Халаасны хулгайчаас сэрэмжлэхийг анхааруулав
МУБИС-ийн автобусны буудал дээр Багануур дүүргийн 5 дугаар хорооны иргэн С-ийн халааснаас “Нокиа Е-71” гар утсыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн тодорхой эрхэлсэн ажилгүй 30 настай эрэгтэй Х гэгч хулгайлсныг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид өчигдөр үйлдэл дээр нь барьсан байна. Хэргийг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт үргэлжлүүлэн шалгаж байна. Хүйтний улиралд иргэд гадуур хувцасаа зузаалан халаасандаа гар утас, хэтэвчээ хийж явсанаас халаасны хулгайч нарт өртөх нэмэгддэг.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж иргэд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Нэгдэлчин” зочид буудалд эд зүйлээ алдсан хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийнхан шалгасан аж. Гэтэл мөн дүүргийн 7 дугаар хорооны иргэн 40 настай эмэгтэй Ц-г уг буудалд байрлаж байхад нь тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй 41 настай эрэгтэй Ц гэгч орж ирээд гарахдаа түүний хоёр ширхэг гар утас, 700 мянган төгрөгийг хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид тогтоон шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
URL: