МАН-ын 60 тэрбумын авторыг АН үргэлжлүүлэх үү?

527-1489459630515pn2emn0aetg1m2ttqh991k1_bСонгуулийн өмнө дэгдсэн МАН-ын 60 тэрбум төгрөгийн шуугианыг АН үргэлжлүүлж мэдэх нь.  УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардын намын нэр, нөлөө бүхий гурван хүний харилцан ярианы бичлэг ил болж шуугиан тарьсныг өнөө хэр олон нийт мартаагүй.

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөг болгож хувиргах талаарх сценари тухайн үед ил болсон. Цаг үе нь ч тэгж таарсан байх. Ямар сайндаа МАН-ын хариуцлагатай албан тушаалтан “Дотроосоо мэдээлэл алдсан” хэмээн сандарч байхав.
Тэгвэл АН-ыг шинэчлэхээр шулуудаж намын дарга болсон С.Эрдэнэ тэрбумаар тоологдох ээлжит шуугианыг тарив бололтой. Эхний ээлжинд намаа өөрийн мэдлийн тохилог байр руу нүүлгэсэн С.Эрдэнэ даргын дараагийн нүүдэл намынхаа гишүүдээс 60 тэрбум төгрөг босгох гэдгийг гишүүд дэмжигчид эдгээр өдрүүдэд ил тод зарлаж эхэллээ. Шахалт, шаардлага хүргүүлж байгаагаас харвал МАН-ын 60 тэрбум төгрөгийн авторыг АН үргэлжлүүлж мэдэх нь. Ер нь ч С.Эрдэнэ дарга байсхийгээд л мөнгөтэй орооцолдчихдог гэмтэй. Нас барсан хүмүүсийн тэтгэврийг завшдаг байсныг цагдаагийн байгууллагаас шалгасан, намын даргын сонгуулиар мөнгө тараасан гэх бичлэг цацагдсан зэргээр тоочвол цөөнгүй.
АН-ын даргын 60 тэрбум төгрөгийн “ажил”-ыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй төлөөлөгчид олонд тайлагнав. Тодруулбал, өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд сая төгрөгийн дэнчин төлдөг байсан бол одоо гурван сая төгрөгийн дэнчин,  мөн хэмжээний  хураамж төлөх болоод байгаа гэнэ. Мөн  Нийслэлийн намын  даргад нэр дэвшихэд хураамж, дэнчин авдаггүй байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байгаа аж. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, МАН-ын хэрэгжүүлж байгаа 60 тэрбумын схемийг АН-д гоц халдварт өвчин мэт авчирсан буруу жишиг гэж АН-ын зарим гишүүд үзэж байгаа аж.
Иймд “Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам хаалттай нөхцөлд хийгдэж байна. Дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг эргэлзээтэй. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Намын Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаад гишүүд дургүй байна.
Тухайлбал Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна.Одоо АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхаар бид санал нэгдэж байгаа. Сөрөг хүчин АН эрх баригч хүчнийхээ бурууг шүүмжлэх ёстой байтал өөрс­дөө гоц халдварт өвчнөөр өвчилж болохгүй. Манай АН-д МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлаж байна” гэж хэвлэлийн хуралд оролцогчид онцлов.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих