Монгол араншинг сошиалтай хослуулахад
“Хэн ч түрүүлсэн байсан муулах л байсан” гэдэг бодол ямарваа нэгэн тэмцээн, уралдаан, сонгуульт ажлын үр дүн гарсны дараа төрөх болсоор удаж. Цаашлаад ер нь монгодчуудын дунд яаж ч явсан, яаж ч амьдарсан байнга л шүүмжлэлд өртөх болно.
Ёстой л нөгөө “Дуугүй явахаар донгио гэнэ
Дуутай явахаар онгироо гэнэ
Дээлээ хөөргөхөөр танхай гэнэ
Дээшээ харахаар ярвагар гэнэ
Доошоо харахаар гутруу гэнэ
Хөмсгөө зангидахаар ууртай гэнэ
Хөнгөн инээмсэглэхээр нялуун гэнэ
Хүнд туслахаар долгинуур гэнэ
Хөндий явахаар дайсан гэнэ” гэдэг шиг гэх үү дээ.
Бид чинь яаж амьдраад байгаа хүмүүс вэ, монголчууд аа. Сошиал ертөнц гэгч зүйл гарч ирснээс хойш энэ нь бүр хэрээс хэтэрч, бүлэглэн дайрах, хэл амаар доромжлох, зохион байгуулалттайгаар гүжирдэж, гүтгэхээс эхлээд хэн нэгний бахыг хангаж, хэн нэгнийг газар дор ортол нь муулдаг муухай зантай болчихлоо. “Дарин дээр давс” гэгчийн үлгэрээр угийн нэгэндээ атаархуу, тамын тогооны үлгэрт амьдардаг монголчуудыг сошиалаар дамжуулан турхирах нь тийм ч их хэцүү байгаагүй нь лавтай. Өөрөөр хэлбэл, Монгол араншинг сошиал гэгч зүйлтэй хослуулан сүлэхэд хэзээд дэлбэрэхэд бэлэн тэсрэх бөмбөг үйлдвэрлэчихэж байгаа юм. Энэ муухай араншингаас болж, хэдэн хүн ажлаа хийж чадахгүй болж, хэдэн хүн амиа хорлосон, хорлох дээрээ тулсан бол гээд зүгээр л энгийн нэгэн бодлыг тээгээд үзээрэй. Хэдэн хүний сэтгэл, зүрх эмзэглэсэн бол гэж бодохын ч хэрэггүй байх. Бид энэ сошиал гэгч зүйлийг зөв зүйтэй ашиглахгүй бол хэн нэгэн бидний золиос цаашлаад бид ч өөрсдөө хэн нэгний золиос болохыг үгүйсгэх аргагүй юм гэдгийг сануулах гэсэн юм. Монголчууд гэхээрээ л заавал адгийн амьтад байх ёсгүй биз дээ.
У.Жанцан
Цензургүй.мн
URL: