Д.Зоригт сайд аа, амжиж өөрийн хүсэлтээр ажлаа өгөөч

Стандарт бус хамтарсан Засгийн газрын залуу сайдуудын нэг Д.Зоригт гэж харааны шил зүүсэн жижигхэн шар залуу сүүлийн хоёр жил Монголын ард түмэнд жигтэйхэн танил болов. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших гэж нам дотроо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай өрсөлдөн ялалт байгуулсан зэрэг амжилтыг нь дурдвал овоо зайтай эр юм шиг байгаа. Бас болоогүй ээ, хилийн чинадад хэд хэдэн дээд сургууль дүүргэсэн боловсролтой, чадалтай ч залуу гэнэ билээ. Гэхдээ түүнийг ямар замаар яаж яваад улс төрд орж, ямар амжилттай явааг нь улс төрийн хүрээнийхэн болоод Монголын ард түмэн сайн мэдэх биз ээ.
Залуу хүн алдаж болно, туршлагагүй ч байж болно. Гэхдээ алдаагаа тэр дор нь засч, аливаа асуудалд буурь суурьтай хандаж, бусдын нөлөөнд автаж, өөрийн болоод хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийн төлөө хүчин зүтгэх учиргүй. Яагаад гэхээр төрийн их хэрэгт гар бие оролцож яваа хүнд энэ байж боломгүй зүйл. Гэвч энэ зан чанараа хаяахаасаа халааслаад явдаг улстөрчид өнөөгийн парламентад олон.
Ер нь, энэ зан чанарын талаар төрийн түшээдэд хичээл заамаар санагддаг юм. Ялангуяа, хамтарсан Засгийн газрын залуу сайдуудад. Нэг их гавъяа байгуулсан юм шиг, түүний оронд хэн ч байсан хийх л ёстой ажлыг өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй юм шиг авирладаг зангий нь засах хэрэгтэй. Бүр сүүлдээ бууж болдоггүй мөнхийн албан тушаалтай юм шиг ард түмэнд, тэр битгий хэл УИХ-ын гишүүдэд хүртэл ихэрхэж хандах хандлага Д.Зоригт мэтийн сайдаас гарах боллоо. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр энэ юу гэсэн үг вэ.
Д.Зоригтыг сайд болсоноос нь хойш эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт гарсаныг хэлэх хүн олдохгүй байх. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг бүтээлээ хэмээн хөөрцөглөөд л байсан. Нөгөө гэрээ нь яасан, араасаа бөөн хэл ам дагуулж, засвар орох дээрээ туллаа. Мөн Хөвсгөл аймагт Могойн голын дулааны цахилгаан станц барих тендерийг хятадуудад өгсөн. Ингэхдээ зүгээр ч нэг өгөөгүй гэдгийг нь мэдэхгүй хүн ховор байх. Ингээд зогсохгүй өнгөрсөн өвөл Улаанбаатарын утааг багасгах баатрын дүрд хувиран гэрийн иж бүрэн дулаалга нэртэй тендерийг мөн л хятадуудад зарсан. Гэтэл түүний хувийн ашиг сонирхол нь улам сэдэрч хагас коксжсон түлш үйлдвэрлэх төслийг авах ёстой байсан ТЭЦ-2 дулааны цахилгаан станцийн өмнүүрр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан орж, “Аморе интернэшнл”-ийг шууд сонгон шалгаруулаад хоёр тэрбум төгрөг олгосон байгаа. Тэгэхээр түүний ажлын арга барил ердөө л энэ. Уг нь гадаад дотоодоор явж галуу шувууны мах идсэн боловсролтой залуу сайдаас гарах ажлын арга барил энэ биш баймаар. XXI зуун гарчихаад байхад лааны гэрэлд сүүмийн суухыг хэн ч хүсэхгүй. Гэтэл захын хорооллын зарим өрх таны “буянаар” өнөөг хүртэл тог цахилгаангүй лааны гэрэлд амьдарч байна, Д.Зоригт сайд аа. Хэрэв та ажлаа хийж чадахгүй бол авсан шигээ өгч сурах хэрэгтэй. Ядаж нэрэнд чинь цэвэр шүү дээ. Өгч болсон суудлыг авч бас болдог гэдэг. Ямар ч сайн хүнийг мөнгө албан тушаал хоёр эвддэг. Ялангуяа, тань шиг шинэ залуу хүмүүсийг. Тэгэхээр эрхэм сайд та ажлын арга барилаа өөрчилж, ард түмнийхээ төлөө ажил. Үгүй бол чаддагт нь ажлаа шилжүүл, ингэхдээ өөрийн хүсэлтээр шүү. Учир нь, таныг сайдын суудлаас чинь суга татах асуудал парламентад хэдийнэ яригдаад эхэлчихсэн байгааг та лав анзаарсан биз.

Г.Анар


URL:

Сэтгэгдэл бичих