АН-ын гишүүдийн хүссэн шинэчлэл өөрсдийгөө баян, ядуугаар нь ялгуулах байсан уу

148936742858c5f184b95cfАН-ынхан дотроо дахин хагаралдаж эхэллээ. Энэ удаад тэдний хагарал фракцынх биш. Харин мөнгөний хагарал. АН-ынхан өнгөрсөн нэгдүгээр сард сонгууль явуулж, намын даргаа сонгосон. Ингэхдээ намын даргад өрсөлдөх эрхмүүд 250 сая төгрөгийн урьдчилгаа төлөн тус сонгуульд өрсөлдсөн байдаг. Намдаа шинэчлэл хийж албан тушаалын наймаа хийдэг муухай зангаа засна гэж АН-ын лойдорууд мэдэгдсэн ч үг үйлдэл хоёр нь хэдхэн хоногийн дотор зөрсөн юм.

Үүний горыг мөнгөгүй нэгэн амсаж, мөнгөтэй С.Эрдэнэ намын дарга болоод явчих нь тэр. Хувааж төлөх санал тавьсан ч “мөнгөгүй” М.Чимэддоржийг тэр дор нь л хасаад хаячихсан. Ингэснээр тэдний өнгөрсөн сонгуулиас хойш зургаан сарын турш ярьж байсан шинэчлэл гэгч зүгээр л “малгай” төдий гэдгээ гишүүд дэмжигчид болон ард түмэндээ таниулсан юм.

Тэгвэл дэнчин тавьж, сонгууль явуулах асуудал намын даргын сонгуулиар л болсон зүйл гэж бодож байсан ч тэгсэнгүй. Учир нь шинэ дарга С.Эрдэнэ албан тушаалыг наймаалцаж эхэллээ. Ямар замаар гарч ирсэн хүн бусдыг тийм л замаар “чирэх”-ийг оролдож эхлэх нь тэр.

Тодруулбал, АН-ын шат шатны дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. Энэ санал хураалтаар 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдийг сонгох юм. Одоо анхан, дунд шатны намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг нийт гишүүнээрээ сонгуульснаар намд маш том реформ хийгдэнэ гэж АН-ын шинэ дарга зарлаад байгаа. Гэтэл гишүүд нь шүүмжлэлтэй хандаж, харин ч Нээлттэй АН биш Хаалттай мөнгөний өрсөлдөөнийг эхлүүллээ гэцгээж байна.

Учир нь нэр дэвшигчдээс дэнчин авахаар тогтоол баталжээ. Уг тогтоолд тусгагдсанаар

Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч 3 сая,

Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 1.5 сая,

Дүүргийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 500 мянга,

Аймгийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 120 мянга,

Сумын намын хорооны гишүүнд нэр дэвшигч 12 мянган төгрөгийн дэнчин байршуулах гэнэ. Хэрвээ сонгогдвол энэ дэнчингийн мөнгө гишүүний татвар болоод суутгагдаад явах аж. Сонгогдож чадахгүй бол намдаа өргөсөн өргөл барьц болоод үлдэх төлөвтэй.

Гэтэл дээрээс нь дахиад хураамж авахаар тусгасан байна. Жишээ нь,

Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч дэнчингийн 3 сая төгрөг дээрээ нэмээд хураамж гэж 3 сая төгрөг

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 90 сая,

Аймгийн намын даргад нэр дэвшигч 15 сая,

дүүргийн намын даргад нэр дэвшигч 20 сая төгрөгийн хураамж төлөхөөр тусгажээ. Ингээд нийт нэр дэвшигчдээс хураах дэнчингийн мөнгө, хураамжийн тооцвол нийтдээ 10 тэрбум 322 сая гаруй төгрөг төвлөрөх аж.

Харин үүнийгээ АН-ын дарга С.Эрдэнэ “Дэлхийн олон оронд жишиг болсон нийт гишүүд болон сонгуульт гишүүдийн хандив, татвараар намын санхүүжилтыг бүрдүүлдэг, сонгодог жишиг рүү АН цаашид явах болно” гэж тайлбарласан юм. Үүнд АН-ын гишүүд дэмжигчид ихээхэн эгдүүцэн дургүйцэж байгаа. Тиймээс эхнээсээ С.Эрдэнэд албан тушаалыг наймаалцахаа боль хэмээн мэдэгдэл, албан тоот хүргүүлээд байгаа юм. Үүнээс болж нам дотор хагаралдаан үүсч, асуудал хурцдаж эхэллээ.

Өмнө нь аль даргын үед ямар нам ингэж ил тодоор гишүүд дэмжигчдээсээ мөнгө авч албан тушаал авахыг санал болгож байсангүй. Харин нөгөө айхтар шинэчлэгч С.Эрдэнэ энэ зүйлийг хийх бололтой. Хоёр том намын нэг гэгддэг АН өнөөдөр ингэж гишүүд дэмжигчдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаж болох уу. Тэд чинь хамгийн их ярьдаг юм нь ардчилал биш гэж үү. Гэтэл өнөөдөр тэд гишүүдээ улаан шараар нь ялгаж, өнгө мөнгөөр нь ялгаварлаж байх юм. Энэ бидний нөгөө хүсээд байдаг ардчилал уу.

Өнгөрсөн сонгуулиар МАН-тай холбоотой хуурамч бичлэг гарч ирж албан тушаал наймаалцаж байна гэж баахан шуугисан. Гэтэл АН-ынхан өөрсдөө харин улаан цагаан наймаалцаад эхэллээ. Энийг хүсч гишүүд нь С.Эрдэнийн төлөө саналаа өгөөгүй л байлтай. Ер нь сонгууль нь ч гэсэн мөнгөний л сонгууль болсон. Тухайн үед С.Эрдэнэ мөнгө тараалаа, гишүүдийн саналыг худалдаж авч байна гэсэн бичлэгүүд олон нийтэд цацагдаж, хамт өрсөлдөж байсан эрхмүүд нь сонгууль шударга бус боллоо гэж баахан цамнасан. Магадгүй дарга болох гэж баруун солгойгүй цацсан мөнгөө буцааж олохын тулд ийнхүү мөнгөөр наймаалцаж байгаа бололтой. Ардчилсан намын гишүүдийн хүсч хүлээсэн шинэчлэл нь ердөө л мөнгөтэй, мөнгөгүйгээ л ялгуулах байж дээ. Ёстой нуухыг нь авах гэж байгаад нүдийн сохлов гэгч боллоо доо АН-ынхан минь.

Б.Анир

zaluu.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих