Ц.Нямдорж сайдыг огцруулах ил захидлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд нар гардан авчээ

“Амлалт нэхэх ард түмний холбоо” болон “Монгол хас” холбооныхны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай саналаа УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр болжээ. Энэ үндэслэлийг тавих болсон шалтгаан нь Цагдаагийн байгууллагын тухай багц хуулийн төсөлтэй холбоотой гэнэ. Эл хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд тусгаснаар нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд Цагдаагийн байгууллага нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гээд хүчний байгууллагуудын туслалцааг авна. Түүнчлэн галт зэвсэг ашиглана хэмээх нэмэлт өөрчлөлт орж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч онц байдал зарласан нөхцөлд гэж тусгасан байдаг. Гэтэл ирэх онд сонгууль болох учраас ямар ч нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнд урьдаас бэлтгэн ард түмний эсрэг буу шагайх гэж байгаа нь байж боломгүй гэж дээрх холбооныхон үзэж байгаа юм. Тиймээс УИХ-ын бүх гишүүний нэр дээр сайд Ц.Нямдоржийг дээрх үндэслэлээр огцруулах санал гаргасан ил захидлыг хүргэх гэнэ. Тэрхүү ил захидлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд нар гардаж авчээ.

Э.Мөнх

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих