Том Ван Триян: Монголын тээврийн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлс олон байна
“Монголын тээвэрчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллах юм. Тэд том оврын машин явах боломжгүй нарийнхан зам дээгүүр нүүрс тээвэрлэж байна. Мөн Монголын замыг нимгэн асфальтаар барьснаас болж ирмэгээсээ эхлээд энд, тэнд том нүх гарсан байна. Ийм нөхцөлд машинууд мөргөлдөж, улмаар хүний амь нас эрсдэх аюул тулгардаг” хэмээн Голландын “PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Триян “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого” сургалт, семинарын үеэр ярив.
Уул уурхайн ашигт малтмал болон нүүрс олборлолт хөгжсөн манай улсад хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг бол яах аргагүй тээврийн салбарынхны эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй ажиллагааны байдал мөн.
Сүүлийн жилүүдэд нүүрс тээвэрлэдэг том оврын машины жолооч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хангаагүй нөхцөлд ажилласны улмаас осолд орох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг асуудлууд цөөнгүй гарах болсон. Үүний нэгээхэн баталгаа нь “PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Трияны Монголын нөхцөл байдлын өнөөгийн дүр төрхийг өгүүлсэн яриа болох биз.
Тэгвэл “Автотээврийн үндэсний төв” болон “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого”-ийг боловсруулсан байна. Ингэснээр тээврийн компани бүр тус тусдаа эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй байдлын бодлоготой байсныг цэгцэлж, олон улсын стандартад нийцүүлж байгаа гэнэ.
Энэ үеэр “Монгол тээвэр нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Э.Чимэддагва “Монгол тээвэр нэгдлийн үндсэн үйл ажиллагаа бол эрдэс баялаг, уул уурхай, нүүрсний тээвэрт чиглэн ажилладаг. Манай үйл ажиллагааны гол чиглэлд хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг маш нарийн тогтоож, баримтлан ажиллах шаардлага байдаг.
Харамсалтай нь өнөөгийн нөхцөлд Монголын тээврийн компаниудын үйл ажиллагаа ялангуяа “Эрдэнэс таван толгой”-гоос Гашуун Сухайтын хилийн боомт хүртэлх 240 орчим км зам дээр аюулгүй байдал, хүний амь нас эрсдэлтэй байдалд ордог. Энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Голландын “PUM” олон улсын байгууллагын хөдөлмөр, аюулгүй байдлын мэргэшсэн зөвлөхийг урьж авчирсан. Манай улсад долоо хоног компаниудын байран дээр ажилласан. Энэ хугацаанд жолооч, засварчид, ажилчидтай уулзсан.
Энэ хүрээнд бид өнөөдрийн сургалт семинарыг зохион байгуулж байна. Бидэнд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны баталсан бодлого, дүрэм, журам бий. Энэ дүрэм, журам нь олон улсын стандартад хэр ойртож очсон юм бэ гэдгийг мэдэх үүднээс олон улсын “PUM” байгууллагад хандсан юм” гэв. Тус компани нь 2010 онд анх байгуулагдаж уул уурхайн болон нүүрс тээвэрлэлтийн төсөлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар тус компани нь үндэсний хөрөнгө оруулалттай 20 гишүүн компанийн 1,500 гаруй ажилтан 500 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр авто тээвэр, логистикийн том бүтэц болон ажиллаж байгаа ажээ. Бид энэ үеэр “PUM” олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөх Том Ван Триянтай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-“Монгол тээвэр нэгдэл”-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого болон өнөөгийн уул уурхайн тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагаатай танилцсан гэлээ. Энэхүү нэгдсэн бодлого олон улсын стандартад хэр нийцсэн байна вэ. Ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Монголын уул уурхайн тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагаатай хоёр долоо хоногийн турш өөрийн биеэр явж танилцлаа. Нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсан. Юуны өмнө Монголын ажилчид болон ажил олгогч эзэд, төр засаг нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Нэгдүгээрт, Монгол Улсад хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль байдаг. Зохицуулалт, дүрэм журам байхгүй биш байдаг. Тун дажгүй хийгдсэн хууль, дүрэм журам байх юм. Хамгийн гол асуудал юунд байна гэвэл хуулиа хэрэгжүүлдэггүй. Хэрэгжилтэд нь хяналт тавих механизм байдаггүй юм болов уу гэж харлаа.
Энэ бол та бүхнээс онцгойлж гуйх зүйл юм. Хуулиа анхаарч, судалж, хэрэгжилтэд нь хяналт тавиач ээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, замын нөхцөл байдал маш муу байна. Манай барууны стандартаар тэр бол зам биш юм. “Таван толгой”-н уурхайгаас Хятадын хил хүрч байгаа эсрэг хоёр урсгалтай нарийхан зам байсан. Энэ бол зам биш. Тиймээс дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ажилчид нь ч, ажил олгогчид нь тоодоггүй. Төр засаг нь ч тоодоггүй юм байна. Тийм учраас үнэхээр хүн ажил хөдөлмөр эрхлээд албан ёсоор цалин хөлсөө аваад явъя гэвэл өөрийнхөө ажиллах орчинд эрүүл, аюулгүй байдлыг шаардах нь тухайн хүний өөрийнх нь заяамал эрх юм. Тиймээс аль аль талдаа анхаарч, харж үзэхгүй бол энэ байдлаараа цаашид хол явах боломжгүй гэж би харсан.
-Таны хэлсэнчлэн Монголын Засгийн газар, ажил олгогч эзэд, ажилчид төдийлөн хоорондоо сайн ойлголцолд хүрэхгүй байгаа. Энэ гурвыг нэгтгэж хуулийн хэрэгжилтийг сайжруулах ямар арга зам байна вэ?
-Барууны орнууд энэ асуудлыг хэрхэн шийдсэн жишиг байдаг вэ гэвэл, хөдөлмөр эрхлэгчид холбоо, эвсэл байгуулсан байдаг. Тэр эвслээрээ дамжуулан тулгамдаж буй асуудал, санаа бодлоо хамтатгадаг. Нөгөө талаас ажил олгогчид ч эвсэл, холбоо байгуулаад тулгамдаж буй асуудал, саналаа боловсруулдаг. Ингээд ажилчид болон ажил олгогчдын эвсэл хамтраад төр засагтаа гаргасан саналаа тавьж, асуудлаа хэлэлцдэг. Ажил олгогч, ажилчинг ч хохироохгүй байх тааламжтай байдлаар ажил хэрэгч харилцан яриаг өрнүүлдэг. Түүнийгээ тодорхой ажил хэрэг болгох зэргээр хамтарч ажилласаар байгаад энэ асуудлыг шийдсэн байдаг.
Нэмж хэлэхэд, Монгол Улсад дээр хэлсэнчлэн ашиг сонирхолын үндсэн дээр нэгдэх хандлага явагдаад эхэлсэн байна. Жишээлбэл, 18-20 гаруй тээвэр жуучлалын компаниуд нэгдэж, “Монгол тээвэр нэгдэл” корпорацийг бий болгосон байна. Энэ корпораци маань бие дааж 20 компаниа төлөөлөн Засгийн газар, Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн яамтайгаа харилцан ажиллаж байгаа юм байна. Түүний үр дүнд би Монголд ирсэн. Тэгэхээр сайн эхлэл байна. “Монгол тээвэр нэгдэл” бол үүний нэг жишээ юм.
Эх сурвалж: Монголын мэдээ
Н.Батзаяа
URL: