Гудамж, талбайд нус цэрээ хаявал 10.000 төгрөгөөр торгохоор заажээ

195626-04112016-1478225655-1558087808-talbai (1)Өмнөх Засгийн газрын үед батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг энэ оны долдугаар сарын 1 болгож хойшлуулсан билээ. Одоогоор шинэ хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл, бусад орны туршлага” сэдвээр хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр танилцуулга хийсэн юм. “Нэгдүгээрт, хуулийн техник бичилтийн хувьд зөрчлийн шинжүүдийг нэг өгүүлбэрт багтаагаад биччихсэн. Энэ нь өөрөө хянан шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй байдал үүсгэсэн байсан. Жишээлбэл, хориглосон газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан бол торгоно гэж байгаа. Согтуурсан, мансуурсан үйлдэлд тус тусад нь болгож, заагласан.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжсэн ганцхан үйлдэл байгаа. Энэ нь бусдын бие мах бодид гэмтэл учруулахгүйгээр халдах, гэдсэнд нь цохих, түлхэх зэрэг үйлдэл байдаг. Үүнийг гэмтэл учраагүй юм чинь заавал гэмт хэрэгт тооцоод байх шаардлага байхгүй. Зөрчилд тооцоод торгоод явчихдаг байхаар оруулсан байгаа. Зөрчлийн хуулийн торгох шийдвэрийн хувьд шууд тодорхой байх юм. Өөрөөр хэлбэл сонгох санкци байхгүй. Жишээлбэл, гудамж талбайд нус цэрээ хаясан үйлдэлд 10.000 төгрөгөөр торгоно. Түүнээс 5.000-10.000 төгрөг торгоно гэсэн интервал байхгүй” гэсэн юм. Түүнчлэн орон сууцанд иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих