Допингийг давраасан дорой тэмцэл

24531-6-ugolovnuyu_otvetstvenn_ruОлон улсын допингийн эсрэг агентлаг (WADA) ойрын үед тун ч ширүүн байна. Хяналт шалгалтаа улам хатууруулж, тэр хэрээр гэмтний тоо нэмэгдэх боллоо. Ингэх шаардлага байгаа учраас ширүүлэхээс ч аргагүй. Тэр ч байтугай 10 жилийн өмнөх хэргийг сөхөж, зохих шийтгэлийг нь оноож байна.
Тухайлбал, 2008 оны Бээжингийн олимпийн үеэр цэвэр гэж гарсан 400 гаруй сорьцыг орчин үеийн дэвшилтэт техник ашиглан дахин шинжлэхэд 31 тамирчны дээж асуудалтай байсан нь илэрсэн.

Сэргээшийн шинжилгээг яаж ийгээд аргалсаар ирсэн тамирчдын хувьд энэ нь тун түгшүүртэй мэдээ байв. WADA 2011 онд дэлхий дахинд нийт 243 мянган сорил авсан бол 2016 онд дээрх тоо 303 мянга болж эрс нэмэгджээ. Нийт авсан шинжилгээний хоёр орчим хувь нь асуудалтай гарч, гэмтэй тамирчин шийтгэл амсдаг байна. Кампанит ажил энэ эрчээрээ урагшилвал спортыг сэргээшээс ангид байлгахад том ахиц гарах болно.

Нэгэнт дэлхий энэ чигт явж буй учраас Монгол Улс ч гэсэн олны жишгийг дагах нь зүй. Гэтэл бид цаасан дээр л хэдэн дүрэм журам баталснаас өөрөөр олигтой тэмцэж чадахгүй байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Ядаж байхад өнөөх дүрэм журам нь тунхаг, уриа лоозонгийн шинжтэй. Дэлхий нийтийн чиг хандлагаас эсрэг зүгт алхаад байна уу гэмээр.

Допинг гээд ярихаар таны санаанд хамгийн түрүүнд үндэсний бөх орж ирэх байх. Ийм байхаас ч аргагүй. Учир нь өдгөө зөвхөн үндэсний бөхөд л жилдээ ганц удаа шинжилгээ авч байгаа юм. Улмаар наадамд шөвгөрсөн бөхчүүдийн тэдээс нь допинг илэрлээ гэсэн мэдээ цацагдаж, иүүр улайлгана. Үндэсний бөхийнхөн сайн, муугаараа хэлүүлээд ч болтугай шинжилгээ авч буй нь харин ч том дэвшил гэлтэй. Гэтэл бусад спортын төрлийнхөн огт шинжилгээ авдаггүй. Тиймээс илрэхгүй байх нь ойлгомжтой. Хэрэв гэнэт шинжилгээнд хамруулбал хариу ямар гарах бол гэдгийг төсөөлөхөд бэрх.

Өдгөө Монголын спортод хэн нь юугаа хэрэглээд байгаа нь мэдэгдэхгүй хэдэн нөхөд бужигнаад л байна. Хяналт тавих тогтолцоо, дүрэм журам ч гэж үгүй. Ийм байдалтай явсаар хааяа нэг олон улсын тэмцээнд очиход тамирчнаас нь сэргээш илэрч, бөөн асуудал дэгдэнэ. Гаргасан амжилт нь гавихгүй мөртлөө хар асуудалд нэр холбогдоод байвал улсын нэр хүнд унасаар байх нь гарцаагүй.

Саяхныг болтол допингтой нэр холбогдсон монгол тамирчдын хар жагсаалт 20 хүрэхгүй “гишүүн”-тэй байв. Гэтэл сүүлийн долоо, наймхан жилийн дотор жагсаалт хүрээгээ огцом тэлж, 30 гаруй гэмтэнтэй болжээ. Манайхан нэг үеэ бодвол олон улсын тэмцээнд нэлээд оролцох болсон. Тэр хэрээр хяналт чангарч, “но”-той тохиолдол олноор илрэх болсныг та анзаарсан байх. Риогийн олимпод оролцсон тамирчдаас хүндийг өргөлтийн Ө.Чагнаадорж сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн нь Монголын нэрийг харлуулсан хамгийн сүүлийн жишээ болоод байгаа. Уг нь дотооддоо сайн хяналт тавьж чадвал гадагш гараад нэр хүндээ унагаад байхгүй юмсан. Харамсалтай нь хөрөнгө мөнгө байхгүй гэсэн улиг болсон шалтгааны улмаас ийм хариуцлагатай шинжилгээг орхигдуулсаар өдийг хүрчээ.

Гэхдээ допингийн эсрэг хийх тэмцэлд бага ч болов ахиц гарч буйг хэлэх ёстой. Тухайлбал, Монголын тэшүүрийн холбоо энэ жилийн УАШТ-ий үеэр таван тамирчныг шинжилгээнд хамруулсан. Тэдний нэгнээс нь хориотой бодис илэрч, арга хэмжээ авахуулахдаа тулаад буй. Түүнчлэн Монголын үндэсний бөхийн холбоо зөвхөн баяр наадам гэлтгүй бусад үед ч бөхчүүдийг шинжилгээнд хамруулах талаар дүрэм журам боловсруулж, ажлаа эхлүүлээд байна.

Өдгеө үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэдэг 2000 гаруй бөх бий гэсэн тойм судалгаа бий. Гэтэл наадамд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авч, бусдыг орхигдуулдаг нь учир дутагдалтай. Цаана нь хэчнээн бөх хориотой бодис хэрэглэж, шударга бусаар барилдаж буйг таах аргагүй. Өндөр бай шагналтай заалны барилдаанд допингийн хүчээр амжилт гаргачихаад наадмын тавын даваанд өвдөглөөд өгөхөд нэр цэвэр үлдэх боломж эндээс бүрдсэн юм. Тиймээс бөхчүүдээс нууцаар санал авч, нэр нь хамгийн их дурдагдсан нөхдөөс шинжилгээ авч байхаар боллоо. Хэн нь хориотой бодис хэрэглэж, бусдыгаа хэмхчиж хаячих гээд байгааг бөхчүүд өөрсдөө хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ. Хэрэв тухайн бөх шалгалтад бүдэрвэл барилдах эрхээ хоёр жилээр хасуулж, шинжилгээний зардлыг 100 хувь төлөх юм. Түүнчлэн наадмын тавын даваанд унасан улсын цолтой бөхөөс шинжилгээ авах заалт оруулж өгчээ.

Зүй нь энэ мэтээр эрс шийдэмгий арга хэмжээ авч байж замбараагүй хэрэглээг хазаарлах учиртай. Тиймээс ойрын өдрүүдэд бөхчүүдээс допинг илэрлээ гэсэн мэдээлэл цацагдвал битгий гайхаарай. Энэ нь хэрэгжүүлж буй ажил үр дүнгээ өгч байна гэсэн үг шүү.

Допингийн асуудалд үргэлж ордог бөхчүүд зөв зүйтэй ажил санаачилж, эхлүүллээ. Харин одоо бусад нь тэднээс санаа авч, нэгийг хийх цаг нь иржээ. Юун түрүүнд чөлөөт, жүдо, бокс зэрэг олимп, дэлхийгээс медаль хүртдэг том холбоод бусдыгаа үлгэрлэн дагуулж, санаачилгатай ажиллах хэрэгтэй. Алийн болгон мөнгөгүй гэх зовлон тоочих вэ. Сэтгэл байвал хэрэгжүүлэх арга зам олддогийг үндэсний бөх болон тэшүүрийн холбооны санаачилгаас харж болно.

Шинжилгээ огт авдаггүй тул илрэхгүй байх нь аргагүй

Гаргасан амжилт, ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлсэн спортын холбоод улсаас жил бүр зохих хэмжээний санхүүжилт авдаг. Эдгээр холбоо УАШТ-ээ хийх үеэрээ шинжилгээ авах шаардлага тавьж болмоор. Сорьцын шинжилгээ аваагүй бол улсаас санхүүжилт олгохгүй. Сайн тэмцсэн холбоодыг урамшуулах хөшүүрэг ч хэрэгтэй байх.

Эхний ээлжинд ядаж ийм арга хэмжээ авахгүй бол бүр замбараагаа алдаж гүйцэх нь. Ялангуяа хүндийг өргөлт, бодибилдинг болон бөхийн төрлүүдэд уураг нэрээр янз бүрийн сэргээш хэрэглэж, амжилтад хүрдэг байдал газар авсныг хүн бүр хэлдэг. Хэрэв дотоодын хяналтаа сайжруулж, авах арга хэмжээгээ чангатгаад өгвөл хэн хэрэглэж зүрхлэх билээ.

 

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих