Явган зорчигч нарын соёлыг нэмж хариуцлага нэхье

148941033458c6991e54088Иргэд өөрсдийн хариуцлагагүй бас хэнэггүй байдлаасаа болж зам тээврийн осолд өртөх, цаашлаад машинд дайруулж амиа алдах, тахир дутуу болсон зэрэг тоо баримт жилээс жилд өсчээ. Хэтэрхий бүдүүлэг, соёлгүй, замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй иргэдээс болж нийслэлийн зам дайны талбар мэт болсон гэдэгтэй олон хүн санал нийлнэ бизээ. Машин жолоодож яваа нь ч явган зорчигчид бүгд хоорондоо тэмцэлддэг эрэлхэг дайчид. Нэгнээ давах гэсэн оролдлого нь эцэстээ хэн нэгнийгээ хохироогоод үлддэг.

Замын голд “Хурдан гараач …… минь” “Гэрэл ассан байгааг хараач ……”, “Явган хүний гарцаар гарч сураач”, “Аминаасаа уйдсан ……. бэ” гэх мэтээр нэг нэгнээ элдвээр хэлж харааж ерөөх нь энүүхэнд. Бүр болохгүй бол замын голд заамдалцаж аваад зодолдоно. Ингэснээр замын хөдөлгөөнийг хэвийн явуулахад саад учруулж түгжрэл үүсгэнэ.

Яагаад оюун ухаантай хүмүүсээс ухамсаргүй ул дорой үйлдэл гардгийг ойлгоход ч ой ухаан дутмаар санагдах юм. Соёлтой үйлчилгээ гаргадаг жолооч нар ч ховор болсон цаг. Замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй, ногоон гэрэл цагаан гарцаараа гарч мэддэггүй, ногоон гэрэл асахыг нэг минут хүлээж тэвчдэггүй хүмүүс л эрүүл мэнд амь насаараа хохироод үлдэж байгааг хүн бүр санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хормын агшнаас болж хожмын харуусал авчирдаг гэж хэлж болно.

Уг нь замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж соёлтой боловсон хөдөлгөөнд оролцож, явган зорчигч ногоон гэрэл, цагаан гарцаараа гараад сурчихвал, хэвшчихвэл асуудал үүсэхгүй, элдэв осол аваар гарч хүний амь нас эрсдэхгүй. Гэвч манайд замыг тайз мэт андуурч гунхаж яваад дайруулах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Түүнчлэн хэт яаруу сандруу явж байгаад машинд дайруулж амиа алдсан тохиолдол ч Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн байдаг.

Чихэвч зүүчихээд замаар гардаг,  тас тас хөхрөлдөөд гарах залууст гэрлэн дохио үйлчлэхгүй. Эсвэл машины өмнүүр гэнэт гүйж гарч ирээд осол гаргуулдаг хүүхдүүд ч олон байна. Яг л хээр хөдөө дур зоргоороо бэлчиж байгаа мал сүргээс ч долоон дор үйлдэл гаргадаг гээд хэлчихвэл нэг их хилсдэхгүй болов уу. Мал бол сигнал дуугарахад үргэдэг бол явган зорчигч машин сигналдаад байхад дунд хуруу гозойлгоод замд нь саад учруулаад зогсч байх жишээтэй.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 11 явган зорчигч өртжээ. Энэ бага биш их тоо юм. Тэдний дийлэнх нь идэр насныхан бөгөөд гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн байх жишээтэй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын гол дахь хайс давж яваад машинд мөргүүлж амиа алдсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд гарцгүй газраар машины дундуур сүлжиж явж байгаад хоёр машинд хавсруулан мөргүүлж амиа алдсан хэрэг гарсан. Энэ осолд явган зорчигчийн буруу гэдгийг албаныхан онцолж хэлж байгаа юм.

Замын цагдаагийн газраас мэдээлж байгаагаар иргэд явган хүний гарцын шугам, гарцгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж яваа машины урдуур гэнэт гүйх, зогсч буй машины урдуур гарах, автобусны урдуур гүйх, архи уусан үедээ бие авч явах чадваргүй болсон үедээ хөдөлгөөнд оролцож байгаад машинд дайруулдаг байна.

Хурд хэтрүүлээгүй, эгнээ байраа зөв эзлээд явж байгаа жолоочийн өмнүүр гэнэт гүйж гарч ирж дайруулж гэмгүй жолоочийг гэмтэн болгож хохироох асуудал ч бий.

Он гарсаар 9 явган зорчигч амиа алджээ 

2017 оны эхний хоёр сарын байдлаар 9 явган зорчигч зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон байна. Үүнээс дөрөв нь орон нутагт тав нь Нийслэл хотод бүртгэгджээ.

Харин өнгөрсөн онд нийт 148 явган зорчигч зам тээврийн ослын улмаас нас барсны

66 нь орон нутагт 82 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жил 591 явган зорчигч гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийн дийлэнх хувь нь 18-35  насны хүмүүс байна

2015 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд зам тээврийн ослын улмаас 74 хүн амиа алдснаас 15 нь явган зорчигч байжээ. Ихэвчлэн согтуу зам хөндлөн гарах, утсаараа ярих, чихэвч зүүж яваад осолд өртсөн байдаг аж.

Ер нь явган зорчигчийн буруугаас болж гарсан осол нийт ослын 4,6  гаруй хувийг эзэлдэг байна. Явган ба дугуйтай хүний буруугаас мөн явган зорчигч согтуугаар хөдөлгөөнд оролцсноос, бага насны сургуулийн насны хүүхдийш харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас гэсэн гурван байдлаар ангилж, тоон мэдээ гаргадаг байна.

Осол гарлаа гэхэд мэдээж явган зорчигч илүүтэй хохирно. Иймээс өөрийн амь нас, эрүүл мэндээ, цаашлаад үр хүүхдийнхээ төлөө замын хөдөлгөөний хууль дүрмийг сайн биелүүлж хөдөлгөөнд оролцож байгаач ээ.

Замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход гэр бүлийн нөлөө чухал үүрэгтэй

Хүүхдүүд эцэг эх, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаад мөргүүлж амиа алдаж эрүүл мэндээрээ хохирох явдал их гардаг.

2017 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 5 хүүхдийн амь нас хохирч, 12 хүүхэд гэмтсэн статистик мэдээ байна.

Хүүхдийн хувьд эцэг, эхийг хийж байгаа үйлдэл ямагт зөв байдаг. Эцэг, эхчүүд бол 10 хүртэл насны хүүхдийн хувьд үлгэр дууриал нь юм.

Иймээс ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлд “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Хөтөлж яваа хүүхэд гараас мултарч гүйх буюу гэрэл зөрчөөд явчихдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг. Хүүхэд зам хөндлөн гарахын тулд дунджаар 10-15 секунд шаардагддаг. Тэгвэл энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар хүүхдүүдээ зааж сургацгаая.

Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 24-60  мянгаар торгоно

Монгол Улсын Замын хөдөлгөний дүрэмд явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно.

а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;

г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэж заасан байдаг боловч иргэд гарцгүй газраар зам хөндлөн гарах, зам хөндлөн гарахдаа хоорондоо хэлхэлдэх, гарах гэж гүйснээ гэнэт зогсох, зогсож байснаа гэнэт гүйх, чихэвч зүүгээд гарцгүй газраар гарах, замын зорчих хэсэг дээр зогсох, такси барих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох зэрэг анхаарал, болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.4 дэх хэсэгт зааснаар Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний буюу 24.000 төгрөгөөр торгоно.

Хэрэв явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний буюу 60.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж хүлээлгэх хариуцлагыг тус тус заасан байна.

О.Сайхан

 

http://www.zaluu.com/read/h80b35ec


URL:

Сэтгэгдэл бичих