С.Эрдэнэ АРДЧИЛСАН НАМЫГ ХУВЬЧЛАХААР ШИЙДЖЭЭ
УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд алдаагаа засч, ард түмний нам байхаа зарласан. Тус намын шинэ дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч хувьчлагдсан эрх мэдлийг намынхаа партизанууд хийгээд анхан шатны жирийн гишүүддээ нийгэмчлэхээ амлаж байв. Гэсэн ч түүний энэ амлалт ирэх сарын 2-нд болох тус намын шат, шатны удирдлагыг сонгох санал хураалтын бүртгэлээс эхлэн агаарт замхарч одлоо.
Учир нь, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын хорооны гишүүдийг сонгох уг сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлэхийн тулд Ардчилсан намын гишүүд дараах хураамжийг төлөх ёстой. Энэ нь Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол гурван сая төгрөг төлөхөөс эхэлнэ. Цаашлаад Нийслэлийн ардчилсан намын даргад өрсөлдөгчид 90 сая, аймгийн намын хорооны даргад өрсөлдөх бол 15 сая, дүүргийн намын дарга болох сонирхолтой бол 20 сая, Багахангай, Багануур, Налайх дүүргийн Ардчилсан намын дарга болохыг хүсвэл 10 сая төгрөг төлөх ёстой. Тэр ч бүү хэл сумын намын хорооны даргад өрсөлдөхийг хүсэгчид 200 мянган төгрөг, нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүнд өрсөлдөх бол 1.5 сая төгрөг төлнө. Зөвхөн энэ ч бус дүүргийн намын хорооны гпшүүд 250 мянга, сумын намын хорооны гишүүн болохыг хүсвэл 12 мянган төгрөг төлнө. Энэ бол Ардчилсан намд үгээ хэлэх эрх хийгээд хүсэл сонирхлоо илэрхийлэхийн төлөө төлж буй төлбөр. Товчхондоо, эрх мэдлийг хувьчилсан хувьчлал юм.
Хэдийгээр үүнийгээ тус намын шинэ удирдлагууд “Өмнө нь цөөн хүнээс санхүүжилт босгох замаар асуудлаа шийддэг байсан. Энэ нь эргээд намын үйл ажиллагааг хязгаарлах, эрх мэдлийг хувьчлах явуургүй үйл явц болсон. Үүнийг засахын төлөө ийм шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлаж байгаа ч эргээд ардчилал ил цагаан хувьчлагдсны илрэл гэх дүгнэлтээс өөрөөр үзэх арга алга.
Уг нь Ардчилсан нам Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлэхдээ эрх чөлөө, эрх тэгш харилцааг тунхаглаж байсан. Өмчийг ч, шийдвэр гаргах эрх мэдлийг ч ард түмэнд өгнө гэж амласан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр шийдвэр гаргах эрх мэдэл хувьчлагдаж, жирийн иргэдийн эрх ашиг, санаа бодол хаалганы цаана үлдэх болсон. Үүний нотолгоо нь Ардчилсан намын өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ялагдал. Намынх нь ялалт олонхид бус харин Улаанбаатар хотын төв цэгт заларсан цөөн хэдэн намынх нь лидерүүдийн өмч болсон учраас ялагдсан. Жирийн гишүүд нь үүнийг нотлох гэж намынхаа шинэчилсэн бүртгэлээс олноороо татгалзсан ч ердөө л хоёр шөнийн дотор 160 мянган гишүүнтэй болсон. Үүний цаана 20 мянган төгрөг барьж, гишүүнчлэлийн бүртгэл хийлгэсэн бүсгүйчүүд байсан тухай яриаг Ардчилсан намын даргад нэр дэвшиж байсан тус намын лидерүүд олонтаа ярьсан. Гэсэн ч тусыг олоогүй. Яг ийм нөхдөлд тус нам дахиад л жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг хаалганы цаана үлдээхээр шийдлээ.
Үүний тулд дээрх мөнгөн босгыг тогтоосон. Түүнийх нь үр дүнд Ардчилсан намын шийдвэр гаргах анхан шатны байгууллага руу хүртэл халаасандаа гурван сая болон 250 мянган төгрөгтэй хүн орох боломжгүй болов. Хэрэв энэ удаагийн дотоод санал хураалтад орж чадахгүй, орсон ч ялалт байгуулж чадахгүй бол УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс хамаарч өөрийгөө нам дотроо өндөрт өргөх боломжгүй болно. Сайнаар бодоод яллаа гэхэд тэд урьдын адил бялуунаас хоцорно. Тийм ч учраас сураг сонсох нь ээ, Ардчилсан намын хэсэг бүлэг лидер хийгээд фракциуд дотооддоо өөрсдийн ойр дотно хийгээд танил тал гишүүдийнхээ өмнөөс төлбөр төлөх яриа хийгдээд эхэлчихсэн байна билээ. Энэ нь лидер Б өмнөөс нь мөнгө төлж жирийн гишүүн Э-г санал хураалтад оруулж, ялуулах замаар өөрийн эрх ашгийг хамгаалуулна гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгөн хураамжийн цаана шударга ёс бус дахиад л хуйвалдаан эрчимжинэ. Ийм байхад Ардчилсан нам ялагдлаасаа суралцаж, шударга үнэнтэй гар барилцлаа гэж итгэх аргагүй юм.
Харин энэ хэмжээний хураамж төлөх боломжгүй гишүүд нь яах вэ. Олонх нь мөнгөний хэмжүүрээр хүсэл зорилгоо унтраана. Эс бол орон нутгийн бүлэглэлийн халаасанд орно. Өөр ямар ч сонголт байхгүй. Тиймээс Ардчилсан намын дарга С.Эрдэнэ та нэртэйгээр нь намынхаа жирийн гишүүдэд арилжааны банкнаас зээл авах батлан даалт гаргаад өгчих. Учир нь, тэдэнд таны болон цөөн хэдэн лидер гэх лойдоруудын халааснаас гарах өөр боломж алга. Хоногийн хоолоо битгий хэл өглөөний цайгаа ч уух тэнхээгүй яваа Ардчилсан намын партизанууддаа ядаж сүүлчийн удаа ч болов ингэж эрх мэдлийг хүртээ. Эс бол намынхаа хаалгыг хаа. Дүүрэг өмчилсөн туршлагаа нам өмчлөхөд ашиглах гээгүй юм бол өөр сонголт жирийн гишүүдэд тань үлдээгүй л болов уу даа. Өмч хувьчилсан туршлага нь 20 жилийн дараа намаа хувьчлахаар үргэлжилж байгаа нь харамсалтай.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: