НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗӨРЧИЛТЭЙ 23 БАРИЛГА БҮРТГЭГДЖЭЭ
НМХГ-аас нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгууд, суурийн ухсан нүх, үерийн усны далан сувгуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн бөгөөд үүнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-уул дүүрэгт 4, Сонгино хайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 байна. “Барилгын тухай” хуулийг зөрчсөн холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллага Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлжээ.
Барилгын газар шорооны ажил гүйцэтгээд хоёр буюу түүнээс дээш жил ямар нэг ажил гүйцэтгээгүй, нийслэлийн өнгө үзэмжид сөрөг нөлөөтэй, ард, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа 4 аж ахуйн нэгж, 3 иргэний газар эзэмших эрхийг “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэн хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг Нийслэлийн Газрын албанд явуулжээ.
Б.Орхон
URL: