ЭТТ-г Тавантолгойн гадаа үлдээх нь 1072 хувьцааны эздэд ашиггүй
Тавантолгой төслийг 2017 онд багтааж эргэлтэд оруулахгүй гэх мэдээллийг Сангийн сайд өгөөд байгаа. Гэхдээ цаагуураа бол үйл явц, тохирооны асуудал ид шатандаа яваа гэх мэдээлэл бас бий. Анхаарал татахгүй байхын аргагүй нэг мэдээлэл бол Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг гурвалсан консерциумд тавьсан хэд хэдэн саналууд юм. Тодруулбал, Тавантолгойн ордыг тодорхой үнээр үнэлж, 100 хувь “Шинхуа”-д зарах гэсэн хувилбар араасаа шүүмж дагуулж буй. Бусад хувилбаруудын тухайд төслийн 51 хувийг Энержи ресурс, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн 51 хувийг Монгол төмөр зам, үлдсэн 49 хувь тус бүрийг “Шинхуа”-д эзэмшүүлэх, за мөн Тавантолгойн 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшиж, 49 хувийг Японы Сүмитомо, Хятадын Шинхуад эзэмшүүлэх гэхчлэн хувилбарууд байгаа. Тэгэхээр энэ гурван хувилбарын нэгд нь л “Эрдэнэс Тавантолгой” багтаж, нөгөө хоёрт нь багтаагүй байгаа юм.
Гэтэл “Эрдэнэс таван толгой” Монгол Улсын иргэн бүрийн хувьд чухал компани. Монгол Улсын иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмшигчид гэж бид ойлгодог. Тэр ч утгаараа ЭТТ-г Тавантолгойн гадаа үлдээх нь улс орон хийгээд иргэдийн хувьд ашиггүй хувилбар шүү дээ. Түүнчлэн ЭТТ-оо илүү эрүүл үйл ажиллагаатай болгох шаардлага байгаа билээ.Ер нь эрх баригчид уг компаниар шоу улстөр хийхдээ л сайн болохоос, үнэхээр иргэддээ хувьцаа эзэмшүүлээд, үр ашгийг нь хүртээгээд явах талын зөв бодлого сүүлийн жилүүдэд байсангүй гэх шүүмж дагаж буй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигчид буюу 1072 хувьцааны эзэд болон тус компанийн хувьцааг худалдан авсан, дотоодын ААН-үүдийн эрх ашгийг зөрчсөн тухай асуудлыг нэр бүхий эдийн засагчид хэлж ярьж байгаа.
Уг нь хувьцаа эзэмшигчид тус компанитай холбоотой мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй ч, эдгээр эрхүүдээ өнөөг хүртэл эдлээгүй.Тус компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн. Иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй гэдгийг мөн хэлж буй.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: