Олон улсын сэтгүүлчдийн холбоо “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцлээ

“Глоб интернэшнл” ТББ-аас өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус ТББ байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ удаа “Зууны мэдээ” сонины нийтлэлээс үүдэн сэтгүүлчид эрүүгийн, сонинд нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, эдийн бус гэм хохиролд гурван тэрбум төгрөгний нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүссэнтэй холбогдлуулан байр, сууриа илэрхийллээ.
Хэвлэлийн хуралд “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Зууны мэдээ сонин”-ы орлогч эрхлэгч Б.Эрдэнэсолонго, өмгөөлөгч Ц.Монгол нар оролцсон юм. “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал хэвлэлийн хурлын үеэр “Сэтгүүлчид нийтэлсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг эсэргүүцэж байна. Монгол Улсад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хууль байхгүйг далимдуулан сэтгүүлч нууц эх сурвалжаа илчлэх албадлагад өртөж болзошгүй байгаад санаа зовж байна.
Бид нэр төр гутаахтай холбоотой Иргэний ба Эрүүгийн зүйл заалтыг хөрөнгө мөнгөнд дулдуйдан хэвлэл, мэдээллийг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглаж байгаа нь аливаа хэлбэрийн цензурыг Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаагийн илрэл хэмээн үзэж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд шийдвэртэй алхам хийж, гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтаа Эрүүгийн хуулиас хасч, НҮБ, дэлхийн олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ хэмээн “Глоб интернэшнл” ТББ итгэж байна” хэмээн мэдэгдлээ.
Хэвлэлийн хуралд оролцсон өмгөөлөгч Ц.Монгол хуульч хүний хувьд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар өмнөхөөс нь дордуулсан гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Тэрээр “Өнөөдөр ардчиллыг бэхжүүлэх, ил тод байдлын талаар нийгэмд үүсч буй янз бүрийн асуудлыг сэтгүүлчид гаргаж тавьдаг. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан, тухайн нийтлэгдсэн асуудалд хуулийн байгууллага сонор соргог байж шалгаж нягталж, эдгээр үйлдлүүд нь ноцтой бол олж илрүүлж байх үүрэгтэй. “Глоб интернэшнл” ТББ-аас хийж буй энэ хэвлэлийн хуралд яригдаж буй “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокурорт шилжүүлээд байгаа юм.
Монголын Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд “Гүтгэлэг тараасан бол хуулийн хариуцлага хүлээлгэж, баривчлах хүртэл ял онооно” гэсэн заалт бий.
Хуучин хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан бол гэсэн заалт байсныг 2008 онд өөрчилж, олон нийтэд тараасан гэж бүр өргөжүүлээд оруулчихсан байдаг. Монгол Улс гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуулиасаа хасах ёстой. Энэ талаар НҮБ-ын 2000 оны тунхаглалыг мөрдлөг болгох ёстой. Бодит ардчилал бий болоогүй байхад албан тушаалтнууд өөрсдийнхөө нэр төр, алдар хүндтэй асуудлыг олон нийтэд мэдээлэхгүй байх үүднээс хуульд ашиг сонирхлын зөрчилтэй заалтууд оруулдаг.
Томоохон албан тушаалтнууд юм уу, хөрөнгө мөнгөтэй бизнесменүүдийн талаар шүүмжлэлт материал бичсэн сэтгүүлч эрүүгийн хэрэг үүсгэгдээд явдаг. Энэ утгаараа энэ заалтыг хуулиас хасах учиртай. “Зууны мэдээ” сонин Монголд бий болсон хүн худалдах, худалдан авах ноцтой гэмт хэргийг илрүүлэх, нийгмийн энэ гажуудлыг таслан зогсоох үүднээс цуврал нийтлэлүүд гаргаж байгаа юм билээ. Сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал маш шуурхай прокурорт шилжиж байгаа. Гэтэл бага насны охидыг худалдсан, худалдан авсан, зуучилсан бүлэг гэмт этгээдүүдийн хэрэг их удаан шалгагдаж байна.
Энэ хоёрын хооронд асар их зөрүү байгаа биз. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, ажлын хэсэг томилж, Улсын мөрдөн байцаах газартаа асуудлыг татаж шалгаач гэж хандан хүсэлт гаргасан. Хамгийн гол нь сэтгүүлчийг шийтгэж, шоронд хийхээс илүү бидний ирээдүй болсон, цэцэг цэврүү шиг бага насны охидыг бэлгийн дарамтад оруулж, худалдаж, худалдан авч байгаа бусармаг үйлдлийг онцгойлон шалгах ёстой, үүнд анхаарал хандуулахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хуулийн байгууллагуудаас хүсч байна. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд цагдаагийн байгууллага манайд энэ хэрэг шалгагдаагүй байна гэж яаран сандран мэдээлэл гаргасан.
Хэвлэлийн хурлуудыг яаран, сандран хийлгэцгээсэн. Тэгвэл 2010 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр энэ бүлэг гэмт хэрэгтэй холбогдсон анхны өргөдөл цагдаагийн газарт оччихсон байсан гэдгийг онцолъё. Гэхдээ одоо энэ талаар хэрэг үүсч шалгагдаж байгаа болохоор тодорхой мэдээлэх боломжгүй” хэмээн байр, сууриа илэрхийлсэн юм. Мэдээлэл хийсний дараа “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Зууны мэдээ сонин”-ы орлогч эрхлэгч Б.Эрдэнэсолонго, өмгөөлөгч Ц.Монгол нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Х.Наранжаргал: Сэтгүүлчдэд жилд 30 орчим хэрэг үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон

-Танай ТББ-аас сэтгүүлчдэд үүсгэсэн хэргийн талаар судалж, тоо баримтыг мэдээлж байдаг. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хэрэг үүсгэгдэж, яаж шийдэгдэж ирэв?
-Сэтгүүлчдэд жилд 30 орчим хэрэг үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон. 2008 онд 40 гаруй хэрэг үүсгэгдэж байсан. Юунаас болж хэрэг үүсгэдэг вэ гэвэл, ерөнхийдөө шүүмжлэлт материал бичсэн тохиолдолд. Үүний 70 шахам хувь нь өндөр албан тушаалтан, бизнесмен, төрийн албан хаагч нэр төрөө сэргээлгэхээр шүүхдсэн байдаг. Ерөнхийдөө ялж байгаа хэргийнх нь тоо буурдаг, ялагдаж байгаа хэргийнх нь тоо өсөх хандлага ажиглагддаг. Энэ явцад манай сэтгүүлчид бичсэн материалынхаа үнэний төлөө тууштай явж заргаа авах нь цөөхөн байна. Монголчууд адгийн зарга арав хоног гэлцдэг. Шүүхэд байнга дуудагдаж, цагдаад очиж мэдүүлэг өгөхөөс залхдаг юм уу, тэгсээр эвлэрэх юм уу, замаасаа ухрах хандлага ажиглагддаг.
-Сэтгүүлчийн эрх чөлөө бол хэвлэлийн эрх чөлөөний салшгүй хэсэг гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Аливаа сэтгүүлч хүн ажил үүргээ гүйцэтгэх замдаа олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгөх гэж яваад саад бэрхшээлтэй тулгарч байгаа. Тиймээс нэгдүгээрт, иргэн хүнийхээ хувьд хоёрдугаарт, олон нийтийн нэрийн өмнөөс мэдээлэл цуглуулж, түүнийгээ түгээж явдаг онцгой ажил эрхэлдэг хүнийх нь хувьд бид сэтгүүлчдийг өмгөөлдөг, хамгаалдаг. Эцсийн эцэст энэ бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж байгаа үйл ажиллагаа юм. Аливаа сэтгүүлч хүн мэдээллийг түгээх юм уу, энэ ажлыг хийж явахдаа алдаа гаргаж болзошгүй юм. Гэхдээ энэ алдаан дээр нь дөрөөлж сэтгүүлчийг болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийг яллаад байх юм бол Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй болно. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа энэ хэдэн сэтгүүлчийн эрх чөлөө бус ардчиллын тулгуур зарчим, хүний эрхийн салшгүй хэсэг, үзэл бодлоо илэрхийлэх индэр байдаг. Тиймээс анхаарахгүй орхиж болохгүй гэж бид үздэг. Энэ үүднээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг. Тэдний мэргэжлийн эрхийг хамгаалдаг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалдаг юм.

Өмгөөлөгч Ц.Монгол: Хүн худалдаалсан ноцтой гэмт хэрэгт хуулийн байгууллага онцгой анхаарах ёстой

-Эдийн бус хохиролд гурван тэрбум төгрөг нэхэмжилснийг та юу гэж үзэж байна. Хуульд юу гэж заасан байдаг вэ, мөнгөний тоо хэмжээг?
-Хуулийн хязгаарлалт байхгүй. Хэдэн төгрөг нэхэх нь тухайн хүний хувийн асуудал. Шүүх яаж шийдэх нь тусдаа асуудал. Гурван тэрбум төгрөгийн иргэний нэхэмжлэл Сүхбаатар дүүргийн шүүхэд гарсан. Энэ асуудалд иргэний хэрэг үүссэн мөртлөө эрүүгийн хэрэгт давхар шалгагдаад явж байгаа.
-Гурван тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг байдаг вэ. Энэ мөнгийг нэхэмжлэл гаргагч тал төлсөн болов уу?
-Тэмдэгтийн хураамж 15,1 сая төгрөг. Хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхыг шаарддаг. Тиймээс тэр мөнгө төлөгдсөн байх.
-Өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгөд ашигладаг, худалддаг, худалдан авдаг нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэгэнт ил болчихлоо. Цагдаа, хуулийн байгууллага ямар төвшинд хүлээж авч байна гэж та үзэж байна?
-Өндөр түвшинд хүлээж авч анхаарал хандуулж байна гэж үзэхгүй байна. Ач холбогдол өгөхгүй байна. Би түрүүн хэлсэн, миний ойлгож байгаагаар бол ажлын хэсэг томилж яаралтай шалгах ёстой.

“Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч Б.Эрдэнэсолонго: Манай сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж байна

-Тэр нийтлэлийг бичсэнээс хойш танай сэтгүүлчийг хэд хэдэн удаа заналхийлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Дарамталсан гэдгээс илүү энд өөр зүйл яримаар байна. 14-15 настай охидыг 500 ам.доллар буюу Монгол мөнгөөр 700 орчим мянган төгрөгөөр үнэлж, охин биеийг нь худалдаж авдаг талаар бид мэдээлсэн. Мэдээлэхдээ өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Охидоо хаана нуух вэ” гэсэн цуврал нийтлэл, сурвалжлагыг уншигчдад хүргэж ирсэн. Хүйсийн тэгш эрхийн төвийн судалгаагаар өнөөдөр 13 настай хүүхдийн биеийг үнэлүүлж байна. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой, сэтгэл эмзэглүүлсэн ноцтой асуудал мөн үү гэвэл мөн. Өнөөдөр та бид бүгд үртэй, хүүхэдтэй.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй зарим хүн 14-хөн настай хүүхдийг 500 ам.доллар юм уу, 700 мянган төгрөгөөр худалдаад зугаацаж байгаа энэ нөхцөлд бид нүдээ боогоод, чихээ таглаад өнгөрөх эрх байхгүй. Үүнийг бид мэдээлсэн. Харин мэдээллийг бичсэн сэтгүүлчид маань эрүүгийн хэрэг үүсгээд, эрүүгийн хариуцлагад татаж байгаа.
Гэтэл уг нь тэр нийтлэлд дурдагдсан бага насны охидыг худалдаж аваад, зараад зугаацаж байгаа хүмүүстээ анхаарал хандуулах учиртай. Сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээсээ өмнө 14-15 настай охидыг бэлгийн зорилгоор худалдаж аваад байгаа хүмүүсээ эхлээд эрүүгийн хариуцлагад татаж, шалгах ёстой. Гэтэл эсрэгээр нь үүнийг илчилж, бичсэнийх нь төлөө сэтгүүлчийг айлган дарамталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх гээд явж байна. Ийм байж таарахгүй. Нөгөө талаар хуулийнхан “Та нар эх сурвалжаа хэл” гэж шаардаж байгаа.
Сэтгүүлчийн ёс зүйн зарчимд хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцлана” гэж заасан. Бид эх сурвалжаа хэлэхгүй, энэ байр, суурь дээрээ хатуу зогсоно. Нууц эх сурвалж байтугай, ил эх сурвалж болсон хохирогч, гэрчүүдийг хамгаалах хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд байхгүй байна. Ганц “Зууны мэдээ” биш сүүлийн үед “Өдрийн сонин” хүн худалдаалах гэмт хэргийн талаар эрэн сурвалжилж бичиж, нийтэлж байгаад талархаж байна. Нийгмийг цочроосон энэ асуудлыг хөндөхийг бусад хэвлэл, мэдээллийн байгууллагууддаа уриалж байна.

Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих