Б.Лхагважав: Хэдхэн сарын дараа сайд нь бүү хэл яам нь алга болчихдог төртэй харьцахад хэцүү…
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Манай улсад эдийн засгийн хямрал үргэлжилсээр л байна. Та бүхэн энэ үед юунд анхааран ажиллаж байна вэ?
-Бизнест амжилт гаргах нь компанийн хөгжлөөс гадна улс орны макро эдийн засаг, макро түвшний хөгжил нөлөөлдөг. Мөн макро түвшинд алдсан алдаа ч нийтэд нөлөөлдөг. Эдийн засгийн хямрал дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Дөрвөн жил дараалаад монголд бүртгэлтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа нь хүний нөөц талаасаа ч, техник технологи талаасаа ч тамираа барчихаад байна. Танхимын гол үүрэг бол энэ компаниудын үнэ цэнийг яаж алдуулахгүйгээр энэ зудыг өнгөрөөх вэ? Засгийн газартай, УИХ-тай, бусад талуудтай яаж хоршин ажиллаж бодол санаагаа нийлүүлж байж макро түвшингээ алдаагаа засаж авах вэ гэдэг л байна.
-Макро түвшний хамгийн том алдаа нь…?
-Мөнгөний урсгал. Бид нар улсаараа мөнгөгүй болчихоод байна. Бид байсан мөнгөө сүүлийн арваад жил уул уурхай гээд шороо, барилга гээд цемент болгочихсон. Энэ хоёр салбар руу чинь бүх мөнгө урсаж ороод нөгөө бий болгосон тавааруудаа зарж чадахаа байсан. Буцаагаад энэ таваарыг чинь мөнгө болгож байж мөнгөнөөс мөнгө үүсдэг байхгүй юу. Гэтэл бүтэн улсаараа мөнгөө ажил үйлчилгээ болгочихсон. Тэгээд том мөнгөө том таваар болгочихсон учраас дахиад тэрийг чинь мөнгөжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байгаа юм.
-Одоо тэгээд яах вэ?
-Жижиг түвшний үйлчилгээний салбарууд дээр мөнгийн олох бололцоо харьцангуй байгаа. Томууд нь том мөнгө сороод авчихсан учраас мөнгөгүй болсон. Бид мөнгөө олохын тулд дэлхийгээр нэг бадар бариад явж байна. Өмнө нь нэг том мөнгө авч ирж хувааж үзсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, мөнгө хэвлэж ч үзсэн. “Чингис”, “Самурай” бонд нэрээр гаднаас мөнгө авч ирж зах зээлийг шахаж үзсэн. Амжилт олоогүй. Асуудал юунд байна вэ гэхээр бид нарын мөнгийг шингээдэг юм нь дарга нар биш 145 мянган аж ахуйн нэгж чинь юм байна. МАА, газар тариалан бизнесийн орчин мөнгөө шингээхийн тулд яах вэ гээд хоёр жилийн өмнөөс танхим маань асуудал тавьж байсан. Компаниуддаа дахин санхүүгийн эрх чөлөө өгөөч ээ, зөөлөн бодлого бариач, эдийн засгийн ил тод байдлыг дэмждэг хууль 2015 онд батлагдсан. Дараа нь өршөөлийн хууль гарсан. Үүний үр дүнд жишээ нь 2016 оны хоёрдугаар сарын 20 гэхэд 33 мянган компани 34,2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ орлого ил гаргасан. Нэг ёсондоо 33 мянган компанийн санхүү татварын тайлан зөв болчихсон байгаа. Нэг тайлантай болсон. Одоо үүн дээр харин мөнгө оруулж ирэх юмбол шингэнэ. Нэг ёсондоо мөнгийг, хөрөнгө оруулалтыг, технологи, инноваци шингээдэг 33 мянган компанитай болчихлоо гэсэн үг. Тэгэхээр энэ шингээлт саваа бэлдчихсэн юм чинь одоо бидэнд сааль хэрэгтэй байна. 2016 онд бид зүгээр суугаагүй. Өршөөлийн хуулийн хоёр хэлбэр гарсан. Үүний дараа компаниуд орлого олж байвал татвараа төлж байя гэсэн хэлбэрт оруулья, татвараа төлж байгаа нь зах зээлээ эзэмшье. Ийшээ сайн дураараа очдоггүй. Систем механизм хэрэгтэй. Тиймээс бид нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг гаргаж ирсэн. 2017 оны хоёрдугаар сарын нэгэнд иргэн та ч гэсэн тодорхой хэмжээний урамшуулал авлаа. Энэ юу вэ гэвэл орлого олж байгаа цэг болгон дээр бүртгэл явагдана гэсэн үг. Эндээсээ буцаагаад орлого олж байвал татвар төлнө. Үр дүн нь эхнээсээ харагдаж байна. Жишээ нь 2016 оны төсвийн орлого бол 500 тэрбумаар давж биелсэн. Үүний гол гавьяа нь юу гэвэл бид нар орлого олдог сайн механизмийг иргэдээрээ дамжуулаад хийчихсэн. Өнөөдөр 2017 оны 1, 2 дугаар сарын татварын орлого давж биелсэн. Хоёрдугаар сарын дүн өчигдөр гарлаа, өмнөх жилээс 30 хувиар давжээ. Бид нар ямар ч байсан зөв системийг суурийг тавьжээ. Компаниуд маань зөв хэлбэртээ орчихсон юм байна. Нөгөө айж явдаг тайлан балансаа зөв болгочихож. Одоо энэ дээр технологи хөрөнгө оруулалт мөнгө хэрэгтэй.
-Татварын орлого биелээд байхад гаднаас мөнгө авах хэрэгцээ юунд байна вэ?
- 2016 оноос өмнө бид нийт зах зээлийнхээ 60 хувийг хар зах зээл болгочихсон татвар авч чаддаггүй байсан. Ер нь НӨАТ-ын системийн үр дүнгээр иргэн танаар дамжаад татвар төлдөг болсон. Одоо тэртэй тэргүй мөнгө дутагдаж байгаа энэ үед бондын өрөө татварын орлогоосоо шавхаад өгч болно. Гэтэл 400 сая долларыг нэг өдөр гаргаад шилжүүлчих юмбол улсаараа дахиад асуудал үүснэ. Төгрөгийн ханш унана. 2016 оны зургадугаар сарын 15, 17-нд ОХУ руу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг өмчилж авсан компанид 400 сая долларыг хоёрхон өдөр гаргасан. Төгрөгийн ханш шууд унасан. Яг үүнтэй адилхан энэ мөнгийг бондоор л хаахгүй бол шууд авсан мөнгөөрөө хийвэл дахиад л хүндрэл үүснэ. Тийм учраас мөнгөний ханштай холбоотой хийж байгаа арга хэмжээ юм.
-Олон улсын валютын сангийн талаар таны байр суурь?
-Олон улсын валютийн сан монголчууд том мөнгөнийхөө менежментийг хийж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон байх. Төв банк нь ч, засгийн газар нь ч, УИХ нь бүр дампууруулаад хаячихна. Тийм учраас гадныхан итгэхгүй байсан учраас сүүлийн хоёр жил бүр мөнгөгүй болчихлоо. Монголчуудын нийтийн санхүүгийн менежмент, түүний эрхзүйн орчин маш сул байна. Нэг ёсондоо татвар даатгалаар цуглуулсан нийтийн мөнгийг хуулиар захиран зарцуулах ёстой. Гэтэл үүнийг дарга нар зарцуулаад байна. Тийм учраас гадныхан сая яагаад мөнгөө өгөхгүй хойргошоод байна вэ гэвэл Монголд менежмент хийх механизм байхгүй учраас мөнгөө өгөөд элсэнд асгасан ус шиг юм болно гэж бодож байна.
-Хямрал хэзээ зогсох вэ?
- 2016 онд бол татварын орлого биеллээ. Хямралын үеэр нөөцөө ашиглаад, хөрөнгө оруулалтаа зогсоолгүй, бүтцэд өөрчлөлт оруулаад нэг ёсондоо менежментээ сайжруулаад технологидоо хөрөнгө оруулсан компаниудын орлого бол нэмэгдсэн байгаа. Тийм учраас татварын орлого биелэхэд нөлөөлж байгаа. Ерөнхийдөө саяын гурван зүйлийг хийж чадаагүй компаниуд маань суулттай байгаа. Асуудал бол энэ. Тийм учраас хямрал бол яг зудтай адилхан. Зуд болсны дараа өвс тэжээлээ бэлдсэн малчид тоо толгой бүрэн үлддэг бэлтгэлгүй нь бүгдийг нь тавиад туудаг. Зудны дараа зулагтай гэж нэг үг байдаг. Тийм учраас дараагийн өсөлтийн үе бол одоо эхэлнэ. Манай танхимын гол зорилго бол эдийн засаг буцаад өсөх үед байгаа бүх компаниудаа жигд өсөөсэй гэх хүсэл юм. Тиймээс бид санхүү татварын бүртгэлийг шинээр олгоод 2016 онд засаглалыг дэмжих жил гэж зарласан. 33 мянган компани засаглалаа сайжруулах хэрэгтэй. Ер гадныхан хөрөнгөө оруулахдаа засаг сайтай компанийг хайж явдаг байхгүй юу. Засаглал нь, өмч хөрөнгө нь тодорхой биш компаниудтай харьцах сонирхол үнэхээр байдаггүйг бид дөрвөн жилийн хугацаанд ойлгосон. Засаг сайжирна гэдэг чинь өөрийн өмч хөрөнгөө ил болгоод ТУЗ-өө байгуулаад доороо мэргэжлийн улсууд ажиллуулаад мэргэжлийн менежер санхүүч нартай мэргэжлийн болох ёстой байхгүй юу. Тэгэх юмбол зах зээл дээр үлдэнэ. Эдийн засаг 2001 оноос хойш 10 дахин өссөн. Тодорхой хэмжээний газрын хэвлий уул уурхайн баялаг гээд үүцүүдээ зах зээл рүү задалж эхэлсэн. Тэгэхээр үүн дээр тоглох компаниуд маань том байх ёстой. Доод тал нь 1000 хүнтэй компанид л 500 сая доллараа зээллүүлнэ шүү дээ. Хөрөнгө оруулагч гэдэг чинь мөнгөнөөсөө мөнгө ургуулах гэж яваа хүн болохоос биш тусламжийн байгууллага биш. Авч ирсэн мөнгөө монголын хэдэн компанид шууд тараагаад өгчихдөг тэнэг хөрөнгө оруулагч хаана ч байхгүй шүү дээ. Дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгө гэж одоо байхгүй болсон.
-Уул уурхайн баялагийг бол лицензээр л авчихаж байгаа. Тэгээд лиценз бүр гаднаас хөрөнгө оруулалт аваад олборлох хүсэлтэй байдаг?
-Уул уурхай газрын хэвлий дэх баялаг бол төрийн өмч. Гэтэл манайд өмчийн харилцааны тухай хууль байхгүй. Эзэмших ашиглах эрхийг улс төрчдөөс авдаг. Манай хуулийн логикоор бол эрх мэдэл бүхий улсуудын үзэгний үзүүрээр энэ бизнес явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бизнес дээр 25 жил 12 ерөнхий сайд солигдлоо. Түүнийг дагаад энэ эрхийг нь өгдөг хүмүүс нь солигдоод сүүлдээ хоорондоо баялагаа булаацалдаад энэ хямралыг бий болгож байгаа юм. Гадныхан бол компани нь компанитайгаа харьцдаг сонгодог эдийн засгийн харилцаатай, харин манайд төртэй харьцахаас өөр арга байдаггүй. Гэтэл нөгөө төр нь байнга солигдоно дээрээс нь авилга хээл хахуул маш их. Төслүүдээ байнга өөрчилнө. Хөрөнгө оруулагч чинь тогтвортой ашигтай юманд л хөрөнгөө оруулна уу гэхээс хэдхэн сарын дараа сайд нь бүү хэл яам нь алга болчихдог ийм төртэй харьцахад хэцүү байгаа. Тийм учраас бидний дараагийн алхам бол төрийн өмчит, төрийн нийтийн хамааралтай компаниудыг хувьцаат компани болгох ёстой юм байна. Хувьцаат компани бол ил тод байдаг. Ил тод болсон хувьцаат компани руу гадна дотны хөрөнгө оруулагч нар хөрөнгөө хийнэ. Одоо манай гол компаниуд яагаад ХК болж гарч чадахгүй байна вэ гэвэл хөрөнгийн бирж нь өөрөө хувьцаат компанийн менежментийг хийх гол асуудал дээрээ албан ёсоор очоогүй байхгүй юу. Хөрөнгийн бирж өөрөө босч чадахгүй байна.
-Яагаад?
-Хөрөнгийн бирж чинь машинаар ярих юмбол мотор нь байхгүй юу. Моторгүй машин 20 жил боллоо. Хөрөнгийн бирж гэдэг чинь хөрөнгө худалдан борлуулдаг зах зээл. Гэтэл тэр зах зээл нь ажиллаж чадахгүй байна. Цааш нь ухаад үзвэл ерөөсөө үүнийг 20 хэдэн жил төр хийх гээд л чадаагүй байхгүй юу. Төр одоо хийж чадахгүй юм чинь хоёр гараа өргөж бууж өгөөд чаддаг хүмүүст нь өгөх хэрэгтэй. Сайн хувийн биржид ч юмуу.
-Төрийг бизнест оруулмааргүй байна гэж удаан ярьж байна. Гэсэн ч … ?
-Эдийн засгийн тоглогч нарын 80 хувь нь хувийн компани. Төр бол төсвөө баталж, мөнгөний бодлогоороо оролцоно. Тэгэхээр төр өөрийн оролцооныхоо бодлогыг гаргаж өгөөд тэр гортигноос цааш гарах хэрэггүй байхгүй юу. Гэтэл бүр өөрсдөө ажил хийдэг болсон. Барилгын салбар нэлээн хүндэрсэн нь төрийн барилгын компаниуд олон болсонтой холбоотой. Нэг ёсондоо төр хууль гаргадаг татвараа тогтоодог байгууллага нь өөрөө бизнес хийгээд эхлэхээр нөгөө ердийн бизнесүүд бууж өгч байна. Мөн 2013 онд зах зээлд маш их мөнгө оруулж хуваарлилтыг бас төр хийсэн. Ирээдүйн татвар төлөгч нарын мөнгийг урьдчилж авч хийхдээ дарга нар ирээдүйн татвар төлөгч нарт ямар зовлон болох вэ гэдгийг тооцохгүйгээр их харгисаар хийдэг. Өнөөдрийн бондыг ч гэсэн долоон жилийн дараах татвар төлөгч нар төлнө. Тийм учраас яг үндсэн энэ төсвийг бүрдүүлдэг нийтийн санг бүрдүүлдэг том тоглогч нар маань үндсэн тоглолтыг харж бүртгэж хянаж байх хэрэгтэй. Бид энэ алдааг засч дийлэхгүй байна. Дөрвөн жил эцсээ хүртэл явж байна даа.
-Эрдэнэтийн асуудал дээр таны байр суурь?
-Нөхдүүд ОХУ –аас компанийн өмчийг худалдаж аваад Монголд оруулаад ирсэн. Тэр компанийн өмчийг нийгэмчиллээ. Сая УИХ дайрч байна л даа. Гэтэл нөгөө компани нь өмчийн маргаанаа 100 хувь шийдсэн гэж бодож л дээ. Асуудал үүсэх юм бол буцах магадлал ихтэй. Ер нь бол их эвгүй. Нөгөө талаас цэвэр худалдан авалтын процесс байсан. Гэхдээ энэ процесс зүгээр нэг арбат гүйж очоод ягаан цэнхэр тасалбар авахтай адилгүй, цаанаа улс төрийн маш өндөр цэвэр хэмжээнд хийгдсэн ажил. Улс төрийн тоглолтоор шийдвэр гараад явагдсан бизнесийн юмнууд байдаг. Тийм бизнесийн худалдан авалт бол энд оролцсон улс төрчид нь албан ёсоор хэлчих хэрэгтэй.
-Монгол залуус гадаадад компаниа байгуулаад явж байна. Уг нь тэр мөнгөнүүд эх орондоо байвал гэж бодогддог?
-Дэлхийн улс бүр өөр өөрийн зах зээлтэй. Тэгэхээр тухайн зах зээл дээр тоглож чадаж байвал монгол залуус болж л байнай. Монголын зах зээл дээр компаниуд жаахан томорчихоод дараа нь асуудал үүсээд байдаг нь зах зээл жижигхэн. Тэгсэн хэрнээ яагаад эдийн засаг арав дахин өсчихвөө гэсэн асуудал байна. Төрийн нийтийн хамааралтай өмчүүд зах зээл рүү орж ирээд байгаа нь энэ. Гэхдээ компани томрохын хэрээр том өмчин дээр тоглох сонирхол байдаг. Тэр том өмч нь зөвхөн улс төрөөр дамжиж орж ирдэг. Бид нарын бүх хувийн өмч төрийн өөрийнх нь өмчийг хүртэл нийлүүлээд нэг л хувь. 99 хувь нь өнөөдөр төрд байгаа юм. Өнөөдөр яг энэ өмчийн тоо үнэлгээний харилцаагаар бол бид нар бараг коммунист улс хэвээрээ байна. Яагаад гэвэл хамгийн том өмч нь төрд байна. Захиран зарцуулах эрх нь төрд байна. Нийтийн мөнгөний цугларсан тэр санг төр зохицуулж хуваарлиж байна. Коммунист хэлбэрийн агуулга байгаад байна. Үүнийг өөрчлөхийн тулд төрийн нийтийн өмчийн хамааралтай хуулиа гаргаач гэж би 2010 оноос хойш хэлж байна. Тэгвэл энэ өмч өөрөө хуулиар хамгаалагдана, энэ өмчин дээр тоглох тоглогч нарт эрхийг нь ил тод болгооч. Хэрэв ингээд зөвхөн улс төрөөр дамжаад далд байгаад байх юмбол муу хэлбэртэйгээ байсаар байна. Мөн энэ өмчөө өвлүүлж үнэ цэнийг нь мэдмээр байна. Бид нар монголдоо газрын хэвлийн баялагийг үнэгүй байдаг. Монголоос гараад бирж дээр очихоороо үнэ цэнэтэй болчихдог. Монголд нэг үнэгүй лиценз гэсэн цаастай боловч гарахаараа үнэ цэнэтэй болчихдог.
-Тэр хуулийг хэзээ батлах бол?
-Би байнга хэлдэг. Саяханаас ач холбогдлыг нь мэдэж байх шиг байна. Гэтэл тэдэнд өөрсдөд нь тэгж байнга тоглох том зах зээл хэрэгтэй учраас мэдэхгүй царайлах сонирхол бий.
-Сая НӨАТУС биелэлээ олж буцаан олголт хийгдсэнээр иргэд улам бүр идэвхтэй хандаж байна. НӨАТУС-ын өөр сайн жишээ юу байна?
-Маш олон сайн үр дагаврыг улсдаа бий болгосон. Ганцхан жишээ хэлье. IT чиглэлийн 17 компани 3000 компанид үйлчилгээ өгдөг байсан. Сая оны эцэст 38000 цэг дээр НӨАТ-ын талон хэвлэж байна. IT компаниуд бараг 70-80 болж 38000 компанид үйлчилгээ үзүүлдэг болсон. IT зах зээл нэг жилийн дотор 10 дахин өслөө. Нөгөө талаас IT-гийн гол зорилго бол шилэн кабелийн асуудал. Үнэндээ бид шилэн кабелийг 17000 км-т тавьсан ч ашиглаж чадахгүй байсан. НӨАТУС орж ирснээр 650.000 хэрэглэгч хандаж бид шилэн кабелиа сая л ашиглаж байна. Тэгэхээр нэг юмны сайн тал өөр олон зүйлийг хөгжүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
amjilt.com
URL: