Өөдлөхөөрөө хар тамхинд мансуурч, уруудахаараа архинд живдэг Монголчууд минь
Бид сүүлийн жилүүдэд бараг л өдөр бүр аймшигт гэмт хэргүүд, осол аваар, үхэл хагацалтай нүүр тулдаг болсон нь нууц биш. Үүний гол шалтгаан нь идээний дээж гэгддэг архи, баячуудын “Тансаглал” гэгддэг хар тамхины зах хязгаараа алдсан хэрэглээ гэхэд буруудахгүй.
Нийгмийн сэтгэлгээний хямралаас үүдсэн архидалт, “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхины хэрэглээ хэрээс хэтэрч цөөхөн хэдхэн Монголчуудын минь эрдэнэт амийг ийнхүү авч байгаа нь харамсалтай.
Тодруулбал, Савнаасаа бусдыг дийлдэг гэгддэг сархад гэгч гашуун ундаанд амьдрахын төлөө зүтгэж, хоногийн хоолоо зогоох гэж яваа нийгмийн доод болон дундаж давхрагын иргэд маань донтож, хямдхан архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрдэнэт амиа алдах тохиолдол ихэссэн.
Харин нийгмийн дээд давхрага гэгддэг баячууд, урлаг соёлын одууд хар тамхи гэгч цагаан тахалд донтож, зарим нь харамсалтайгаар хорвоог орхиж, зарим нь өргөст торны цаана үлдсэн амьдралаа өнгөрөөж байна.
Өөрөөр хэлбэл, цөөхөн хэдэн Монголчууд маань хорт зуршлаас хараат болж өөдлөхөөрөө хар тамхинд мансуурч, уруудахаараа архинд живдэг бичигдээгүй хууль бий болоод удлаа.
Идээний дээж гэгддэг архинд хордсон аймшигт хэргүүд
Архи нь хувь хүн, гэр бүл, нийгэмд ямагт сөрөг нөлөө үзүүлдэг. Хэдийгээр манайхан архийг идээний дээж хэмээн найр хурим, хүндэтгэлийн үед хэрэглэдэг ч түүнийг зохистой хэрэглэх нь чухал юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд архины үнэ өсч, иргэдийн амьдрал доройтсонтой холбогдуулан хямдхан архи болон архитай төстэй үл мэдэгдэх шингэнд хордож амиа алдах тохиолдол ихээр гарах болсон юм.
Баримт 1: 2017 оны гуравдугээр сарын 11
Өмнөговь аймагт гурван жолооч хордож амиа алдлаа
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт жолооч нар амиа алдсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. “Эрдэнэс Тавантолгойн”-н нүүрсний тээвэрлэлтийг хийдэг “Монфорт” компанийн зургаан жолооч Тавантолгойн ордоос 90 км-ын зайд байрлах цайны газарт хооллохдоо согтууруулах ундааны төрлийн зүйлс уусан гэх мэдээлэл бий. Тэдний гурвынх нь бие муудаж, нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдээд байгаа. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлснээр одоогоор жолооч нар үл мэдэгдэх шингэн найруулж ууснаас болж хордсон байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм. Замд долоон жолооч явсан бөгөөд зургаа нь үл мэдэгдэх шингэн найруулж уусан байсан. Нэг жолооч нь тухайн шингэнээс уугаагүй. Ингээд гурван жолооч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж, нөгөө гурав нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Баримт 1: 2017 оны 1 дүгээр сар
Таван хүн хордож амиа алдав
Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, гурав нь газар дээрээ хоёр иргэн нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Тэднийг урьдчилсан байдлаар архинд хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэргийн газраас “Найрсаг” нэртэй архины шил, “Гайхмаараа” шил арчигч бодис олдсон байна. Нас барсан байрны сантехникч болон манаач, үйлчлэгч байсан, нэг нь эмэгтэй байсан гэж эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл, мэргэжлийн хяналтын газраас “Архинаас ямар нэг стандартын зөрчил илрээгүй. Мөн тухайн нас барсан хүмүүсийн цуснаас ч этилийн спирт илрээгүй. “Найрсаг” архины хувьд хатуулгийн хэмжээ хүрээгүй гэж дүн шинжилгээгээр гарсан. Гэхдээ энэ нь хүний аминд хүрэх асуудал биш. Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэд “Гайхмаараа” шил арчигч шингэнийг ууж хордсон байх магадлалтай” гэх дүгнэлт гаргасан юм. Дээрх иргэд алинд нь ч хордсон байж болно. Гэхдээ маргах ганц үнэн бол тэднийг үхэлд хүргэсэн зүйл нь архи юм. Хэрэв архи хэтрүүлж уугаагүй л бол ямар ч эрүүл хүн шил арчигч шингэн уухгүй гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Баримт 2: 2016 оны 11 дүгээр сарын 24
23 хүн хордож, дөрөв нь нас барав
Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид 11.24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон тухай дуудлагыг 11.25-ний өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээн авчээ. Нийт 23 хүн өртөж, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Баримт 3: 2014 оны 2 дугаар сар
“Арслант” архинд дөрвөн иргэн амиа алдав
Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, “Энэрэл” эмнэлэгт дөрвөн иргэн архинд хордон ирж, эмчлүүлж байгаад нас барсан. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж дөрвөн иргэнийг “Арслант” гэх архинд хордсон болохыг нь тогтоосон юм. Нас барсан иргэд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалт, үйлдвэрлэлийн төвд амьдардаг бөгөөд хог түүж амьдралаа залгуулдаг байжээ.
Барим 4: 2008 он
“Азийн чоно” компанийн архинд 15 хүн хордож амиа алдлаа
Нийслэлийн Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордон нас барж, 22 хүн хүнд, хөнгөнөөр хордсон ноцтой хэрэг 2007-2008 онд шилжих үеэр гарч байсан.“Метапалас” компаний шатахууны найрлагад орох онцгой хортой бодис болох 600 литр метилийн спирт, 200 литр изомилийн спиртийг Замын-Үүдийн гаалийн байцаагчаар “яриулан” боомт дахь гаальд мэдүүлэлгүйгээр хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг. Хууль бусаар оруулж ирсэн техникийн спиртээ А-80 бензинтэй холиход найрахгүй байсан учир 2006 оны арваннэгдүгээр сараас 2007 оны мөн үе хүртэл хадгалж байгаад “Азийн чоно” компанид зарсан. Ингээд техникийн спирт “Азийн чоно” компанийн “Гүн галуут” гэх архины үйлдвэрт орсноор “Бугат хангай”, “Аньст”, “Хэрлэн”, “Чингэс” зэрэг архи болон хэрэглэгчдэд очсон аж.
Баячуудын хүүхдүүдийн тансаглал буюу “Цагаан тахал”-тай
холбоотой хэргүүд
Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогсдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. Хар тамхины хэрэгт бага орлоготой гэхээсээ илүү нийгмийн дээд давхаргын буюу баячуудын хүүхдүүд холбогдох нь их байгааг албаныхан хэлдэг. Тиймээс хууль тогтоох эрх мэдэл бүхий шатанд ажиллаж буй нэр нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулчихвал энэ хэрэг нийгэм даяар тархахаас сэргийлэх боломжтой. Үгүй бол баячуудын хүүхдүүдийн хэрээс хэтэрсэн “Тансаглал” хожмын нэг өдөр монголыг тэр чигт нь намаг, балчигт хутгах аюул ойрхон байна.
Тэд нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлаж байгааг хэн таслан, зогсоох үүрэгтэй вэ. Хар тамхины хэргийг “хүрээлэлд” нь дарж авахгүй бол хожмын хор хөнөөл нь хэний ч санаанд оромгүй байдлаар илэрнэ. Тиймээс харанга дэлдэж байгаа хар тамхины хор хөнөөлийн асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
Олны танил эрхмийн хүү амиа алдлаа
Хамгийн сүүлийн үеийн жишээ дурьдахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Рояал Кэтстл” хотхоны дугаар байрны 12 давхраас нэгэн иргэн унаж нас барсан билээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр, 20 орчим насны нийт 12 залуу архидан согтуурсан байна. Тухайн өдрийн үүрийн 5-6 цагийн орчмын үед залуус унтаж байх хойгуур Х нь 12 давхраас унаж амиа алдсан байдаг. Талийгаач олны танил эрхмийн ууган хүү бөгөөд тэрбээр найзуудтайгаа наргиж цэнгэж, мансууруулах төрлийн бодис хэрэглэж улмаар биеэ удирдах чадваргүй болсон үедээ унаж амиа алдсан болохыг шүүхийн шинжээчид тогтоосон юм.
Хар тамхи хэрэглэсэн залуу амиа алджээ
18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг гарсан байна. Эл хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр гарсан бөгөөд тэрээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаан алдаж унасан байдалтай хүргэгдэн иржээ.
Гэвч залуу эмчилгээ хийлгэж, амжилгүй амьсгал хураасан байна. Талийгаачтай хамт 18-22 настай хоёр залуу хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан гэнэ. Энэ үед 18 настай залуугийн гар хөл нь татан, ухаан алдан унаснаар ийнхүү амиа алдсан байна.
Баян айлын хүүхдүүдэд хар тамхи худалдаалдаг ангуучдыг шалгаж байна
Манай Монголын баячуудын хүүхдүүдийг буруу аргаар хар тамхинд оруулдаг сүлжээг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг дуулгав. Гэхдээ энэ он гарснаар гэнэтхэн илрүүлчихсэн юм биш юм байна. Одоогоос хоёр жилийн өмнөөс эхлэн УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газраас ийм сүлжээг илрүүлэн тандалт хийж, нууцаар шалгаж сүлжээний гол сэжүүрээс атгаж авсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тухайлбал, баячуудын хүүхдүүдийг “ангуучилж” байнгын хэрэглэгч болгодог гэмт хэрэгтнүүд сүлжээ байгуулаад хэдэн жилийн нүүр үзжээ. Тэд ганцхан Монголд биш хилийн чанадад гарч ажлаа явуулдаг, сүлжээний том толгойлогч нь урд хөршөөс ажлаа удардаж гишүүдээ ажиллуулдаг байсан ч гэх юм билээ. Баян айлын хүүхдүүдийг хар тамхинд оруулж донтуулах арга нь бүр нарийн. БНХАУ-аас мөсийг их хэмжээгээр оруулж ирээд баячуудын хүүхдүүдэд өндөр үнээр шахаж зардаг байж. Ангуучдын өгөөш болж гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаг бол харин ангуучид нь хэрэгт шалгагдахгүй ард нь үлдээд ял завшаад үлдэж, нууцаар хууль бусаар ийм төрлийн гэмт хэргийн хүрээгээ тэлж, олон хүнийг гэмт хэрэгтэн, хохирогч золиос болгож байгаад гол учир шалтгаан байгаа юм.
Эмэгтэйчүүд хар тамхины хэргийн сүлжээнд оржээ
Эрчүүд хар тамхины бизнес эрхэлж, хэрэглэдэг гэсэн ойлголт байдаг бол сүүлийн үед насанд хүрээгүй шахам охидууд ийм төрлийн гэмт хэрэгт уруу татагдах нь элбэг болжээ. Өнгөрсөн онд гэхэд насанд хүрээгүй хоёр охиныг хар тамхины хэргээр саатуулж, нэгийг нь батлан даалтад гаргаж, нөгөөг нь эрүүл мэндийн шалтгаанаар үргэжлүүлэн хорьсон хэвээрээ байгаа юм. Тэдний хувьд хэрэглэгч биш харин сүлжээний гишүүд бөгөөд бусдад хар тамхи худалдаалах, сурталчилах, зарах зэрэг үүргийг гүйцэтгэдэг байсан талаараа мэдүүлжээ. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд хар тамхины хэрэгт холбоотой байдаг бөгөөд шалгагдаж байгаа 60 гаруй хүний дунд хэд хэдэн эмэгтэй бий гэдгийг ч онцолж хэлж байв. Түүнчлэн хар тамхины хэргээр он удаан жил шалгагдаж байгаа Э.Уянга зэрэг хэдэн хэдэн хүний хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр шийдэгдээгүй байна. Мөн мансуурсан 12 залуугийн дунд нэг эмэгтэй ч хар тамхи хэрэглэж мансуурсан байдалтай унтаж байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид мэдээлж байсан удаатай.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/h91c173c
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
HAR TAMHI HEREGLEDEG NOVSHNUUDIIG SHIITGEH HEREGTEI.
HYTAD HUMUUSIIG ALAH HEREGTEI.