АН-ыг тойрсон асуудлууд

ан(4)АН аймаг, нийслэл, сум дүүргийн намын дарга нараа болон Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгох сонгууль явуулах цаг ойртож байна. Өчигдөр эдгээрт өрсөлдөх хүмүүсээ бүртгэж дууссан. Тэгвэл эдгээр албан тушаалд очихыг хүсч байгаа хүмүүст мөнгөний босго, дэнчин тавьсныг эсэргүүцэх хүн олон байсан. Тухайлахад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар.

Мөн өчигдөр УДШ АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн ч намынх нь шинэ дүрмийг бүртгэсэнгүй. Үүнтэй холбоотой улстөр ид эхэлж байна. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ нар үүнийг юу гэж үзэж байна, яагаад тус намын дүрмийг бүртгээгүй вэ, С.Эрдэнийн эсрэг талынхан юу хийж байгааг тоймлоё.

Б.Батхуяг: Шүүх АН-ын дотоод үйл ажиллагаанд оролцох ёсгүй

АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Хууль, дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг нар өчигдөр мэдээлэл хийсэн. АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын даргыг бүртгэх, Үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хэлэлцлээ. Шийдвэрээ гаргахдаа Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа.

Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зүйл бүрээр хэлэлцсэнгүй гэсэн асуудлыг тавьсан байна лээ. Бүх аймаг, дүүрэг дээр салбар хуралдааныг хуралдуулж, дүрмийг зүйл бүрээр нь хэлэлцүүлсэн. Хамгийн олон санал авсан саналуудыг их хурлаар батлуулсан.

“Намынхаа бүх гишүүдээр сонгогдсон даргыг Улсын Дээд Шүүх бүртгэсэн. Гэтэл Үндэсний бодлогын хороо болон анхан, дунд шатны намын байгуулалтын дарга, гишүүдийг бүх гишүүдээрээ сонгохыг болохгүй гэж Дээд шүүх үзсэнийг ойлгохгүй байна. Намын дарга нь бүх гишүүдийн сонголтоор сонгогдож чадсан юм бол анхан, дунд шатны гишүүд нь мөн бүх гишүүдээсээ сонгогдох ёстой” гэлээ.

Харин АН-ын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. Манай байгууллагын шинэчлэлийн асуудал, дотоод сонгуулийг мөрдөж байгаа мэтээр шийдвэр гаргасанд харамсалтай байна.

Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Аймаг, сумаар дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байгаа. Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр нэмэлт тайлбар гарагж өгсөн. Улсын Дээд Шүүхэд хандаж дахин бүртгүүлэх хүсэлт гаргасан” гэв.

АН-ын дарга С.Эрдэнэ “Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон дотоод сонгуулийн санал авах өдөр хойшлогдохгүй хугацаандаа болно. Сүүлийн өдрүүдэд татвар, дэнчин, хураамжтай холбоотой асуудал их яригдаж байна. 2000 онд Ардчилсан нам татвараа жилийн 1200 төгрөгөөр тогтоосон. Энэ татвар хэвээрээ, татвараа төлснөөр саналын эрх нээгдэж байгаа. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дэнчинг 2000 онд нэг сая төгрөгөөр тогтоосон. 17 жилийн дараа дэнчинг 3 сая төгрөгөөр, сонгуулийн хураамжийг 3 сая төгрөгөөр тогтоосон. Өнөөдөр төгрөгийн чадавхи ямар байгаа билээ гэдэгтэй харьцуулахад боломжийн.

Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 90 сая, дүүргийн намын даргад өрсөлдөх бол 20 сая, аймгийн намын даргад өрсөлдөх бол 15 сая. Энэ бол 31 хүний хүрээнд шийдэгдэх асуудал. Дээр нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийг нэмбэл 400 гаруй гишүүн хамаарна. Нийт гишүүдэд татварын дарамт очоогүй. Ардчилсан нам төсвөөс санхүүжилт авдаггүй, татвар хандив дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Санхүүгийн хувьд бие даасан хараат бус байх ёстой. Цөөн хэдэн тооны хүмүүсийн халаасанд багтаж бодлого шийдвэр гаргадаг зарчмаасаа татгалзая.

Энэ нам гишүүдийнхээ хандив татвар дээр үйл ажиллагаа явуулж чаддаг нам болох ёстой. Энэ бол шинэчлэлийн нэг алхам. 180 мянган гишүүн дотроос 400 гаруйд нь гол ачаа ирж байгаа. Албадлагын хэв шинж байхгүй. Аймаг, дүүрэг, нийслэлийн даргад нэр дэвшигч дэнчингээ төлөөд албан тушаал дээр өрсөлдөх боломжтой. Заавал чи нэр дэвш гэдэг албадлага байхгүй. Олигархуудын хараат байдлаас гармаар байна.

Цөөн тооны мөнгөтэй хүмүүсийн захиалгаар улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байдлаас татгалзах ёстой, тэгж шинэчлэгдэнэ. Бид өнөөдөр бүх гишүүдийнхээ шийдвэр сонголтоор асуудлыг шийддэг болъё. 180 гишүүнийхээ нам болж чадвал нам шинэчлэгдэнэ. Бүх гишүүдийнхээ саналаар сонгогдсон намын даргын хувьд нийт гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална” гэж мэдэгдлээ.

Тэгвэл АН-ын дүрмийн шинэчлэл яагаад шаардлага хангаагүй вэ

Улсын дээд шүүх АН-ын хүсэлтийг хүлээн авч, өчигдөр хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Харин яг ямар шаардлага хангаагүй, ямар асуудлаар болж бүртгээгүй нь олны анхаарлыг татсан юм. Тэгвэл намын дүрмээ бичиг баримт дутуугаас болж ийнхүү бүртгүүлж чадаагүй байна.

Тодруулбал, улс төрийн намуудын хууль зөрчсөн зэрэг асуудал байхгүй. Хуульд заасан намын дүрмийн шаардлага хангаагүй, ирүүлсэн материал нь дутуу зэргээс болж бүртгүүлж чадаагүй байна. Гэхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй учраас бичиг баримтаа бүрдүүлээд дахин бүртгүүлэх боломжтой юм байна.

Мөн АН-ынхан намд ажиллаж байгаагүй шинэ хүмүүс бичиг баримтаа бүрэн өгч чадаагүй байх гэж ярилцах нь ч байна.

АН-ын гишүүд ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж эхэлжээ

Улсын Дээд Шүүх өчигдөр хуралдаж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж эхэлжээ. Тэд “Улсын дээд шүүх рүү намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт ямар хэлбэрээр явсныг, Дээд шүүх яагаад бүртгэхээс татгалзсан талаар баримт тайлбар авахыг хүсчээ.

Мөн яг одоо Ардчилсан намын хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл Улсын Дээд Шүүхэд бүртгэгдээгүй дүрэм үйлчилж байна уу гэдэг нь Ардчилсан намын жирийн гишүүдийг эргэлзээтэй байдалд оруулж байна. Улс төрийн намын тухай хуульд Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг заасан.

Тийм учраас намын дотоод сонгуулийг явуулах нь зүйд нийцэх эсэх, дотоод сонгуулийн хорооны гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь аль дүрмээр явж байгааг тодорхой болгох. Өндөр хураамж, дэнчин нь аль дүрмээр тогтоогдож байгааг тодруулах зэрэг олон асуудал байгаа тул Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байна гэсэн байна.

И.Болд

gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих