Согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлд хяналт тавьдаггүй гэв
Архины эсрэг дуу хоолойгоо нэгтэх зорилгоор байгуулагдсан “Шударга ёсны хувьсгал” үндэсний нэгдсэн холбоо мэдээлэл хийлээ. Тэд нийслэлийн их, дээд сургуульд суралцагч оюутнуудын дийлэнх нь архидан согтуурч байгаа нь нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үзжээ.
Түүнчлэн архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрлийг хяналтгүй олгож байгаа НЗДГ-ын ҮҮХ-ийн дарга Ж.Долгормааг буруутгасан юм. Үүгээр ч барахгүй түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт тавина гэлээ. Тус холбооны тэргүүн Н.Мөнхбатын ярьснаар Ж.Долгормаа нь жилд ойролцоогоор 300 гаруй архи, согтууруулах ундаа зарж борлуулах эрх аж, ахуй нэгж, иргэд байгууллагуудад олгодог аж.
Энэ нь өдөрт нэг тусгай зөвшөөрөл бусдад олгодог гэсэн үзүүлэлт юм байна. Нийслэлийн хэмжээнд энэ онд 160 гаруй мянган оюутан суралцдаг төдийгүй тэдний 1305 нь архидан соггуурснаас болж эрүүлжүүлэгдэж, 610 нь гэмт хэргийн хохирогч болж, 442 нь гэмтхэрэг үйлдсэн гэх судалгааг тус холбооноос гаргажээ.
Иймээс уг холбоо согтууруулах ундаа зарж борлуулах цэг, дэлгүүр, үйлчилгээний газруудыг цөөлөхөд ихээхэн анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Хууль зүй дотоод хэргийн яамнаас архи, согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлд хяналт тавьдаггуй хэмээн сайд Ц.Нямдоржийг шүүмжилж байлаа.
“Шударга ёсны хувьсгал” үндэсний нэгдсэн холбоо нь өнгөрсөн тавдугаар сард байгуулагджээ. Тус холбоо одоогийн байдлаар 1000 гаруй гишүүнтэй аж. Тэдгээрийн 500 гаруй нь идэвхтэй гишүүн юм байна. Дашрамд дурьдахад “Шударга ёсны хувьсгал” холбоо нь цаашид оюутны эрх, нэр төрийг хамгаалах зорилготой гэдгээ мэдэгдлээ.
Б.Марал-Эрдэнэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: