“Хэлгүй дада” нар инээдэм биш болох нь

Хэл хүүхдийн бүхий л талын хөгжил, боловсрол, төлөвшилд чухал нөлөөтэй. Хүүхэд хэл ярианы тусламжтайгаар орчноо таньж, бусадтай харилцаж, нийгэмшдэг. Түүнчлэн хүүхдийн хэл ярианы чадвар сайн бол хожим амжилттай суралцах, ажил, амьдрал нь өөдрөг байх үндэс суурь болдог хэмээн Брюггэ Валбурга, Моос Катарина нарын “Хүүхдүүд ингэж ярьж сурдаг” номд бичжээ.

Манай улсад 200-300 мянган сонсголын бэрхшээлтэй иргэн бий. 1998 онд энэ тоо 190 мянга гаруй байжээ. Гэтэл сонсголын бэрхшээлгүй ч хэл ярианы согогтой хүүхдүүд нэмэгдэж байгааг авиа зүйн багш нар анхааруулах болов. Энэ нь эцэг, эх хүүхэдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх нь багассантай холбоотой гэж тэд үзэж буй.

Сонсгол сайн байх нь хэлний хөгжлийн чухал үндэс болдог. Сонсохгүйгээр дуурайж ярих боломжгүй. Сонсгол муутай болон дүлий хүүхдүүдэд орчин тойрны дуу чимээ болон хэлний туршлага суудаггүй. Нярай хүүхэд хөхөж байгаад болих, толгой, нүдээ чимээ гарсан зүгт хандуулах гэх мэтээр сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлдэг.

Хүүхэд сургуулийн өмнөх насанд хэл яриа нь хөгжиж, бэлтгэгддэг

Харин 3-6 сартайдаа утас тэргүүтний чанга чимээ, хүний дуу хоолойг сонсоод хариу үйлдэл үзүүлэхгүй бол эмчээр сонсголын эмгэгтэй, эсэхийг шинжлүүлэн, цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд дунд чихний үрэвсэл болон чих, хамар, хоолойн халдвараас үүдэлтэй сонсголын хөнгөн эмгэгтэй бол ижил төстэй авиа, үгийг ялгахгүй. Ийм үрэвсэл, халдвар давтагдаж, хэдэн сараар үргэлжилбэл хүүхэд хэл ярианы хөгжлийн сааталтай болдог. Хүүхдэд зурагтай номоор дамжуулан эх хэлний мэдлэг, унших хүсэл өгөх нь хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд үр өгөөжтэй байдаг.

ХЭЛ ЯРИАНД АНХААРАХ НЬ 

Хэл яриа нь харилцааны үйлээс гадна сэтгэхүйн зан үйл төлөвших хэрэглүүр болдог. Аутизмтай хүүхэд гэхэд л хэл яриа нь хөгжихөд нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа ордог байна. Иймдээ ч хэл ярианы гажиг, сааталтай хүүхдүүдийн хөгжиж боловсрох, нийгэмших боломж хязгаарлагдмал. Хэл яриа хүний харилцааны суурь болж, сэтгэн бодох үйл явцыг илэрхийлэх зэвсэг.

Хүний хэл яриа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй байхын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд, уураг тархи бүтцийн хувьд тодорхой түвшинд хүрч боловсорсон, өгүүлэх эрхтний дууны болон амьсгалын системийн үйл ажиллагаа саадгүй, хараа, сонсгол, хөдөлгөөний хөгжил хэвийн, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай байх зэрэг болно. Гэтэл энэ бүх шаардлагыг хангасан хэрнээ дөрвөн нас хүрчихээд хэлд ордоггүй, сургуульд ороод цээж бичиг хийж чадахгүй байх нь элбэгшжээ.

Хүүхэд сургуулийн өмнөх насанд хүүхдийн хэл яриа хөгжөөд зогсохгүй уншиж бичихэд бэлтгэгддэг. Үүний дийлэнх нь ном уншуулах, ярилцах зэргээс үүдэлтэй. Харамсалтай нь, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөхөөс илүүтэй гар утас оролдож, зурагт, компьютер ширтэн суух болж. Үүгээр ч зогсохгүй хүүхдэдээ гар утас, чихэвч өгөх явдал их. Нялх балчир үрсийнхээ анхны үгийг нь тэсэн ядан хүлээдэг атал нэг, хоёр, тэр ч бүү хэл гурван нас хүрчихээд бараг ярихгүй, цөөн хэдхэн үгтэй л байна.

Хүүхэд хэл ярианы тодорхой үе шатыг туулж байж хэлд ордог аж. Төрөөд нэг сартайгаас анхны авиагаа дуудаж, удалгүй ганганан гунганаж, зургаан сар хүрмэгцээ шулганана. Харин 11 сартайгаас богино үеүдийг үргэлжлүүлэн дууддаг. Ингэсээр 1-2 насандаа бусдын яриаг ойлгохыг хичээж, ярих бэлтгэлээ хангаж, үгийн нөөцөө бүрдүүлсээр байна.

Хоёр наснаас хүүхдийн хэл яриа мэдэгдэхүйц хөгждөг учир энэ үед нь ном уншиж өгөх, дуу шүлэг заах, орчинтой танилцуулах хэрэгтэй гэв. Энэ нь ургуулан бодох, сэтгэж ойлгоход тустай гинжин холбоосууд үүсэхэд нэн чухал нөлөөтэй. Гэхдээ ном зохиолтой танилцуулах үедээ сэтгэл хөдлөлтэй, баяр баясгалантай,

  • Харамсалтай нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрөөхөөс илүүтэй гар утас оролдож, зурагт, компьютер ширтэн суух болж.
  • Харин 3-6 сартайдаа утас тэргүүтний чанга чимээ, хүний дуу хоолойг сонсоод хариу үйлдэл үзүүлэхгүй бол эмчээр сонсголын эмгэгтэй, эсэхийг шинжлүүлэн, цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй.
  • Хэрэв хүүхэд дунд чихний үрэвсэл болон чих, хамар, хоолойн халдвараас үүдэлтэй сонсголын хөнгөн эмгэгтэй бол ижил төстэй авиа, үгийг ялгахгүй.

эелдэг зөөлөн харилцахаа мартаж болохгүйг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Бид хүүхэдтэйгээ байнга ярилцаж байх нь чухал. Тодруулбал, хоёр ба түүнээс олон үгээр хариулах шаардлагатай асуулт тавихыг хичээнэ. Толгой дохих, сэгсрэх төдийхнөөр ярилцлагыг дуусгаж болохгүй ажээ. “Энэ юу вэ”, “Үүгээр юу хийдэг вэ”, “Хэн, хаанаас авч ирсэн бэ” гэх мэт асуулт тавьж, хүүхэд хариулахгүй байвал амны хайрцгийг харуулан хэлж өгнө.

Ярианы согогтой хүүхдүүд нэмэгдэж буйг анхааруулав

Үйл явдалтай үлгэр, уран зохиол, эргэн тойронд болон өөрт тохиолдсон үйл явдал бүхнийг ярьж, харилцах нь хүүхдийг яриулахад хамгийн чухал нөлөөтэй. Нөгөөтэйгүүр энэ бол хамгийн амар, хялбар арга юм. “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч, хүүхдийн сэтгэл засалч, боловсрол судлалын докторант Ж.Мөнхнасан “Эхний удаад хоёр үгээс бүтсэн өгүүлбэрээр бодлоо илэрхийлэх боломж олгож, аажмаар үгийн тоог нэмэгдүүлэн, дэлгэрэнгүй өгүүлбэрээр яриул. Тэмдэг нэр, тооны нэр, үйл үгийн хувирлыг хүүхэд ойлгож эзэмшээд ирэхэд холбоо үг бүтээлгэх чадварыг өргөжүүлэн нэмэгдүүлэх зэргээр ажиллана” хэмээн зөвлөлөө.

Эрүүл мэндийн шалтгаантай сонсгол муудсан ч түүнийг эрт оношлох сүүлийн үеийн тоног төхөөрөмж манайд байдаг болж.

ДӨРВӨН НАС ХҮРЧИХЭЭД ХЭЛД ОРОХГҮЙ БАЙНА

Нарийн мэргэжлийн хагалгааг ч эх орондоо хийдэг болсон нь сайшаалтай. Харин эрүүл мэндийн шалтгаангүй, зан харилцаа, амьдралын хэв маягаас үүдэлтэй хэл яриа, сонсголын хөгжил муудахаас эцэг, эх, асран хамгаалагчид урьдчилан сэргийлэх боломж байна. Ингэж чадахгүй бол ирээдүйд олон талын сөрөг үр дагавартайг салбарын эмч, судлаачид хэллээ.

Т. Тамаараа

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих