Цэрэгт явахгүй эрчүүдээ өмгөөлье!

Ялалтын-хөшөөЖишээ 1. Жилийн чөлөөтэй оюутан

Хуурай дүү маань хүссэн мэргэжлээрээ их сургуульд элсэж чадалгүй жил өнжих болоод бие даан суралцаж байж.  Гэтэл цэргийн зарлан хэмээх сүрдүүлсэн өнгө аястай зурвал цаас ирж. Товлосон газар нь очиж учир байдлаа хэлэх гэтэл хэн ч тоосонгүй үсийг нь хусчихжээ.  Эрдэм номын хүн болж эх орондоо зүтгэнэ гэсэн бодолтой явсан  18 настай хүү төр захиргаа гэдэг эзэн биегүй зүйлд голдоо ортол гомдсон байна.

Жишээ 2. Авилгын эсрэг хэнээтэй Баагий.

Танилын танилын амьдрал. Хуульч эдийн засагч мэргэжилтэй хувиараа жижиг наймаа худалдаа хийдэг залууг Баагий гээд нэрлэчихье. . Мань хүн цэрэгт явахыг маш утгагүй зүйл гэж үздэг гэнэ. Улс орныг дотоодын авилгач луйварч дайснууд сөнөөх гэж байхад хөдөө хээр очиж суугаад эх орондоо ямар нэмэр ч болж чадахгүй тухайг янз бүрээр батлана ярьдаг гэнэ. Баагий өөрийгөө авилгаас асар харшилтай хүн гэж нэрлэдэг, огт авилга өгч авч үзээгүйгээрээ бахархдаг. Баагий нэг сонин зүйлийг онцлон ярьдаг нь юу гэхээр Баагий авилга өгөөгүйгээсээ болоод янз бүрийн хууль журмуудыг ихээр зөрчихөд хүрсээр одоогооор нэлээн хэмжээний торгуультай, цэргийн албанаас санаатайгаар зайлсхийсэн хэргээр ял эдэлж мэдэх тул  албан ёсны хаягандаа оршин суудаггүй хэрмэл тэнэмэл хүн шиг амьдарч яваа.

Жишээ 3. Программист залуу.

Тэр өөрийгөө улс орныхоо кибер хилийн манаанд зогсдог гэж бахархдаг байлаа. Яг юу хийдэгийг нь сайн мэдэхгүй ч сайн дураараа их чухал үүрэг биелүүлж суудаг хүн байлаа. Эх орон ч гэж жигтэйхэн байв.  Гэтэл ямар нэг хэрэгээр бичиг баримт бүрдүүлэх болтол цэрэгт яваагүй, иргэний цэргийн үүрэгээ биелүүлээгүй байна гээд бөөн төвөг үүсчээ. Цэргийн албаа мөнгөөр дүйцүүлэн хаасан болж 4 сая гаруй төгрөг тушаасаныхаа дараанаас тэрээр эх орыхоо төлөө сайн дураараа хийдэг ажлаа орхисон байна.

Жишээ 4. Эр хүний 13 мэх.

Тэрээр 26 настай. 15 удаагийн цэрэг татлагад хамрагдаж, 15 удаа аргалуулсан аргатай эр. Танилын танилын танил хурандаагаар дамжуулж 2 удаа, цэрэг татлагын эмчийн гарыг хүндрүүлж 6-7 удаа, элдэв янзын худал тодорхойлолт үйлдэж хэд хэдэн удаа тус тус цэргээс мултарч үлдсэн байна. Үндэсний үзэлтэй залуу,  ар гэрийнх нь амьдрал ахуй тааруу, тэжээж тэтгэх ёстой олон дүүтэй. Үүрэг хариуцлагатай, зорилготой, өглөөнөөс орой болтол ажилладаг . Чингисийн үед байсан бол хөлөг баатар баймаар булиа булчинлаг шаламгай залуу. Гэхдээ багахан цалинтай. Ямар сайндаа л цэргийн асуудлыг нэг удаа аргалж чадахгүй олон удаа үйлээ үзсэн байна.

Жишээ дурдвал дуусахгүй шүү.

Цэрэгт явах хүсэлтэй, мөнгө төлөөд ч хамаагүй цэрэгт явмаар байгаа нэг залуу байдаг юм, асуудал нь жижиг биетэй, жиндээ хүрдэггүй. Жил болгон хасагдаж байгаа. Хүсэлтэй хэвээрээ байгаа бол тэр залуу аргалаад цэрэгтээ явах биздээ.

Жишээгээ дуусгая. Жишээтэй хүмүүс нь комментоор үргэлжүүлнэ биз.

Авилга, танил талын арга чарга боломжгүй байсансан бол Иргэний цэргийн үүрэг гэж дайн дажин шахуу юм байх байлаа. Монголчууд бид арга чаргад дадамгай улс тул хууль журмаа гууль болгоод “болж” л байна.

Зарим аргалж, аргалж чадахгүй нь 2 нүүртэй хуулийн хүчинд аван хэлмэгдэж, эрхээ зөрчүүлж, цөөн хэдэн хүн нь хэдэн цаас хармаалагчаан болж,  хорвоо эргэж л байна даа хөөрхий.

Цэрэг тойрсон сэдвээр олон асуудал бий.


URL:

Сэтгэгдэл бичих