МАН-ын амлалт хийгээд Монголын УЛС ТӨРИЙН ИРЭЭДҮЙ

ireeduiuls turНэг хүн хэдэн ч удаа УИХ-ын гишүүн болж болно. Энэ бол хувь улстөрч хийгээд цаг үеийн нөхцөл байдлаас бүрэн хамаарах асуудал. Харин улс орны ирээдүйн хувь заяатай холбогдох түүхэн шийдвэрийг нэг бүр хоёр удаа гардан батлалцаж, улс төрийн намтраа арвижуулсан улстөрч Монголд хуруу дарам цөөн Жишээ нь, 1996-2000 оны УИХ-ын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад оролцсон Н.Алтанхуяг, Р.Амаржаргал тэргүүтэй 13 гишүүн өнгөрсөн парламентад ажиллаж байлаа. Байлаа гэдэг нь тэдний бүрэн эрх дуусахаас жил гаруйн өмнө буюу 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Н.Батбаяр тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг парламентад өргөн барьж байв. Гэвч Ерөнхий сайдын эрх мэдлийг томруулах, Ерөнхийлөгчийнхийг хязгаарлах гээд процедур талаасаа сонгодог парламентын засаглал руу арай дөхсөн уг төсөл сонгуулийн чимээнд дарагдан одоогийн УИХ-д шилжээд байна.

Нэг үгээр хэлбэл, МАН УИХ-д үнэмлэхүй олонхийн буюу 65 суудлыг бүрдүүлэх болсон энэ цаг үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сэдэл Засгийн газраас
гарсан нь УИХ-ын төвшинд ирээд буй хэрэг. Хэрвээ энэ ажил урагштай байвал Ерөнхийлөгчийн сонгуулиар ард нийтийн санал асуулгыг давхар явуулна ч гэх. Ялгаатай нь, Үндсэн хуулийн эхийг барихаас эхлээд нэмэлт өөрчлөлт оруулж явсан эрхмүүдээс өдгөө парламентад Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан гэсэн гуравхан гишүүн байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсныг Д.Лүндээжанцан гишүүн ахалж байна. Цаг үеийн нөхцөл байдал, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд одоогийн МАН-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл мэдээж бий. Ерөнхий сайд нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөсөө хараат эсвэл хэн нэгэнтэй нь хасварч төрийн ажлыг явуулдаг тохиолдол өмнөх парламентын үед бишгүй олон гарсан. Тэгэхэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь зөрчилтэй. Нэг нь үгэнд орсонгүй, намын даргын суудлаа авах гэж оролдлоо хэмээн Ерөнхий сайдаа хадарч, нөгөөх нь Засгийн газрын ажилд гар дүрлээ, биднийг огцруулах гэж байна гээд л УИХ-ын даргаа харддаг байлаа шүү дээ. Үүнээс үүдэж засаглалын хямрал туйлдаа хүрч эцэстээ эрх баригч намынхан сонгуульд далаараа цэвэр тавиулсан билээ.

Гагцхүү МАН эрх барьж байгаа энэ цаг үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд дахин хөндөж эхэлсэнд асуудлын зангилаа оршиж байна. Нэгэнтээ Үндсэн хуулийн эхийг баригч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимид агсан “Ард түмэн нэгэнт шийдчихсэнийгээ л тордож парламентын засгаа л хүч чадалтай болгомоор байна. Хэрэв Ерөнхийлөгчийн засагтай болно гэвэл Засгийн газрыг Ерөнхийлөгчөөр толгойлуулах тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулж төрийн дуулпал эгшиглүүлээд л шийдчих юм шиг яриад байх юм. Үгүй шүү дээ, бүх тогтолцоогоо хөндөнө. Шүүхээ яах вэ, орон нутгийн хурал, захиргаа, төсвөө, гадаад бодлогоо гээд бүх системээ хөндөнө. Одоо байгаа ЗЗО-аад хуулиа бүгдийг ямар нэгэн хэмжээгээр өөрчилнө. Ийм хэмжээний өөрчлөлт хийнэ ээ гэж байгаа бол эцсийн шийдвэрийг ард түмэн л гаргана, мэднэ. Яагаад гэвэл, парламентын энэ засгийг ард түмэн өөрсдөө сонгосон юм. Бид ард түмнийг хуурч мэхлээгүй. Гурван cap ард түмнээр хэлэлцүүлж, Бага Хурлаар дөрөв, АИХ-аар хоёр удаа, нийтдээ 70-аад хоног хэлэлцэж байж баталсан хууль шүү дээ. Түүхийн энэ цаг үед бид хоёр дахь хувьсгал хиймээргүй байна. Монгол чинь үндсэндээ 1924 оноос эхлээд л нам руу гажсан ч гэсэн парламентын засагтай яваа улс. Харамсалтай нь, парламентын эрх мэдлийг нам л булааж авчихаад байх юм. Нэг хэсэгхэн, үүлэн чөлөөний нар шиг 1990-2000 оныг хүртэл парламентын засагтай явлаа. Шууд хэлэхэд 2000 оны тэрхүү өөрчлөлтийг хүчингүй болгочихвол Үндсэн хуулийн уг эх сэргээд ирэх юм. Ер нь бол Цэц хүчингүй болгочихсон өөрчлөлтийг л мөрдөөд байгаа. Энэ бол үндсэндээ дээд хэсгийн улс төрийн дампуурал шүү дээ. Ерөнхийлөгчийн засагтай болно гэдгийг төрийн дээд албан тушаалтан, улстөрийн нам хэлдэг ч юм биш” хэмэзж байв. Тэр нь ч үнэн.

Үнэндээ Монгол Улс бол намын бус парламентын засаглалтай орон. Гагцхүү УИХ, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч гэсэн гурван институцынх эрх хэмжээг нь нарийн хязгаарлаж өгөөгүйгээс нь өнөөгийн засаглалын хямрал даймжрах шалтгаан болсон гэж судлаачид үздэг бас халагладаг. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах МАН-ын алхам юу байх вэ гэдэг нь улс төрд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орох хэмжээний том асуудал болох нь дамжиггүй. Үе үеийн парламентын үед өргөн барьж байсан хуулийн төслүүдээс харахад өнөөгийн УИХ-д “будаа” идэж болох олон хувилбар бий. Гэхдээ алийг нь барьж авч суурь цутгах нь эрх баригчдын үзэмжийн асуудал билээ. Хамгийн гол нь, МАН- % ын амлалтад дөрөөлсөн Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын улс төрийн ирээдүйг хэрхэн тодорхойлох нь нэн сонирхол татахуйц асуудал юм.

АИХ-ын дарга асан Ж.ГОМБОЖАВ:

-Би Үндсэн хуулийн ач холбогдол одоо ч алдагдаагүй чадамжтай хэвээр байна гэж үздэг. Манай улсад 1996 оноос эхлээд эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүд бий болсон байна л даа. Ийм бүлэглэлүүд салбар хуулиудад өөрийнхөө салбарын, хувь хүний эрх ашгийг бодсон заалт оруулснаас болоод өнөөдөр Үндсэн хуулийг шүүмжлэх хандлага гараад ирсэн.

Өнөөдөр Үндсэн хуулийг монголын ард түмэн нэг их шүүмжлэхгүй байгааг би бол мэдэрч байгаа. Хэн шүүмжилж байна вэ гэхээр улстөрчид, улс төрийн намууд шүүмжилж байгаа. Яагаад шүүмжлэх болсон бэ гэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдлаа чихэх тодорхой эзэн хэрэгтэй болсон хэрэг. Тэр эзэн нь амь биегүйгээрээ Үндсэн хууль болж хувирчихсан. Түүнээс биш яг Үндсэн хуулиас болоод монголын ард түмний амьдрал доройтсон ядуурсан юм биш. 25 жилийн дараа Үндсэн хуулийн анхны бичиг томъёо тавьж байснаас олон зүйл дээр ухарсан нь харамсалтай байдаг. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг сонгуулиар хамгийн олон суудал авсан намтай Ерөнхийлөгч зөвшилцөөд томилно гэж байгаа. Ерөнхий сайд нь бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д оруулж батлуулж ажиллана. Гэтэл одоо үүнийг ингэж хийхгүй байгаа. Долоон өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөгийг нь байхгүй болгосон. Мөн Ерөнхий сайд өөрийнхөө танхимд хэнийг оруулахаа мэдэж чадахгүй байна. Учир нь нам, намын фракцууд хүнээ санал болгодог. Энэ мэтээр Үндсэн хуулиа өөрсдөө үгүй хийчихсэн.

АИХ-ын орлогч дарга асан Л.ДАШНЯМ:

-Үндсэн хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлсэн нийгэм маань өөрөө яг бодит байдалд яаж бий болох вэ гэдгийг урьдчилан харж чадсан ч юм бий, чадаагүй ч юм бий. Гэхдээ өөрчлөлтийг хийхийг тулд олон зүйл бодох ёстой. УИХ болгон Үндсэн хуулийг өөрчилье гээд санал гаргадаг. Өөрчлөх нь ард түмэнд гол нь биш. Ард түмэн өөрийнхөө итгэлийг хүлээлгэсэн, төрийн эрх мэдлийг шилжүүлсэн УИХ, УИХ-ын байгуулсан Засгийн газар, нийт иргэдээс сонгогдсон Ерөнхийлөгч байж байна. Тиймээс яагаад өөрчлөх гэж байгаа вэ гэдгийг боловсруулаад ард түмэнд таниулах бүрэн боломжтой. Харин өөрчлөхдөө яаж өөрчлөх вэ гэдгийг боловсруулах ажлын хэсэг нь маш чухал. Одоо бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг боловсруулж байгаа байдлыг харахад бас л нам, бүлгийнхээ эрх ашгийн үүднээс харсан мэт байгаа. Үндсэн хуулийг жинхэнэ өөрөө ойлгож мэдсэн. Магадгүй түүнийг тогтоож байсан хүмүүс, мэргэжлийнхэн судалгаа хийж юу нь болох болохгүй байна гэдгийг мэдсэний үндсэн дээр ингэж боловсруулах ажлын хэсэг байгуулж байна уу гэхээр үгүй харагдаад байгаа юм. Анхны Үндсэн хуулийг боловсруулахдаа яаж тогтоосон, яаж хэлэлцүүлсэн, яаж баталж тогтоосон яг л тэр процессоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Юу хэлэлцэх үү, юуг өөрчлөх үү гэдгээ гаргаагүй байж л өөрчлөхгүй бол болохгүй гэсэн уур амьсгал үүсгээд байх юм.

УИХ-ын дарга асан Д.ДЭМБЭРЭЛ:

-Судлаад үзэхээр тухайн үед “Долоон өөрчлөлтийг хийх шаардлагагүй байж дээ” гэж хожим бодогдохоор юм болсон шдээ. Би УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж байсан. Тэгэхэд долоон өөрчлөлтийг хэрхэх, хэрвээ гар хүрэх юм бол зарим асуудлыг өөрчлөх шаардлага байна уу гэсэн зорилгоор байгуулсан юм. Яг ямар асуудлыг өөрчлөе гээд гаргаж ирээд байна гэхээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван инсттуцтэй холбогдсон үйл ажнллагааны болон эрх хэмжээний асууцал тавигдаж байгаа юм. Жишээ нь, Засгийн газар өөрийнхөө эрхийг чамлаад байдаг. 20 гаруй жилийн дотор үйл ажиллагаа явуулсан Засгийн газрууд УИХ-аас хараат байсан зэргээр. Нэг Засгийн газар 1.7-хон жилийн настай байсан. Энэ бүхэн нь Үндсэн хуулиас болж байна гэх зэргээр. Ер нь ийм бодол төрийн дээд хэмжээнд бий болчихсон зүйл л дээ.

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.ГУНГААДОРЖ:

-Би Үндсэн хууль батлалцсан хүн. Тиймээс одоогийн Үндсэн хууль муулах эрхгүй. Шилжилтийн үед цугласан 400 гаруй депутатаас зах зээлийн нийгэмд амьдарч үзсэн хүн байгаагүй. Ном уншсан хэдэн хүн л байсан. Тэгэхээр дутуудуулсан зүйлс байдаг юм. Жишээлбэл, сонгодог парламентийн засаглалыг тусгаж чадаагүй. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл. Энэ тулгын гурван чулууг бид дутуу гаргасан. Засгийн газрыг сул үүрэг оролцоотой, Еренхийлөгчтэй байна гэж тогтсон. Тухайн үед Ерөнхийлөгчийг бэлгэдлийн чанартай байхаар баталсан юм. Гадаадад улсаа төлөөлнө, шагнал урамшуулал олгоно гэдэг хэдхэн үүрэгтэй оруулсан. Гэвч үе үеийн Ерөнхийлөгч өөр өөрийн сонирхлоо нэмэсээр байгаад Ерөнхийлөгчийн үүрэг танигдахаа болилоо. Ингэснээр тулгын чулуу дөрөв болж хувирсан. Мөн парламентийн засаглалаа нарийвчлан бэхжүүлж чадаагүй. Тэгвэл одоогийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг сонгодог парламентийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын нөлөө Засгийн газрын ажлыг хийлгэхгүй хэмжээнд хүрлээ шүү дээ. Парламент хуулиа ярихгүй, Засгийн газрын гал тогоонд орж тогоо шанагатай нь зууралддаг. Ийм эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байдлыг арилгамаар байгаа юм. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон энэ үед л хийх бол дахиж ийм боломж олдохгүй л болов уу. Үндсэн хуулиа өөрчилж, сонгодог парламентийн тогтолцоонд шилжиж чадахгүй бол одоогийн бантангаас гарна гэдэг хэцүү. Нам дотор ч миний дэвшүүлж буй санал санаачилгын хүрээнд өөрчлөлт хийх талаар ярилцаж байгаа. Энэ хэдэн эрх мэдлийн хуваарилалтай холбоотой заалтыг өөрчлөхөд л хангалттай. Олон зүйл заалтаар оролдвол самарч магадгүй.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Үндсэн хууль маань үйлчлээд 25 жил боллоо. Боловсрогдоод, хэлэлцэгдсэн хугацаатайгаа бараг 27 жил болно. Тэгэхээр манай энэ Үндсэн хууль бол 25 жил үйлчилсэн сайн хууль байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд жишээ нь хүний эрхийн хэсэг дээр ч юм уу хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийгээд үзэхээр юун дээр алдаж, оносон талаар ерөнхий нэг хар зураг харагдах нь ээ дээ. Гэхдээ бид ухралт хийж ерөөсөө болохгүй. Тэгэхээр манай Үндсэн хуулийн амин сүнс болсон суурь асуудлууд бол хөндөгдөхгүй. Би Үндсэн хууль дотор ялангуяа төрийн эрх мэдлийг оновчтой болгох чиглэлээр зарим нэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй байгаа. Энэ өөрчлөлтөө бид их зөвшилцлийн үндсэн дээр ард түмнээсээ асуугаад явах хэрэгтэй. Тэгвэл манай энэ Үндсэн хууль дахиад 25, 50, 100 жил гээд явна гэсэн ойлголттой байдаг. Одоогийн манай эдийн засгийн хүндрэл бэрхшэал, иргэдийн аж амьдрал доройтож байгаа гээд энэ олон шүүмжлэлүүд Үндсэн хуулийн зохицуулалтаас болж байгаа зүйл биш. Тухайн засаглаж байгаа улс төрийн намуудын буруутай үйл ажиллагаа, алдаа дутагдлуудаас л болж байгаа юм. Тиймээс Үндсэн хууль руу дутагдлаа чихэх эрхгүй гэж боддог.

УИХ-ын гишүүн Л.БОЛД:

-Энэ Үндсэн хууль бүхал бүтэн нийгмийн байгууллыг өөрчилж, хувьсгал гарч байж хийгдсэнийг мартаж болохгүй. Хүний амиар, дайнаар л шийдэгддэг зүйлийг монголчууд эв эеэр, Үндсэн хуулиараа хийчихсэн юм. Ямар нэгэн хувийн давхар ашиг сонирхолгүй 430 хүн бүтэн гурван сарын турш өдөр шөнөгүй хэлэлцэж, бараг сая хүний бичгээр ирүүлсэн саналыг багтаасан Үндсэн хууль болсон. Ийм том үнэ цэнтэй зүйлийг өөрчлөхөд дахиад 20, 30 жил хэрэгтэй. Харин түүнээс хойш хуулиа буруу уншсан, буруу тайлбарласан, гуйвуулсан, дагаж гарсан хуулиудаас болсон олон гажуудал бий. Тэднийг өөрчлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Дээр нь энэ хуульд 2000 онд нэг намын парламент бүрдсэн үед том алдаа гарсан нь Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлтийг баталгаажуулсан явдал. Үндсэн хуулийн цэц батлаагүй байтал хууль бусаар яваад л байгаа. Түүнийгээ өнөөдөр эхлээд хүчингүй болгочих хэрэгтэй. Ингэх юм бол өнөөдөр Үндсэн хуулийн шинэчлэлийг эхэлж болно. Энэ том зөвшилцлийн гэрээг анх яаж Үндсэн хуулийг баталсан тэр зарчмаар баталдаг, өөрчилдөг баймаар байгаа юм. Мэдээжийн хэрэг эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Түүний өмнө бол ард түмний санал асуулга хийгээд, шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй бол дахиад 430 депутаттай АИХ-аар оруулах ёстой. 1992 онд бол Улсын Бага Хурлаар ороод АИХ нь баталж байсан. Одоо бол АИХ-аараа хэлэлцээд УИХ-аараа баталдаг ч юм уу хүн болгоны оролцоо шингэж байж энэ том нийгмийн зөвшилцлийг хийх хэрэгтэй.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОРДУУЛСАН ХЭМЭЭХ ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ

1992 оны Үндсэн хуульд 2000 онд долоон өөрчлөлт оруулсан. Анхны хувилбар, одоо мөрдөгдөж байгаа заалтуудыг харьцуулж толилуулъя.

1 ХОРИНХОЁРДУГААР ЗҮЙЛ.

Одоо:

2. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана.

Өмнөнь:

“УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ”.

2 ХОРИНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ.

Одоо:

1. УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам. эвслийн бүлэг бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно.

Өмнө нь:

“УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно”.

3 ХОРИНДОЛДУГААР ЗҮЙЛ.

Одоо:

2. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

Өмнө нь: 

“УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

4 ХОРИНДОЛДУГААР ЗҮЙЛ

Одоо:

6. УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдВЭрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

Өмнө нь:

“Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ”.

5 ХОРИНЕСДҮГЭЭР ЗҮЙЛ.

Одоо:

1. УИх-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Өмнө нь:

“УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”.

6 ГУЧИНГУРАВДУГААР ЗҮЙЛ.

Одоо:

2. УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор оруулах.

Өмнөнь:

“УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах.”

7 ГУЧИНЁСДҮГЭЭР ЗҮЙЛ

Одоо:

2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөөр өргөн мэдүүлнэ.

Өмнө нь

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

УИХ-ын гишүүн асан Л.ЦОГ:

-Манай 1992 онд Үндсэн хууль баталсан нөхдүүд маань өнөөдөр хоёр танхим байж хяналттай байх нь зөв юм байна гэж байгаа. Би бол яг хоёр танхимыг тэр болгон дэмжих нь зовлонтой гэж боддог. Дахиад нэг танхим бий болгоод өргөн барьсан хууль ухаандаа дээд, доод танхимаар хэлэлцэж гаргана гэвэл манай төрийн шийдвэр улам л уягдаж, хэцүү болно гэсэн зүйл нэг талаасаа бодогдож байгаа. Хэрвээ зарим оронд байгаа шиг нэг танхим нь тэр үеийн АИХ шиг ирээд зарчмын гол гол асуудал дээр тухайлбал, Засгийн газрыг бүрдүүлэх, Ерөнхийлөгчөө сонгох юмаа хийгээд тараад явчихдаг, байнгын цалингүй байвал болмоор ч юм шиг. Гэхдээ нэг манаачийг хулгай хийгээд болохгүй болохоор дээр нь дахиад нэг манаач тавьж болохгүй гэж бодож байгаа. Ердийн хууль биш учраас олон талаас маш нухацтай хандах ёстой. Үндсэн хууль өөрөө эрхзүйн мэдлэгийн маш өндөр түвшинд эрэмблэгдсэн цогц ойлголт учраас нэг тоосгыг авбал нурчихаар юм хийж болохгүй шүү дээ. Үүнийг долоон нэмэлт хийсэн туршлага бидэнд харуулж байна. Үндсэн хуулийг хөндөж болохгүй гэсэн зүйл ерөөсөө бидэнд байхгүй. Гэхдээ 1992 онд Үндсэн хууль баталсан 430 хүний тал нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэхэд тал нь байж байна. Үндсэн хууль хийнэ гэж ямар юм байдгийг туулж өнгөрсөн хүмүүсийн санал бодлыг тусгахгүй байж болохгүй.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД:

-1992 оноос хойшхи энэ хугацаанд үе үеийн УИХ, Засгийн газар тодорхой хууль тогтоомжуудыг өөрчлөөд бүх зүйлийг цаг үетэй нь нийцүүлээд явахыг хичээгээд ирсэн. Харамсалтай нь энэ яагаад бодитой үр дүн болж тэр хөгжил ард иргэдийн гарт нь баригдаж, тэдэнд наалдаж өгөхгүй байгаа юм гэдгийг бодох ёстой. Би хувьдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ үүнийг ард түмнээсээ асууж дордуулсан биш дээрдүүлсэн хэлбэрээр явуулах ёстой юм балов уу гэж харж байгаа. Би хоёр танхимтай парламентийн тогтолцоог Монголд байх ёстой гэдэг байр суурь баримталдаг Яагаал гэвэл өнөөдөр энэ 76 гншүүннй тоо чинь хэдэн намаас хамааралтай яваад байна шүү дээ. Бие даагчид тэр бүр орох боломж бололцоогүй болчихлоо. Тэгэхээр өнөөдрийн байгаа байдлаар ямар нэгэн намын шийдвэрт баригдаж явах нөхцөл бас байж л байгаа юм. Тиймээс 300 орчим сум 152 хорооноос нэг нэг хүн гаргаад доод юм уу дээд тамхимыг байгуулчих хэрэгтэй. 1990-1992 онд явж байсан хэлбэр л дээ. Байнгын ажиллагаатай парламент нь нэг тамхимдаа хуралдаж байдаг. Дээд тамхимаасаа шүүгч, прокурор, Ерөнхийлөгчөө томилдог гэх мэт ажил хийдэг болбол илүү олон нийтийг оролцуулсан төгс хэлбэр гарч ирнэ гэж би хувьдаа хардаг.

Шадар сайд асан Ц.ОЮУНБААТАР:

-Өнгөрсөн хугацаанд манай намаас (МАХН) гарсан Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллалаа. Монгол Улсыг нийгэм, эдийн засгийн хямралаас гаргах тэр гарцыг л бид монголынхоо ард түмэнд санал болгож байгаа юм. Түүнээс аль нэгэн нам нь 65 байтугай 76 суудалтай байсан ч хямралаас гарч чадахгүй. Тийм учраас бид Үндсэн хуулийн шинэ тогтолцоогоор парламентаа дээд доод хоёр танхимтай болгож олон түмний хяналтад оруулахаас өөр аргагүй. Дээд танхимаа бол шууд Монголын ард түмнээс буюу 21 аймаг, нийслэл, хотууд, 330 сумаасаа шууд сонгогдох зарчмаар Ардын Их хурлаа байгуулъя. Улсын бага хурлаа өнөөгийн улс төрийн намуудын зарчмаар магадгүй пропорционал зарчмаар байгуулъя. Тэгээд дээд хурал нь УБХ-ынхаа үйл ажиллагаанд хяналт тавина, хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулна. Ингээд жилдээ хоёроос дөрвөн удаа хуралдаад гүйцээ. Ерөөсөө эх орондоо хайртай, шударга монгол хүн болгоны хүсэн хүлээж байгаа тийм Үндсэн хуулийг л бид гаргаж байгаа юм. Үүнд би 100 хувийн итгэлтэй байгаа. Энэ нэг намын. намынхны боловсруулсан хууль биш. Бүх монголчуудаараа хэлэлцүүлнэ.

 УИХ-ын гишүүн асан М.БАТЧИМЭГ:

-Тэр эсвэл энэ нам эрх барьж байгаа үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй гээд улстөржөөд байвал бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй маш удаан үргэлжилж магадгүй. Үндсэн хуульд зарим шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хийхгүй бол Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон байна. Одоо бий болчихоод байгаа улсын өрнөөс эхлээд яагаад эдийн засгийн хямрал эх захгүй үргэлжлээд байна гэдэг ч Үндсэн хуулийн зарим зохицуулалттай холбогдоно. УИХ төсөв хуваарилж байгаа тогтолцоотой холбоотой.

Тиймээс ард түмнийхээ амьдрал ахуйг эртхэн өөд нь татья, эдийн засгаа эрүүлжүүлье гэвэл зарим шаардлагатай зохицуулалтыг Үндсэн хуульд хийхээс өөр аргагүй. Бид МАН-аас аль болохоор ард иргэдийн санал асуулга явуулж, парламентад суудалтай улс төрийн намуудын оролцоотойгоор, суудалгүй улс төрийн намуудын дуу хоолойг сонссоны үндсэн дээр нийгмийн зөвшилцлийг хангасан замаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хий гэж шаардах ёстой. Түүнээс биш дахиад Үндсэн хуулийн өөрчлөлтийг гурав, дөрвөн жилээр хойш тавих нь улс оронд улам сөрөг нөлөө үзүүлнэ.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих