Б.Цэрэндолгор: Хоёр өрсөлдөгч маш хүчтэй дэндүү чадварлаг байсан

be54039d1b7872f44ca82660b9bff6feМонголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг өндөрлөж, ялагчаа тодруулсан. Хоёр сарын турш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уясан ” нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгорыг “Шинэ танил ” буландаа урилаа.
-“Mongolian next top model” шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагч болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцахын зэрэгцээ Б.Цэрэндолгорын содон ертөцөөс танилцуулахгүй юү?

-Маш их баярлалаа. Ялагч болсондоо туйлын их баяртай байна. Өнгөрсөн бүх хугацаад намайг дэмжиж ирсэн болон эцсийн мөчид надад саналаа өгсөн бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Тэмцээний финалын шалгаруулалтын санал асуулгаар Ю.Балжидмаа хамгийн их санал авсан. Гэсэн ч шүүгчид танд хамгийн өндөр оноог өгсөн. Шилдгийг шалгаруулах торгон мөчид юу бодогдож байв?

-Би тайзан дээр гарахдаа маш их сандарч байсан. Гэсэн ч ялагчийг тодруулах мөчид яагаад ч юм маш тайван болчихсон. Өөрийгөө түрүүлнэ гэж үнэхээр бодоогүй. Болох юм болдгоороо л болно биз гэж бодож зогссон доо.

-Хэнийг ялагч болох байх гэж бодож байв?

-Миний хоёр өрсөддөгч маш хүчтэй, дэндүү чадварлаг байсан. Тийм болохоор өөрийгөө ялна гэж бодох ч боломжгүй байлаа. Ю.Балжидмааг түрүүлэх байх гэж бодож байсан.

-Шоуны хамгийн хэцүү үе нь хэзээ байв. Нэг удаа хасагдах шахсан. Түүнээс хойш өерийгөө илүү дайчилж байх шиг санагдсан?

-Тэмцээнд орж байгаа гэдэг утгаараа тэмцээний бүх л хугацаанд өөрийгөө маш их дайчилж байсан. Тэмцээнд оролцох амархан байсан гэж хэлэхгүй. Бүх үе хэцүү байсан. Миний хувьд хамгийн хэцүү нь хасагдсан нэгнийгээ явуулах байлаа. Үүнийг давж гарахад тун хэцүү. Гэхдээ даваад гарчихсан байна. /инээв/

-Таны хувьд шоуны явцад хэнтэй илүү дотно нөхөрлөсөн бэ?

-Бүгдэнтэй нь дэндүү сайхан найзууд болсон. Бидэнд баяр, гунигтай маш олон зүйл тохиолдсон. Тэр хэрээрээ гайхалтай найзууд болсон шүү.

-Таны хувьд загвар өмсөгч, модель болох багын мөрөөдөл нь байгаагүй гэдэг. Юуны учир энэ салбарт хөл тавих болов?

-“Ариуна Сүри” брэнд надад энэ салбарт хөл тавих боломжийг бий болгосон. Энэ брэндийн загвар зохион бүтээгч намайг брэндийнхээ нүүр царайгааар сонгож, өөрийгөө үнэлэх алхмыг нээж өгсөн гэж хэлж болно. Монголын нэртэй загвар зохион бүгээгч намайг моделиороо сонгосон болохоор надад загварын салбарт хөл тавих боломж байна л гэж бодсон.

-Эмч мэргэжлээр суралцдаг юм бнлээ. Цаашид мэргэжил, карьер хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарвал алийг нь сонгох вэ?

-Би “Ач” анагаахын сургуульд нүүр амны эх эмч мэргэжлээр суралцдаг. Яг одоо карьер, мэргэжил хоёрын аль нэгийг сонгох эгзэгтэй үе миний өмнө тулгараад байна. Карьер, загварын салбар бол залуу насны ажил. Харин сурахад оройтохгүй гэдэг. Тиймээс боловсролыг хүн хэзээ ч эзэмшиж болно. Гэхдээ би мэргэжлээ орхихгүй. Өнөөдрийн хувьд би карьер, топ моделийн ажлаа эхэнд тавьж байна.

-Сингапурын “Looque” агентлагтай хоёр жил хамтран ажиллах эрхийн эзэн болсон. Энэ маш олон боломжийн эхлэл болох байх. Цааш-ын зорилгыг тань сонирхвол?

-“Looque” агентлагийн маркетингийн албанаас “Тавтай морилно уу” гэсэн майл ирсэн. Майл хүлээж аваад их баярласан. Шинэ нэрийн хуудас авч байгаа мэт мэдрэмж төрсөн. Би нэг юмандаа сэтгэл ханах дургүй. Тийм болохоор илүү том өрсөлдөөнд оролцох гэж байгаа учраас байгаа бүхнээ дайчилж ажиллана.

 

 

Р.Ренчиндулам /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих