Ц.Жанлав тэргүүтэй МАН-ынхан Дорнодыг там болгож байна гэнэ
Түүний гар хөл бологчдыг аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, МАН-ын дэд дарга М.Бадамсүрэн, ХАҮТ-ын дарга Р.Зоригтбаатар, ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар нар тэргүүлдэг аж-
Нэгэн цагт дайны шуурга дэгдэж явсан Дорнодын уудам нутагт өдгөө Ц.Жанлав болон МАН-ын нөхдийн хууль бус үйлдлүүд ёстой л дайн шиг дэгдээж байна гэх сургаар чих тавибал баттай эх сурвалж доорхи зүйлсийг дуулгалаа. Ц.Жанлавыг өөрийн “Жадав” компани болон Улаанбаатарт байдаг орон сууцуудаа Хөрөнгө орлогын мэдүүлэгт өгөлгүй нуун, АТГ-ынханд шалгагдан улайж байсан гэхээр уншигч олон санах байх.
Тэрбээр авилга аваад зогсохгүй, ард иргэдийг ажилд авахдаа нам харгалздаг, элдэв төсөл, тендерийн сонгон шалгаруулалтад орж буй компаниудаас хувь авдаг гэхчлэн хууль сахиулахдаа биш хууль завхруулахдаа гарамгай гэж дорнодчууд шивэр авир гэлцэх юм. Түүний бусармаг үйл ажиллагаа, хуулийг хэрхэн гууль болгож байгаа ноцтой явдлууд дэлгэгдэж эхэллээ.
Бид өнгөрсөн долоо хоногт Ц.Жанлав даргын “Дорнод Бөхийн өргөө” болон түүнийг тойрсон хууль бус үйлдлүүдийн талаар, мөн “Олон улсын анхдугаар чуулганыг зохион байгуулах тухай” А/77 тоот захирамж гарган 20 сая төгрөг хувьдаа завшсан тухай мэдээлж байсан. Тэгвэл одоо түүний зарим нэг булхай луйвраас илчлэхээс өөр арга алга. Нутаг зоных нь хүсэлт учраас тэр шүү дээ. Хамгийн гол нь энэ булхай луйврууд нь ганцхан Ц.Жанлав даргынх гэхээсээ илүүтэй хөдөө аймгийг завхруулах МАН-ын бодлого яваад байна уу даа гэсэн хардлага ч Дорнодын иргэд дунд байгааг дуулгахад илүүдэхгүй биз ээ.
Түүний гар хөл, утсан хүүхэлдэй бологчдыг Аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Аймгийн МАН-ын дэд дарга М.Бадамсүрэн, ХАҮТ-ын дарга Р.Зоригтбаатар, Аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар нар тэргүүлдэг аж. Цаашлаад эднийх нь гар хөл бологчид ч цөөнгүй бий гэнэ. Газрын тосны компанийн үйлдвэрлэлийн бааз руу татаж байгаа өндөр хүчдэлийн шугамын бетонон багана нийлүүлэх хэдэн тэрбумын ажлыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн “Жадав” компани дээрээ авсан гэнэ. Тэр ч утгаараа газрын тосны тухай аливаа асуудал хэлэлцэх гэхээр амаа үдүүлсэн мэт суудаг. Яагаав өнөөх Дорнодын “Дачин Тамсаг”-ийн асуудал улс даяар босоход мань эр сүүлээ хавчаад зугтаагүй юу.
Тэрбээр 2011 оны аравдугаар сарын 13-ны өдөр “Орон сууцны хотхон, хороолол барих зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгох тухай ” А/290 тоот захирамж гаргажээ. Үүнд Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг Ус, цаг уур орчны шинжилгээний албаны зүүн талд “Орон сууцны хотхон, хороолол барих зориулалтаар 1,5 га газрыг “Дорнын их бурхант”, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хашааны зүүн талд 1500 м.кв. газрыг “ШДМ”, 1500 м.кв. газрыг “ДОЦ”, 1500 м.кв. газрыг “Цог-Октаэдр” компаниудад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь бас л асуудалтай. Эдгээр газрууд нь бүгдээрээ аймаг, сумын ИТХ-аас батлагддаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгагдаагүй, төлөвлөгдөөгүй газрыг эрх мэдлээ илтэд хэтрүүлэн ашиглан олгосноос гадна олон нийтэд зарлаж мэдэгдэлгүйгээр, сонгон шалгаруулалт явуулж дуудлага худалдаанд оруулалгүйгээр захирамж гаргаж олгосон байна.
Эдгээр газрыг хууль бусаар эзэмшигчид нь “Дорнын их бурхант” ХХК-ийн захирал Э.Адъяа, үүсгэн байгуулагчид нь “Номин Хэрлэн” ХХК-ийн захирал Э.Болдбаяр, аймгийн иргэдийн хуралд МАН-ыг төлөөлж суудаг Р.Зоригтбаатар, Аймгийн ерөнхий архитектур Э.Одмандах, МАН-ын гишүүн О.Энхболд ТВ6 телевизийн захирал Ц.Болд-Эрдэнэ нар. Энэ телевиз нь Ц.Жанлав даргын хувийнх юм гэсэн. Түүнчлэн хууль бус газар эзэмшигчид нь О.Баярбаатар, Т.Гантулга С.Чинзориг, “ШДМ” ХХК-ийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнэ, “Цог-Октаэдр” ХХК-ийн захирал н.Цогбаяр, “ДОЦ” ХХК-ийн захирал ИТХ-ын төлөөлөгч асан Базаргүр гэсэн нөхдүүд давуу эрх эдлэн сууж байгааг дуулгалаа. Энэ хүмүүс бүгдээрээ МАН-ын гишүүд бөгөөд Ц.Жанлавын гар хөл бологсод, хамтран луйврын бизнес эрхлэгчид нь гэнэ.
Нэгэнтээ аймгийнхаа хамаг өнгөтэй өөдтэй газрыг намынхаа нөхдүүдэд авлигын шинжтэй өгсөн Ц.Жанлав 2011 оны тавдугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” А/155 тоот захирамж дахин гаргажээ. Энэ нь ямар ч сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагүйгээр шууд л автоматаар олгосон байна. Мэдээж МАН-ын гишүүдэд олгосон нь тодорхой. Тус захирамжиндаа Хэрлэн сумын долдугаар багийн нутаг орон сууцны 36, 37 дугаар байрны урд 1062 м.кв. газрыг 95 айлын орон сууц барих зориулалтаар барилга барьж дуустал “Цог-Октаэдр” ХХК-д эзэмшүүлсүгэй гэсэн байна.
Нөгөө л МАН-ын гишүүн н.Цогбаяр нь тус газрыг эзэмшихээр болж таарч байгаа юм. Тэрбээр саяхан МАН-д эллсэн бөгөөд ирэх орон нутгийн сонгуулиар Хэрлэн сумын 2, 3 дугаар багт нэр дэвшихээр горьдлого өвөрлөж яваа сурагтай. Энэхүү луйврын газруудынхаа нэгэн дээр нь барьсан “Бумбат” хорооллыг нь ард олон “БОЛНО ДОО” хороолол гэдэг аж. Энэ нь өөрийнх нь хэлсэн үгнээс үүдэлтэй гэх. Учир нь тэр хорооллыг барьж дуусчихаад “За даа энэ хэдэн барилга, энэ хэдэн айлдаа л “Болно доо” хөөрхий. Миний хувьд ч яахав гайгүй хэдэн төгрөг оллоо. Наддаа л болсон доо” хэмээсэн гэдэг.
Түүнээс хойш л хүмүүс тус хорооллыг “БОЛНО ДОО” хэмээн нэрийдсэн аж.
Гэтэл бас Дорнодын засаг ноён 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Дэмжлэг үзүүлэх тухай” А/106 тоот захирамж гаргасан байна. Энэ нь 2010 оны зудын улмаас олон толгой малаа алдсан Р.Ганхуяг даргатай “Дорнод галуут” хоршоонд 10.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн баримт. Энгийн иргэд 2009-2010 оны зуд болон гамшгийн улмаас олон толгой малаа алдаж байхад нүдэн балай чихэн дүлий сууж байсан атлаа өөрийнх нь намын идэвхтэй ахмад гишүүн Р.Ганхуягт арав, хорин саяар нь олгосон баримтыг хүртэл ард олон нь дэлгэв.
Мөн Ц.Жанлавын ардчиллаас урвуулж авсан аймгийн ИТХ-д төлөөлөгч тэргүүлэгч сонгуультай Х.Болорчулуун нь Дорнод гурилын үйлдвэрийг хувьчилж авсан бөгөөд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайтай нийлдэг гэнэ. Тэр утгаараа тариа будааны хөнгөлөлтийг хангалттай эдэлдэг юм байх. Ямартай л импортоор будаа оруулж ирээд Дорнод нутгийн хөрсөнд ургууллаа хэмээн мөнгө босгодог зальтай нэгэн бөгөөд төсвийн хөрөнгөөр өөрийнхөө тариан талбай руу цахилгааны шугам татуулах шийдвэр гаргуулж байжээ гээд Дорнод нутгийг завхруулж байгаа луйварчдын тухай нутгийн иргэд санаа зовнин ярьцгааж байна.
С.Ууганбаяр
mminfo
URL: