О.Баасанхүү үнэд орох цагаар…
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас ганцаараа УИХ-д суудалтай. Түүний хүчинд МАХН бөхчихөлгүй яваа. Бас болоогүй 6 дугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хүн дэвшүүлэх эрх бүхий ганц суудлыг тэр намдаа авчирсан. Одоогоос гурван сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Намууд сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцаж буй. Нэр дэвших сонирхолтой нөхөд ч өөрсдийн лоббигоо хийж байгаа. МАХН-ын хувьд С.Ганбаатар тус намаас нэр дэвших тухай яриа гарсан хэдий ч үүнийг О.Баасанхүү үгүйсгэв. Үүнээс харахад намаас нь хэн нэр дэвших, эс дэвших нь О.Баасанхүүгийн саналаас ихээхэн хамаарах бололтой юм. Учир нь тэр МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг авчирсан “гавьяатай”.
Өмнөх парламентад буюу МАХН засаг барилцсан тэр үед О.Баасанхүү гишүүн шиг намынхаа даргатай таардаггүй, шүүмжлүүлдэг, муулуулдаг, сайдын албан тушаал хүртээгүй хүн байхгүй. Н.Энхбаярын үл ойшоосон О.Баасанхүү нь энэ парламентад намыг нь аварна чинээ яаж санах билээ. О.Баасанхүү өмнө нь албан тушаал гуйдаг байсан бол өнөөдөр Н.Энхбаяр түүний хөлд “сөгдөх” цаг иржээ. Арга ч үгүй биздээ. Парламентад ганц суудал авчирсан түүнд МАХН-ын гишүүд баярлах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор О.Баасанхүүг өөр намд элсэх гэж байна гэх яриа жиг жуг хийх болсон. Хэрэв тэр өөр намд элсвэл МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд орохтой манатай болно. Хуульд парламентад суудалтай намын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн байдаг учраас тэр шүү дээ. Энэ яриатай зэрэгцэн намынх нь зарим нөхөд “О.Баасанхүүд итгэж байгаа” гэхчлэн ярьж эхэлсэн байна билээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам О.Баасанхүү гишүүний үнэд орох цаг ирж байна.
М.Төр
Цензургүй.мн
URL: