүй юм байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө эдийн засаг хямарч байна гээд нэг зуун сая төгрөг барьчихаад хүн доромжилж байгаа юм шиг инээдэмтэй юм яриад явж байгаа харагдана лээ.” хэмээн Бу.Жагаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж байгаа харагдана лээ. Нээрээ л  ГТЕГ-аас 2015 оны “Шилдэг 100 татвар төлөгч”-ийн жагсаалтыг 2016 оны 5 дугаар сард танилцуулах үед лав л “Болд Төмөр Ерөө Гол” гэж компанийн  нэр байгаагүй л дээ.

Уг нь хөөрхий Б.Дэлгэрсайхан гишүүн 100 саяыг харамлалгүй өгчихье гэж бодсон л байх. Гэхдээ юмны учир начрыг уг үндсийг мэдэх хүмүүсийн тухайд бол Б.Дэлгэрсайхан нар шиг хүмүүст шүүмжлэлтэй ханддаг л даа. Монголын төмрийн хүдрийг хятад руу урсгаж, олон жил мөнгө хийж яваа Б.Дэлгэрсайхан шиг хүмүүсийг Бу.Жагаа эрхбиш гадарлаж буй болов уу.

Ямартай ч  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тухайд сонгуульд үзэхээсээ өмнө л оффшорын асуудлаараа нэлээд тодорч байсан. Гишүүн болсныхоо дараа  Хууль зүйн байнгын хорооны хурал дээр  “Монголд гаднын банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын хэдэн банкинд итгэх итгэл алга. Гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүн данс эзэмшиж болохгүй гэнэ. Тэгэхээр гэр бүлийн хүн нь бизнес хийж болохгүй юм уу. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар шийтгэж байна уу. Манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал.” хэмээн хэлж байсан билээ. Тэгэхээр өөрийнх нь бизнестэй илтэд харшлах асуудлын талаар ийн байр сууриа илэрхийлсэн гэсэн үг л дээ.

Түүнийг  “Дорнын говь”-ийн гэх тодотгол өнгөрсөн жилүүдэд дагаж ирсэн.  Бизнесийн хүрээнээс танигдсан түүний мэргэжил нь бол мөрдөн байцаагч бөгөөд ажлын намтраас нь өгүүлэхэд, 1987 – 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 – 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн бөгөөд 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан байдаг. Нийгмийн шилжилтэд бүгд олноороо лавхан гишгээд байсан үед Б.Дэлгэрсайхан ч замаа сонгосон нь бизнес байжээ.

Нэгэнтээ бизнест хөл тавьсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд хятадуудтай нэлээд өргөн дэлгэр хамтын ажиллагааг өргөжүүлжээ. Ямартаа л тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй юм билээ.

Түүнчлэн  “Болдтөмөр ерөө гол”  гэх компанийн ард   Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдгийг Сангийн яамны албан хуудас баталгаажуулж байсныг хэлэх хэрэгтэй. Түүний  “Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай явж ирсэн бөгөөд хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр үүргээ дажгүй биелүүлж байгаа хэрэг юм л даа. Тэрчлэн хууль журам зөрчсөн байж болзошгүй олон асуудалд холбогдож ирсэн. Тухайлбал,  “Дорнын говь” ХХК болоод “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан удаатай. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч, тэгсхийгээд намжсан.

Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүдээс үзэхэд Б.Дэлгэрсайханыг  Н.Энхбаярын ойрын хүн гэж мэдээлсэн нь олон байдаг. Гэхдээ тэр МАХН биш МАН-д харьяалагдаж, улстөрийн карьераа хөөсөн. Чухам хөшигний ард тэдний харилцаа ямар байдгийг шууд хэлэх аргагүй л дээ.

Ямарч байсан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн гэх баримт мэдээлэл нь  ч байдаг. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих