Суут зураачдын бvтээл хvмvvсийн энергийг сордог

Суут зураачдын бүтээлүүд үйл явдал, байгаль, хүний гадаад төрхийг илэрхийлдгээрээ олны анхаарлыг татдаг төдийгүй шинжлэх ухаанд тайлагдашгүй ямар нэгэн нууцлаг зүйлсийг тээдгээрээ онцлог аж. Энэхүү тайлагдашгүй нууц нь баяр баясгалан, олон санаа, бүр үхэл ч байж болно.

Леонардо да Винчийн бүтээл Жокондагийн хөргийг хүн төрөлхтөн олон зууны туршид шүтэн биширсээр ирсэн. үл таних бүсгүйн хөргийг сонирхон харсан хүмүүс нууцлаг инээмсэглэлд нь өөрийн эрхгүй татагддаг гэхэд хилсдэхгүй.

Агуу их зураачийн бүтээсэн энэ хөргийг олон хүн дууриалгах гэж оролдсон боловч нүд, инээмсэглэлийнх нь нууцыг өнөө хэр нь тайлж чадаагүй юм. Гэхдээ Жокондагийн хөрөг бусдын бахдалыг төрүүлээд зогсохгүй өөр мэдрэмж ч авч ирдэг аж. Энэ зургийн сөрөг нөлөөг урлагийн дээд бүтээлийг нүдээр үзэхээр ирсэн хэдэн арван хүн биеэрээ амсчээ.

Тухайлбал Францын нэрт зохиолч Фредрик Стендаль зургийн дэргэд ирээд сайхан бүсгүйн нүдийг удаан ширтэж, нууцлаг инээмсэглэлд нь татагдсаар гэнэт ухаан балартан унажээ.

Леонардо энэхүү тайлагдашгүй зураг дээр чухам хэнийг дүрсэлсэн байж болох вэ? Олонх судлаач үүнийг Флоренцийн оршин суугч, 26 настай Мона Лиза Герардийн хөрөг хэмээн үздэг. Тиймээс энэ бүтээлийг зарим нь “Мона Лиза” гэж нэрлэдэг.

Харин сүүлийн үеийн судлаачид Агуу их пап XI Левийн дүү Жулиано Медичийн нууц амраг Пачифика Бранданог дүрсэлсэн хэмээх шинэ таамаглал дэвшүүлэх болжээ. Нэрт зураачийн сонгосон энэ бүсгүй царайлаг, сэтгэл татам, ухаалгаараа Итали даяар алдартай ч санаа муутай нэгэн байсан гэнэ.

Зураач түүний хөргийг 61 настайдаа анх зурж эхэлсэн юм. Харин сүүлчийн будгийг тавих үед тэрээр 67 хүрсэн байлаа. Харамсалтай нь энэхүү хачирхалтай зураг түүнд аз жаргал авч ир-сэнгүй. Тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ “Медичи (Пачификагийн нууц амраг) намайг бүтээгээд сүйрүүлчихлээ” хэмээн бичжээ.

Орчин үеийн тайлагдашгүй нууц судлаачид Леонардогийн бичиж үлдээсэн энэ үгийг дараах байдлаар тайлбарладаг. Пачифика бол нийтлэг энерги сорогч. Түүний ойр хавьд байсан хүмүүс хайлах мэт л болдог байв.

Түүний нөхөр, Испанийн язгууртан өндөр албан тушаалд хүрэх үедээ өөд болсон бол алдартай нууц амраг Жулиано Медичи нь уушгины сүрьеэ тусч өн-гөрсөн. Пачификагийн хөрөг ч бас энерги сорогч болон хувирчээ. Суут зураач заримдаа энэхүү сөрөг нөлөөнөөс болж өөрийн мэдэлгүй зургаа ширтдэг байсан бөгөөд бийрээ хөдөлгөж байж үүнээс ангижирдаг байсан гэнэ.

Тэрээр зурж буй бүсгүйнхээ дотоод мөн чанарыг харсан төдийгүй түүнд гүн мэдрэмжээ зориулсны хүчинд зурганд буулгаж чадсан юм.
Зөвхөн Жокондагаар зогсохгүй суут зураачдын бүтээсэн бүтээлүүд өөрсдөд нь болон үзэгчдэд гай зовлон, заримдаа үхэл ч авч ирсэн удаатай.

Оросын нэрт зураач Илья Ефимович Репин “Догшин Иван хүүгээ хөнөөсөн нь” бүтээлээ туурвих үедээ алуурчин аавын гарын салаагаар урсах цусыг амьд мэт дүрсэлж чадахгүй нэлээд удсан гэдэг.

Тэрбээр “Би яг л галзуурсан мэт ажиллаж байсан. Цаг мөч өнгөрөх тусам надад аймшигтай санагдаж эхэлсэн тул энэ зургаас нүүрээ буруулж, өөрөөсөө нуудаг байсан. Энэ зураг миний найз нөхдөд ч тийм сэтгэгдэл төрүүлж байсан юм билээ.

Гэвч ямар нэгэн зүйл намайг зураг руу өөрийн эрхгүй татаж, би дахиад л түүн дээр ажиллаж байлаа” хэмээн бичжээ. Нэгэн удаа Репин сүйх тэргэнд дайруулсан хүүхний нүүр царай, цусыг үзээд бийрийн хэдхэн таталбараар өнөөх цусаа бүтээж чадсан байна.

Гэтэл зураачид Догшин Иваны хүү хунтайжийн дүрийг гаргаж өгч байсан зохиолч Всеволод Гаршин тун удалгүй шатнаас унаж, гэмтлээ даалгүй өнгөрчээ.

III Александр хаан “Догшин Иван хүүгээ хөнөөсөн нь” зургийг олонд үзүүлэхийг анх хориглож байжээ. Гэвч удалгүй хориг цуцлагдаж, зөвхөн эрчүүд л үзэхийг зөвшөөрсөн байна. Оросын хаан зүгээр ч ингэж болгоомжлоогүйг ирээдүй баталсан юм. Энэ зураг дээрх цус, нас барж буй хүний харц маш хүчтэй энерги агуулдаг.

Зургаас гардаг дээрх хүч оюутан Балашовын сэтгэцэд нөлөөлснөөс тэр алдарт зургийг тасдаж хаяжээ. Мөн нэрт яруу найрагч Максимилиан Волошин болсон явдалд зураачийг буруутгасан байдаг. Түүний үзсэнээр зураач үүнд өөрийн түрэмгий, харгис хэрцгий занг шингээсэн гэнэ.

Алдарт зураачдын авьяасаас болж тэдний эхнэр, дурлалт бүсгүйчүүд зовох нь их. Тэдний авьяас билиг тод томруун байх тусам хайртай эмэгтэйчүүд нь азгүй байдлаар амиа алддаг байна. Голландын нэрт зураач Харменс ван Рейн Рембрандт “Инээмсэглэж буй Саския”, “Саскиягийн хөрөг”, “Флора” зэрэг зургандаа эхнэр Саскиягаа дүрсэлсэн байдаг.

Харамсалтай нь түүний эхнэр 30 настайдаа уушгины сүрьеэгээр нас барж, гурван хүүхэд нь багадаа өөд болжээ. Рембрандтын хоёр дахь эхнэр Х.Стоффельдс ч бас түүний зургийн модель болж байсан бөгөөд залуудаа нас барсан байна.

Оросын нэрт зураач Александр Шиловын хөргүүдийг хүмүүс маш ихээр сонирхож үздэг. Гэвч үзэгчид түүний охин Машагийн хөргийг харахаараа нуруугаар нь хүйт дааж буйг мэдэрдэг аж. Түүний охин Маша 16 настайдаа эдгэршгүй өвчнөөр өөд болсныг баргийн хүн мэдэхгүй хэрнээ яагаад тэгдэг юм бол? “Яагаад гэвэл эцэг нь түүнийг олон зурснаас болж тэр үхсэн” хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.

Э.Мөнхзаяа
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих