Сайдын зангараггүй А.Цогцэцэг Менингококкт өвчний вакцины оочер дарааллыг шийдэхэд хүч нь хүрэхгүй л байх даа!
“Дарга хүн бол асуудал шийдэх гэж дарга хийдэг шүү… Тэрнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм.Ажил хийдэг асуудлыг шийддэг хүн учраас дарга сайд гэдэг албан тушаал дээр ажилладаг байхгүй юу. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна. Одоо тэгээд генерал л шийдэж дээ” гэх үгийг Шадар сайдын амнаас унагахад хүргэсэн хүн бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. Өвөлжилт ихээхэн хүндэрсэн таван аймгийн хорин хэдэн сумын дундах отрын бүсэд шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэлгүй цаг алдчихаад, хаа байсан Азийн хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг яриад зогсохгүй “Хөөцөлдөж байна, үнэхээр бүтэмж муутай байна” гэж хэлээд сууж байсан хүн бол А.Цогцэцэг сайд. Удирдах албан тушаалтны зангараггүй, даацтай шийдвэр гаргачих зүрх зориггүй А.Цогцэцэг сайдын үед Эрүүл мэндийн салбар дахь тулгамдсан асуудлууд шийдлээ олно гэдэгт итгэхгүй байгаагаа салбарынхан хэлцгээж буй юм.
Уг нь бол эрүүл мэндийн салбар удирдлагын түвшиндээ ч, эмч мэргэжилтнүүдийн түвшиндээ ч реформд бэлэн болсон байх ёстой, тийм цаг үе. Гэвч салбарын толгой дээр улстөрийн нөлөөллөөр гараад суучихсан А.Цогцэцэг сайд байгаа цагт энэ салбарт дорвитой ажлууд хийгдэх магадлал тун бага байгаа юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж манай Монголчууд ярьдаг шүү дээ. Үнэхээр салбараа гэсэн сэтгэл зүтгэлтэй хүн бол эмч мэргэжилтнүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хугаслаад ч болов шийдэхийн төлөө сайд дарга хүн шиг ажиллах ёстой. Асуудал шийдэж чадахгүй бол дарга сайд байх гээд хэрэггүй. Зүгээр л огцрох хэрэгтэй.
ЭМЯ-д очсон сайд дарга болгон толгойноосоо “реформ” хийж байгаа нь энэ гэж гэж Эрүүл мэндийн зохион байгуулалтын номын “А” –аас эхэлж сурч, чаддагаар нь хэдэн эмнэлгийн дарга солидог, тэр “А” нь дуусаагүй байхад засаг солигддог, дараагийнх нь ирээд өөрийгөө баахан рекламдаж өнөө муу эмч нараа газар доогуур ортол муулж муулчихаад бас дахиад “А” –гаас эхэлдэг, залгамж чанар манар байхгүй ийм л байдлаар энэ Эрүүл мэндийн систем удирдуулж явж ирснийг нэгэн нийтлэлч хэлсэн байдаг. Тэгвэл А.Цогцэцэг сайдын тухайд яг л ийм байр байдалтай яваа хүн. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт реформ хийе гэвэл А.Цогцэцэг шиг салбараа өндийлгөж чадахгүй хүмүүсийг эхлээд буулгах ёстой юм.
Сайд болохоосоо өмнөхөн хувийн эмнэлгээ “худалдаж” жүжиглэсэн гэгддэг А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын тамгыг атгангуутаа ажилдаа шуурхайлан орно гээд байсан. Өнөөдрийн өдрийг хүртэл тэрбээр шуурхайлан шийдсэн ямар ажлууд байгаагаа нарийн сайхан тоочоод гаргаад ирэх хэрэгтэй байна.
Тухайлбал, таны үүрэгт ажилтай шууд холбоотой нэг асуудлыг энд хэлье л дээ. Сүүлийн үед хүүхдүүд Менингококкт өвчнөөр ихээхэн өвчилж байна гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ өвчний ид тархалтын үед урьчилан сэргийлэх вакцины тарилгыг зөвхөн ХӨСҮТ дээр биш дүүргийн эмнэлгүүд дээр хийх шийдвэрийг та яагаад гаргаж болохгүй байгаа юм бэ? Долоо хоногийн хоёр л өдөр ХӨСҮТ дээр энэ өвчний эсрэг вакциныг 6-13,500 төгрөгөөр хийж байгаа гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч нар хэвлэлд ярьж байна. Нэг л төрлийн вакцин яахаараа 6 мянга болон 13,500 гэсэн хоёр төрлийн үнэтэй байгааг А.Цогцэцэг сайд та тайлбарлана уу?
Хүүхдээ элдэв өвчин тусгачихгүй юмсан гэсэндээ эцэг эхчүүд энэ үнийг тоохгүй л вакцин хийлгэх байх. Тэгвэл ядаж вакцины оочер дарааллын асуудлыг шийдэхийн тулд дүүргийн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд дээр вакцинжуулалт явагдах асуудлыг шийдэх нь сайд таны ажил үүрэгт хамаарах биз ээ. Хүмүүс олноороо цугласан газар элдэв өвчний голомт байдаг гэдгийг бид мэднэ. Өвчнөөс сэргийлэх гэж очоод өвчин тусаад байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
А.Цогцэцэг сайд та үнэхээр л сайд юм бол ядаж ийм асуудлыг даргын зангараг гаргаад шийдэж сурмаар юм. Үгүй бол хийж чадах хүнд нь зайгаа тавиад өг дөө!
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: