О.Баасанхүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцаас бусад мэдээллийг ил болгохыг хүслээ

7236УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Зарлиг гаргуулах тухай албан бичиг хүргүүллээ.

Албан бичигтээ “Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон байна. Миний бие Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн тойргийн иргэд энэ аймшигтай хэрэгт холбогдон, ял шийтгэл авч урт удаан хугацаанд хоригдохоор болж байгаад гүнээ харамсаж байна.

Эдгээрийг тоймлон авч үзвэл: 1. Шүүх хурал хаалттай хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэж байгаа тухай 2. Шүүгдэгч нар нь захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа тухай 3. Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Д.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа тухай 4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотлож байгаа эсэх зэрэг эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах тухай надаас хүссэн байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү” хэмээн дурьджээ.

Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан иргэд хаалттай шүүх хуралдаанд хийгдсэн аливаа үйл ажиллагааг ил тод болгох боломжтой бөгөөд олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд бага ч болов хариулт авч чадах байх гэдэгт гүнээ итгэж байна гэдгээ тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Цензургүй.мн


URL:

Нэр: Hi Огноо: 16 March 2017

Enend tiim ix xamaatai ym bxda

Сэтгэгдэл бичих