Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг Б.Булган шууд таньсан уу?
Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өндөрлөв.
Энэ хэргийг Б.Содномдаржаа, Ц,Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг үйлдсэн гэж үзэн анхан шатны шүүх 24-25 жил хорих ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал 12 цаг хуралдсаны эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Шүүх хурлын тогтоолыг уншиж байх үедээ шүүгч нэгэн сонирхолтой өгүүлбэр хэлсэн нь :
“Ялтан нарыг тухайн үед хэргийн газар байсныг нэр бүхий гэрч шууд таньсан” гэв. Мэдээж хэргийн газар ганцхан гэрч байсан нь С.Зориг агсны эхнэр Б.Булган. Өөрөөр хэлбэл Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг Б.Булган шууд таньсан бололтой.
Ч.Явуу
Давж заалдах шатны шүүхийн гаргасан магадлал
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ.
Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна.
Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна.
Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.
Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, ЭБШХ-ийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулж хэргийг хянан шийдвэрлэлээ. Ингээд магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа,Ц. Амгаланбаатар нарыг “…өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ.
sonin.mn
URL: