С.Тэмүүлэнзаяа: Монгол цэргүүд хамгийн түрүүнд зэвсэг рүүгээ гүйдэг
Маргааш монгол цэргийн баярын өдөр. Баярын энэ өдрийг тохиолдуулан зэвсэгт хүчний мянга мянган алба хаагчийн төлөөлөл болгож ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн магистрант, хошууч С.Тэмүүлэнзаяаг сониныхоо зочноор урьж ярилцлаа. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд гурвантаа оролцож байсан энэ хүний туулсан амьдрал яг л кино шиг адал явдлаар дүүрэн.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би БХИС-ийн Цэргийн дээд сургуулийг 1999-2003 онд артиллерийн цэргийн командын офицер, төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. 2006 онд БХИС-ийн бакалаврын үндсэн дамжааг төгсөж, зэвсэгт хүчний 120 дугаар ангид галт салаан захирагч, дивизионы орлогч, 256 дугаар ангид артиллерийн тагнуулын даргаар ажиллаж байгаад 2015 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалах, удирдлагын академнд магистрантаар суралцаж байна.
-Гэр бүлийнхэн тань цэргийн хүмүүс гэж сонссон?
-Манайх удам дамжсан цэргийн хүмүүс. Аавын өвөө Сүбаатар жанжны бичээч, цэргийн хүн байсан гэсэн. Аав маань холбооны хэлтсийн хоёрдугаар газрын дарга, хурандаа Д.Сандагдорж гэж хүн байсан. Би гурав дахь үеийн цэргийн хүн болоод явж байна. Ээж цэргийн оёдлын үйлдвэрт насаараа ажилласан, бараг л цэргийн хүн.
Аав маань цэргийн хүн болохоор ажил алба нь амаргүй. Шөнө дөлөөр гэнэт дуудагдахад түргэний чемоданаа бариад, хүүхдүүдээ үнсээд гараад явна. Кинон дээр гардаг шиг л цэргийн амьдрал дунд өссөн дөө.
-Цэргийн амьдралыг ааваараа төсөөлдөг байсан хүү өөрөө дунд нь ороод ирэхээр ямар санагдах юм. Шантарч, няцах тохиолдол байв уу?
-Би 1998 онд цэргийн дээд сургуульд оръё гэж бодсон ч тэр жил элсэлт аваагүй юм. Харин элитийн батальон анх байгуулагдаж, элсэлт авч байлаа. Нэрийг нь’сонсоход л гоё санагдаад орчихсон. Гэтэл элитийн батальон гэдэг утгаараа Таван толгойд хоёр cap карантинд гарлаа. Энэ үед хүнд хүчир юм нэлээд үзсэн. Жаахан ядрахаараа “Дэмий ч орчихов уу” гэж бодогдоно. Гэхдээ дасаад ирэхээр сайхан л даа. Ер нь өөрийгөө цэргийн хүн болоогүй бол юу хийх байсныг төсөөлдөггүй юм. Шүлэг, утга зохиол жаахан оролддог болохоор уран зохиолын багш болсон байж магадгүй.
-Артиллерийн ангийг яагаад сонгосон юм бэ?
-Би эхлээд хилийн цэргийн шалганы ангид шалгалт өгөх гэж байсан юм. Гэтэл аав “Би ардын армийн хүн. Хилийн цэргийн амьдралыг сайн мэдэхгүй. Миний хүү армийн зөндөө сайхан мэргэжлээс сонговол яасан юм бэ” гэж зөвлөсөн. Тухайн үед артиллер гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй. Гэтэл нэг хурандаа надад “Артиллер бол дайны бурхан юм” гэсэн. Үүнийг сонсоод л артиллерийн ангийг сонгохоор шийдсэн дээ. Ер нь ямар нэг байлдааны ажиллагаа эхлэхийн өмнө заавал артиллерийн хүчтэй бэлтгэл явагддаг. Маш олон их буугаар эсрэг талаа бөмбөгдөнө. Ингэж бөмбөгдүүлсэн анги үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсны дараа цэргүүд танкныхаа араас давшилтад ордог. Сайхан мэргэжил шүү. Энэ мэргэжлээрээ дараа нь хоёр ч удаа Афганистан руу багшаар явсан.
-Бидний ярилцах гол сэдэв энхийг сахиулах ажиллагаа. Энэ албанд хэдэн удаа дайчлагдаж байв?
-Гурван удаа орсон. Анх Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрт АНУ-ын толгойлсон эвслийн орнуудтай хамтран оролцсон. Тухайн үед наймдугаар ээлжинд багтан 122 мм-ийн гаубицийн бүлгийн сургагч багшаар зургаан cap үүрэг гүйцэтгэсэн юм. Дараа нь 11 дүгээр ээлжинд буудлага, гал удирдах бүлгийн англи хэлний орчуулагч багшаар томилогдож байлаа.
Ер нь энхийг сахиулах ажиллагаа болгон өөрийн онцлогтой. Зарим нь баазаа хамгаалах, зарим нь эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх жишээтэй. Афганистаны ажиллагаа бол Афганистаны үндэсний армийн их буучдыг бэлтгэх зорилготой. Сургагч багш нар бүлэг бүлгээрээ хүмүүсээ хуваарилж авна. Нэг бүлэгт хоёр, гурван зуун цэрэг хамрагдана. Афганистаны цэрэгт 18-60 насны ямар ч хүн цэрэгт элсэж болно. Цэрэгт ирвэл цалин авдаг. Ихэнх хүний амьдрал ядуу болохоор тэд цэрэг болж, цалинтай золгох зорилготой. Мэдээж мөнгө авахаас гадна Засгийн газрынхаа төлөө байлдана.
Тэр үед Афганистаны бүх мужаар явсан даа. Нэг мужийн их буучдыг бэлдэж дуусаад дараагийнх руу явна. Бид артиллерийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна их буу, минометыг нь засаж өгөх үүрэгтэй. Би зэвсгийн офицеруудаа зориуд дурдмаар байна. Байлдааны ажиллагаа болж, буу зэвсэг нь эвдэрсэн үед манай офицерууд дундаас нь сэлбэж, байлдаанд бэлэн болгодог байлаа.
Дараа нь Өмнөд Судан улсад хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай 850 хүнтэй батальонд соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицероор нэг жил үүрэг гүйцэтгэсэн юм. НҮБ-ын ажиллагаа өмнөхөөс өөр юм билээ. Бүх юмаа өөрсдөө бэлдэх ёстой. Өөрсдөө хамгаална, хоолоо хийнэ, эмнэлгийн тусламж өөрсдөө үзүүлнэ.
Энхийг сахиулах ажиллагаа бол дипломат шугамаар улсаа батлан хамгаалах маш том бодлого
Афганистанд халуун байсан. Гэхдээ энэ халууныг Африктай зүйрлэхийн аргагүй. Бид эндээс өвөл ниссэн юм. Б.Эрдэнэбат хурандаа бидэнд “Та нар өвлийн тэсгим хүйтнээс зуны аагим халуунд очно. Онгоцонд суугаад хувцсаа нимгэлээрэй” гэж санууллаа. Халууцвал цамцаа тайлаад нимгэлж болно. Харин дотуураа ноосон өмдтэй байсан болохоор онгоцны үйлчлэгч хүүхнүүдээс ичээд тайлж сольж чаддаггүй. Ингээд зорьсон газраа очиж, онгоцны хаалга онгойлготол яг л саун шиг орчин угтаж байгаа юм. Онгоцноос буугаад нисдэг тэрэг рүүгээ гүйгээд суухын оронд хамаг хувцас шалба норсон. Бараг хувцаснаас хөлс дусалж байсан байх аа.
Ер нь энэ ажиллагаа их хүнд нөхцөлд явагдсан. Очоод cap болоогүй байтал Өмнөд Суданы Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч хоёр нь эрх мэдлээ булаацалдаад хоорондоо дайтаж эхэлсэн. Тэгээд яван явтлаа 11 сарын турш дандаа дайн байлдааны нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн. Иргэд нь дайн байлдаанаас дүрвээд манай баазад хүрээд ирнэ. Бид баазаа хамгаалахаас гадна дүрвэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлж, байрлуулах үүрэгтэй. Энэ хугацаанд их зүйл сурсан. Батальоны удирдлагууд ч мундаг хүмүүс байлаа. Нэг дор 70 мянга хүн байрлуулна гэдэг хэцүү юм билээ. Байлдаж байгаа хоёр талын хүмүүс хоёулаа ороод ирнэ. Тэднийг тусад нь байрлуулахгүй бол шөнө нь хутга, сэлэм бариад хоорондоо үзэлцчих гээд хэцүү. 70 мянган хүнтэй баазад амьдрал өрнөнө шүү дээ. Нэгнээсээ хулгай хийнэ, хэрэг түвэг тарина. Энэ бүхнийг бид зохицуулна.
Бид бааздаа цэргийн хүн оруулах ёсгүй. Гэтэл байлдаж байсан нөхдүүд ялагдахаараа хувцсаа тайлж шидчихээд хүрээд ирнэ. “Би одоо энгийн хүн болчихлоо. Надад тусламж үзүүлээч” гээд ирэх тохиолдол зөндөө. Ийм үед хүлээж авахаас өөр аргагүй.
-Танай эхнэр бас Суданд үүрэг гүйцэтгэсэн байх аа?
-Манай хүнийг Б.Золзаяа гэдэг. Ахлагч цолтой, зэвсэгт хүчний 353 дугаар ангид ажилладаг эмнэлгийн хүн. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй хүн очих нь ховор ч гэр бүлийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд явуулдаг юм. Эхнэр маань миний дараагийн ээлжээр Суданд очсон. Бүтэн жилийн турш тусдаа амьдарсан улс дахиад нэг жил хол байхаар болсон хэрэг. Гэхдээ удирдлагууд маань гэр бүлийн хоёр хүнийг яаж байсан уулзуулъя гээд манай хүнийг эхний ээлжээр наашаа нисгэж, би сүүлийн ээлжээр Монгол руугаа буцсан юм. Ингээд Африк тивд эхнэртэйгээ уулзаж билээ.
-Иргэний дайн болж байгаа талбарт үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй байх даа?
-Хэцүү шүү дээ. Гэхдээ бид тангараг өргөсөн цэрэг улс. Тэгээд ч энхийг сахиулах ажиллагаанд сайн дураараа явж байгаа учраас бүхнийг даваад гарахаас аргагүй. Манай бааз төв замын хажууханд байрладаг байлаа. Замгүй хэсгээрээ өтгөн ургасан модтой учраас явахад хэцүү. Тийм болохоор хоёр тал яг зам дээр хоорондоо байлдана. Манай бааз замаас нь 50-хан метрийн зайтай. Тэд нар манайх руу буудахгүй л дээ. Хэрэв бидэн рүү буудвал НҮБ руу дайрсан хэрэгт буруудна. Гэхдээ хажууханд буудалцаад байгаа болохоор тэнэсэн суманд өртчих гээд хэцүү. Хоёр тал том том пулёмот, танк, их буугаар буудна. Айсан зарим нь хамаагүй бууддаг юм байна. Тиймээс манай бааз руу тэнэсэн сум орж ирэх нь энүүхэнд. Нэг удаа согтуу нөхөр танкаа жолоодож ирээд бааз руу буудах гэж байхад нь болиулсан тохиолдол ч бий.
Манай баазын хашаанд пуужингийн гурван сум тэсэрч байлаа. Нэг нь харуулын байрны хажууханд унаж таарсан. Хэрэв өөр газар ийм явдал тохиолдсон бол харуулын цэрэг үхэх байв. Яагаад гэвэл тэнд борооны улирал байсан юм. Зургаан сарын турш бороо ордог болохоор газрын хөрс тэр чигтээ шалбааг болно. Гишгэхэд гуя хүртэл шигдэнэ. Тийм болохоор сум нь газар нүхэлж ороод доошоо хоёр метр шахам яваад тэсэрч таарсан байгаа юм. Хэрэв хатуу газар таарсан бол ойр хавийнхаа хоёр зуун метр хэсгийг юу ч үгүй болгоно шүү дээ. Азтай тохиолдол юм даа.
-Афганистаны нөхцөл байдал арай аюул багатай байсан уу?
-Ялгаагүй, минометоор буудах, бааз дотор бөмбөг тэсрэх, бааз руу машинтай дайрах тохиолдол байсан. Гэхдээ Суданд бүх юмаа өөрсдөө хийдэг байсан болохоор арай хүнд юм шиг санагдсан байх.
Суданд Энэтхэг, Бангладеш, Непал гээд өөр орны цэргүүд байсан. Гэхдээ тэд үүрэг гүйцэтгэхийн хувьд Монголоос хамаагүй муу. Тэсрэлт болоод, хүмүүс сандралдахад манайхан л буу зэвсэг рүүгээ гүйж, хүмүүст тусалдаг. Харин тэд аль болох ард үлдэхийг хичээнэ. Яаж ийж өдөр хоногоо өнгөрөөж байгаад буцах л хүсэлтэй. Хажууханд буудалцаан болж байхад нөгөөдүүл дальдчаад, юмны араар нуугдахаа бодно. Харин монгол цэргүүд буугаа барьчихсан, дурангаараа харж, станцаараа яриад, тушаал хүлээгээд л сууж байна. Ер нь монгол хүний цусанд ийм зан байдаг юм болов уу гэж бодсон.
Тухайн үед Өмнөд Суданы нэг генералын хэлсэн үг НҮБ-ын сайтад гарч байсан. “Бид нар байлдааны явцад НҮБ-ын бааз руу халдаж болох байсан. Хэрэв халдсан бол бидэнтэй эн тэнцүү байлдах ганцхан орон нь Монгол байсан шүү” гэсэн байна лээ.
Ер нь монголчууд золбоотой шүү дээ. Хуягт машин дээр тугаа мандуулаад явж байгаа нь цаанаа л өөр. Сууж байгаа байдал, биеэ авч яваа нь омголон харагддаг.
-Та нарыг үүрэг гүйцэтгэж байх үед дайн тасралтгүй үргэлжилсэн үү?
-Хааяа Африкийн холбоо зуучилж, гал зогсоох гэрээ байгуулна. Гэвч долоохон хоног болоод л дахиад байлдаад эхэлнэ. Манай эхнэрийн ээлж ирэхэд бас л байлдаж байсан. Ээлж хүлээлцэх гээд Батлан хамгаалах яамнаас комисс ирлээ. Гэтэл комиссын бүрэлдэхүүн нисдэг тэрэгнээс дөнгөж буугаад иртэл энд тэндгүй бөмбөг дэлбэрээд дахиад байлдаад эхэлсэн. Манай дарга нар онгоцноос буугаад л хантааз өмсөөд хоргодох байр руу гүйхээс аргагүй болж байгаа юм. Дараа нь “Ямар айхтар хүнд газар вэ” гэж байсан. Тэнд одоо болтол цагийн байдал хэцүү хэвээрээ. Дүрвэгсдийн тоо нь бараг 100 мянга хүрсэн гэсэн.
Сонирхуулахад, Африкийн цэргүүдийн байлдааны ажиллагаа нь тогтмол цагт явагдана. Үүрийн 05.00-09.00 цагийн хооронд, орой 16.00-21.00 цагийн хооронд заавал байлдана. Яагаад гэвэл тэр үед арай сэрүүхэн байдаг юм. Манайхан хоорондоо “Эд нар яагаад шөнө байлддаггүй юм бол” гээд ярьж байтал манай нэг цэрэг “Хар юм болохоор нэгнийгээ хардаггүй юм байлгүй” гэж билээ (инээв).
-Энхийг сахиулах ажиллагаанд Монголын хэдэн мянган цэрэг оролцсон байх. Энэ нь зэвсэгт хүчний ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд том нэмэр болсон уу?
-Өмнө нь манай дээд офицерууд бүгд ЗХУ-д бэлтгэгддэг байлаа. Харин одоо их олон оронд бэлтгэгдэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон” гэж хэлсэн нь яах аргагүй үнэн. Сүүлд гаргасан тоогоор 12 мянган цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна лээ. Ажиллагаа болгон өөр өөрийн онцлогтой, сурах юмтай. Тэр хэрээр манайхны ур чадвар маш их нэмэгдсэн нь харагдаад байгаа юм. Олон зүйлд бэлтгэгдэхийн хэрээр хөрвөх чадвартай болж эхэлж байна. Зөвхөн буудахаас гадна анхан шатны тусламж үзүүлдэг, артилерийн буу засварладаг гэх мэт. Гэхдээ хүндрэлтэй тал бий. Учир нь манай зэвсэглэлийн 80 шахам хувь нь Оросынх. Тиймээс хөгжингүй орны зэвсэглэлийг шууд хуулж болохгүй байна. Яагаад гэвэл таарахгүй. Тиймээс авахыг нь аваад, өөрийнхөө онцлогт тохирсон зэвсэглэлийг бий болгоод явах хэрэгтэй гэж боддог. Харин сүүлийн үед манайх зэвсэг техникээ бага багаар сайжруулж байгаа. Нэг мөсөн шинэчилье гэхээр хөрөнгө мөнгөний асуудал хэцүү. Техникээ сайжруулах тусам НҮБ-ын болон бусад ажиллагаанд оролцоход улам боломжтой болох юм.
Монгол хүний цусанд ийм зан байдаг юм болов уу гэж бодсон
-Ярилцлагынхаа эцэст нэг зүйл сонирхож асууя. Дайны цөвүүн үед батлан хамгаалах хүчээ зузаатгах нь зайлшгүй. Харин энх цагт энэ салбарт их мөнгө зарцуулж, цэрэг дайчдыг бэлдэх шаардлага байна уу. Энэ мөнгөө өөр зүйлд зарцуулах хэрэгтэй гэж үзэх хүн бий. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Би үүний эсрэг байр суурьтай байдаг хүн. Дэлхийн улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг цэрэг, армидаа зарцуулж байгааг сонирхоод үзээрэй. Монгол Улс энэ үзүүлэлтээр нэлээд доогуур бичигддэг. УИХ жил бүр батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх талаар ярьдаг. Уг нь нэмэгдүүлэх нь зөв юм. Бид ямар нэг улстай байлдах зорилгоор цэрэг бэлдээд байгаа юм биш. Нэгдүгээрт, монгол хүнд цэрэг, эх оронч хүмүүжил байх ёстой. Хоёрдугаарт, Монгол бол өнө эртнээс цэргийн мундаг уламжлалтай улс. Энэ уламжлалыг гадны хүчирхэг гүрнүүд хүртэл судалж байна. Ийм уламжлалтай улс өөрсдөө цэрэг армигүй байж таарахгүй. “Өөрийн цэргийг тэжээж чадахгүй улс хүний цэрэг тэжээнэ” гэсэн үг байдаг. Хатуу ч гэсэн үнэн үг.
Цэргүүдийг маш олноор бэлдэж байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Надад бол харин ч бага санагддаг. Улс залуусыг бэлдэж, дайчилгааны нөөцөө бүрдүүлсний үндсэн дээр оршин тогтнодог юм.
Одоо Монгол Улсын нүүр царай болсон ганц салбар нь батлан хамгаалах салбар гэдэгтэй хүмүүс маргахгүй байх. Энхийг сахиулах ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа улсын нэг нь Монгол. Бас хамгийн чадвартай гэж үнэлэгддэг. Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ яагаад оролцуулаад байдаг юм бэ гэж зарим хүн асуудаг. Энэ бол улсаа дипломат шугамаар батлан хамгаалж байгаа маш том бодлого юм шүү. Бид НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу зовлон тохиолдсон улсад цэргээ явуулж, тус болсон. Хэрэв муугаар бодоход манайд аюул нүүрлэвэл дараа нь тэд туслах учиртай. Монгол цэргийн гүйцэтгэж буй хамгийн том үүрэг нь энэ. Монголчууд ч үүнийг ойлгож, цэргүүдээ хайрлаж хүндлээсэй гэж хүсэж байна.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
-Танай сониноор дамжуулаад ҮБХИС, Батлан хамгаалах удирдлагын академийн нийт бие бүрэлдэхүүндээ монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.
Г.БАЯРСАЙХАН [ЗГМ]
URL: