Үхэл рүүгээ алхаад! (Өгүүллэг)

5fb4987e683f745cgreatМОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Бөөнөөр хорих хуаранд ирсэн хүн болгон шалдан явах болдог. Үнэндээ бид ч өмнө нь нүцгэн, шалдан явж байсан… Эхлээд бүх хувцсаа тайлж, германчуудад хураалгаад дараа нь бөөснөөсөө салж, циклон Б-гийн уусмалтай бодист дүрсэн хувцсаа эргүүлэн авч өмсөж байв. (Циклон Б бол хүмүүсийг хийгээд хувцсан доторх бөөсийг хүртэл маш түргэн хугацаанд хордуулан алдаг хий юм).

Биднээс сараалжин хашаагаар тусгаарлагдсан байшингуудад хувцсаа авч амжаагүй хүмүүс байх бөгөөд тэд нүцгэн явсаар л… Нар аймшигтайгаар төөнөхийг нь яана…

Хорих хуаран харуул, хамгаалалт өндөртэй. Эндээс нэг ч хоригдол, ганц ч бөөс гарч чадахгүй. Бүгд үхтэлээ ажиллах ганц л тушаалтай. Бүтэн өдөржингөө хэдэн мянган чармай нүцгэн хүн замаар алхан, талбайд жагсаж, хананы сүүдэрт эсвэл дээвэр дор хэвтэцгээнэ. Энд дэвсэх өвс, хучих хөнжил цөмийг нь “ариутгах”-аар авсан учир хүмүүс модон нааран дээр унтацгаадаг. Хуарангийн хамгийн захын байшингуудад эмэгтэйчүүд хоригдоно. Тэд ч бас бөөснөөсөө салцгаасан. Хорин найман мянган нүцгэн эмэгтэй хорих байрнаасаа туугдан гарч, хүмүүсийн нүдэн дээр зам, талбайн голд шамбааралдан зогсож байсан ч удаа бий.

Өнөөдөр өглөөнөөс хойш бид хүнсээ хүлээцгээж, гэрээс ирсэн зүйлсээ идэн, өөр хоорондоо дэмий ярилцаж суугаа нь энэ. Халуун өдөр цаг хугацаа удаан өнгөрдгийг ч хэлэх үү, үзэж харах зүйл энд даанч үгүй. Шатаах зуух руу очих өргөн зам ч хоосон цэлийнэ. Учир нь, сүүлийн хэд хоног ачаа ирсэнгүй. Цэвэрлэгээний хэсгийнхнээс нэлээд олон хүн ажиллах хүч рүү хуваарилагдсан байв. Тэд Харменз дахь хамгийн хүнд газарт шилжин очсон. Магадгүй, тэд зөвхөн энд л гэдэс цатгалан, бие амар байдгийг ойлгож авсан биз. Хорих хуаранд үйлчилдэг нэг дүрэм бол өндөрт байсан хэн хүнийг унахад бүгд хамгийн доошоо орохыг нь хүсэцгээдэг юм. Хачирхалтай шүү. Цэвэрлэгээний хэсгийнхний тухайд, тэд тийм ганган биш ч франц сүрчиг ханхлуулцгаана. Бас тэд л европын дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн очир алмааз, алт, мөнгө эндхийн хаана нуугдаж байгааг мэднэ.

Бидний хэсэг нөхөд хурангийн олон давхар нааран дээр хөлөө савчуулан сууцгаана. Гараа гаргаж жигнэсэн цагаан талх хатаж үйрсэн ч бидний хувьд янзын амттай. Учир нь, энэ талх Варшаваас ирсэн юм. Ердөө долоо хоногийн өмнө ээж минь үүнийг гартаа барьж байсан шүү дээ. Өршөөлт Бурхан минь, Өршөөлт Бурхан минь…

Гахайн шарсан мах, сонгины хажууд өтгөрүүлсэн сүү онгойлголоо… Хэнри Страсбург, Парисын ойролцоогоос эвсэл Марселиас ачигдан ирэх франц дарсыг мөрөөдөж сууна.

- Аан гээч. Галт тэрэгний зогсоол руу дахиад явахаараа би чамд жинхэнэ оргилуун дарс авчирч өгнө өө. Чи бодвол өмнө нь ууж үзээгүй байх, тийм үү?

- Үгүй. Гэхдээ чи хашаагаар оруулж ирж чадахгүй шүү дээ. Тиймээс битгий хоосон чалч. Харин надад гутал л олж өгөхийг бод. Яг ийм хоёр давхар улавчтай, дээрээ жижиг нүхнүүдтэйг нь. Цамцны тухай дахин сануулаад яахав. Чи надад аль эрт амласан.

- Тэвчээртэй бай л даа. Ачаа буунгуут би чамд бүгдийг нь авч ирнэ. Мөдхөн бид галт тэрэгний зогсоол явна гэхэд нь би:

- Эсвэл шатаах зуух руу орох ачаа ирэхгүй ч байж болно шүү дээ хэмээн ууртайгаар хариулав. Энд хөдөлгөөн багасаж байгааг харж байгаа биз дээ? Тэр олон “илгээмжүүд”-ээр бид яах юм бэ? Та нар хүртэл гэр рүүгээ захиа бичээ биз дээ..? Тэгээд ч шинэ дүрмийн тухай бүгд л ярьж байна. Чи ч өөрөө ярьдаг биз дээ? Чөтгөр гэж, хүмүүс дуусаа байлгүй дээ гэтэл,

- Тэнэг юм битгий чалч гэж амаараа дүүрэн нөөшилсөн загас, талхтай хамт чихсэн бүдүүн марсель эр (Хэдий тэр миний найз ч би түүний бүтэн овог, нэрийг мэддэггүй байлаа) бувтнав. Тэрбээр амандаа байгаагаа хүчлэн байж (Чөтгөр аваг, арай гэж орлоо шүү!) залгиад,

- Тэнэг зүйл бүү чалч гэж давтан хэллээ. – Хүмүүс дуусч болохгүй. Тэгвэл бид эндээ үхнэ. Бид нар тэдний авчирсан зүйлсээр л амиа зогоож байгаа биз дээ?

- Бүгд ч биш ээ. Бидэнд илгээмж ирдэг. Тэрийгээ идэж байна.

- За, яахав. Чи, бас чиний найз. Та нараас гадна арван хүн, польшууд та нар л идэж байгаа биз. Гэвч бүгд биш шүү! Харин бид, жүүдүүд, оросууд яах болж байна аа? Ачаанаас авсан хүнс байхгүй байсан бол бид юугаа идэх билээ? Та нар ч мөн өөрсдийнхөө илгээмжээр ирсэн зүйлийг тайван гэгч нь идэх байсан уу? Бидэнд өгөлгүйгээр шүү.

- Өгч л таараа шүү дээ. Үгүй бол бид грекчүүд шиг өлбөрч үхнэ. Хорих хуаранд хэн идэх юмтай, тэр хүчтэй!

- Та нар ч идэх юмтай, бид ч идэх юмтай. Юундаа сөргөлдөөд байгаа юм бэ? Энд сөргөлдөх юм ердөө ч алга. Бид хамтдаа идэж, хамтдаа нэг нааран дээр унтаж байна гэж Хэнри хажуугаас хэлээд талх хэрчиж, улаан лоолийн зууш бэлдэж эхлэв. (Гич түрхвэл ч амттай болох нь гарцаагүй дэг ээ).

Хуарангийн том байшин доторх олон давхар наарнуудын дунд нүцгэн хүмүүс чихдэлдэцгээнэ. Тэд хаа сайгүй байх ажээ. Сайжруулсан зуухны хажуугаар ч бас явцгааж байна. Энд ойролцоогоор таван зуун хүн унтдаг байх. Магадгүй, түүнээс ч их байж мэднэ.  Миний хэвтдэг наарны хамгийн доод орон дээр нэг хүн даавууны өөдсөөр толгойгоо бүтээгээд жүүд хэл дээрх мөргөлөөс (Үүнийг яаж нууж авчирсан юм бол доо, бүү мэд!) бидэнд сонсогдохоор чанга, жигд хэмнэлтэйгээр уншина.

- Түүнийг жаахан ч болов тайвшруулах арга байна уу? Бурхан хөлнөөс зуураад авсан юм шиг л гиншиж байх чинь.

- Наарнаасаа буумааргүй байна ш дээ. Гиншиж л байг. Тэгэх тусмаа л зуух руугаа хурдан орно биз.

- Шашин бол үндэстнүүдийг мансууруулдаг эд.

- Хэрвээ тэд Бурхан, хойд насны амьдралд итгэдэггүй байсан бол шатаах зуухыг аль эрт нураачих байсан юм гэж зүүн талаас коммунист үзэлтэй, мөнгө хүүлэгч марсель эр бодлогоширсон байдалтайгаар нэмэв.

- Тэгвэл та нар яагаад юу ч хийдэггүй юм бэ? гэсэнд тэр:

- Тэнэг ээ, гээд ам руугаа улаан лооль чихэн, ямар нэгэн зүйл хэлэх гэж буй мэт үйлдэл хийснээ больж, аман дахиа залгин дуугүй боллоо.

Биднийг хоолоо идэж дуусахтай зэрэгцэн үүдэнд хөдөлгөөн нэмэгдэх нь тэр.  Лалынхан сандралдаж, давхар наарнуудын голоор зугтах мөчид үүдээр мэдээ хүргэгч шагайв. Удалгүй харгалзагч ихэмсгээр орж ирлээ.

- Цэвэрлэгээний хэсэг, гүйгээд! Ачаа ирж байна!

- Бурхан минь, гэж хэлээд Хэнри наарнаасаа үсрэн буулаа.

Марсель эр улаан лоолио арайхийн хоолойгоороо давуулаад, хүрмээ шүүрэн авч, доор бөөгнөрч байгаа хүмүүст хандан “Холд” хэмээн чанга дуугаар зандрахад цаадуул нь аль хэдийнэ тарж одов. Өдгөө тэд өөр наарны дэргэд бөөгнөрцгөөнө. Цэвэрлэгээний хэсгийнхэн галт тэрэгний зогсоол руу явж байгаа нь энэ.

- Хэнри, гутал гэж би тэдний араас хэлж амжлаа.

- Асуудалгүй, гэж гаднаас хариу өгөв.

Би идэх юмнуудаа боогоод үдээсээр баглав. Энд Варшавт эцгийн минь ногооны талбайгаас хураасан улаан лооль, сонгино, Португалиас ирсэн загас, утсан мах, өмнөд нутгийн хатаасан жимс цөм бий. Хоолоо далд хийгээд өмдөө татаж, наарнаас буулаа.

- Platz! гэж хэлээд би грекчүүдийн дундуур шахцалдан зүтгэв. Тэд ч хажуу тийш болж өглөө. Үүдэнд Хэнри байж байв.

- Алив ээ, хурдал! Хурдал!

- Юу болоов?

- Чи бидэнтэй цуг галт тэрэгний зогсоол руу явмаар байна уу?

- Явж болох юм уу?

- Тэгвэл явъя. Хүрмээ ав. Энд хэдэн хүн дутаад байна. Би ахлагчтай ярьчихсан гээд намайг байшингаас суга татан гаргах нь тэр.

Бид нэг эгнээнд орж жагслаа. Хэн нэгэн энгэр дээр дугаар бичиж, өөр нэгэн цувааны урдаас “Гүйгээд, гүйгээд” гэж чангаар тушаахтай зэрэгцэн хорих хуарангийн том байшингууд руу ташуурдуулан орохдоо олон янзын хэлээр орилолдох олноос бид холдож, гол хаалганд тулж очив. Бүгд галт тэрэгний зогсоол руу явах боломжгүй нь гашуун үнэн ажээ.

- Links, zwei, drei, vier! Mutzen ab!

Бид нуруугаа эгцлэн, гараа хөдөлгөөнгүй унжуулж, гол хаалгаар хөнгөн гэгч нь алхан гарлаа. Гартаа том самбар барьсан ЭсЭс-ийн офицер биднийг хажуугаар нь өнгөрөхөд агаар дээр хуруугаараа тав таваар тоолон, хамгийн сүүлчийнх явахад,

- Hundert! гэж хашгирав.

- Stimmt! гэж хэн нэгэн сөөнгөтсөн хоолойгоор дуугарлаа.

Бид хурдаа нэмэн, бараг гүйх шахуу алхана. Автомат буутай харуулууд хаа сайгүй байх аж. Ийн явсаар бид Б II хуарангийн бүх хэсгүүд, хүн байхгүй хоосон С бас тусгаарлалттай хэсгүүдийг өнгөрөн алим, лийрний моддын дундуур гүйж, урьд өмнө нь харж байгаагүй, хэдхэн өдөр л нар шарсан гэхэд шигүү ургасан, саран дээр байгаа гэлтэй зөөлөн ногоон өвсөн дундуур гарч, нурсан байшинг хагас тойрон, харуулын том байрны хажуугаар явж, шороон замаар цааш хурдалсаар очих газраа хүрлээ. Эндээс хэдэн арван метрийн цаана моддын дунд галт тэрэгний зогсоол бий.

Энэ бол хүн ам цөөтэй орхигдсон газруудад байдаг жирийн л нэг галт тэрэгний хуучин зогсоол. Өндөр моддоор хана босгон, хайрга дэвссэн жижигхэн талбай. Хажууханд нь хуучирч муудаад бараг нурах дөхсөн намхан модон байшин, харин цаана нь төмөр замын хураалттай төмөр, дэр мод, нурсан байшингаас үлдсэн банз, тоосго, чулуу, усны хоолойнуудыг овоолсон харагдана. Эндээс бөөнөөр хорих хуаранг тэр чигт нь хангах хоол хүнс, эд зүйлс, хорт хий рүү орох хүмүүс буюу бидний нэрлэдгээр “бараа”-г Биркенау руу ачдаг ажээ. Жирийн л нэг ажлын өдөр. Ачааны машинууд ирэн банз, цемент бас хүмүүсийг эндээс зөөнө…

Буутай харуулууд төмөр зам дагуу, моддын дунд дугуй тойрог хэлбэр үүсгэн эгнэн зогсохдоо духнаас урсах хөлсөө арчин, байсхийгээд л савтай уснаасаа ууцгаах ажээ. Өнөөдөр нар эгц дээрээс төөнөж, бүгчим халуун гэж нөхцөлгүй байна.

 - Тараад!

Бид хэсэг хэсгээр таран суулаа. Өлсгөлөн грекчүүд (Эднийг энд яаж ирснийг чөтгөр л мэдэх байх даа) төмөр зам дээгүүр сүлжилдэн, хэн нэг нь нөөшилсөн мах, хөгцөрсөн талх, лаазтай загасны үлдэгдэл олж, хуваан идэцгээх аж.

- Schweinedeck, хэмээн өтгөн саарал үстэй, бодлогоширсон байрын харц, цэнхэр нүдтэй өндөр харуул тэдэн рүү нулиман хэлээд – Удахгүй гударч ханахгүй их идэх юмтай болох гэж байж. Хоол харахаас ч дургүй чинь хүрэх болно, гайгүй гээд автомат буугаараа ууртай нь аргагүй зангаж, гартаа барьсан алчуураараа хөлстэй нүүрээ шудрав.

- Яг малууд гэж бид грекчүүдийн талаар өөр хоорондоо санал нэгтэй хэлцлээ.

- Хөөе, бүдүүн ээ харуулын хөл Хэнригийн нуруунд зөөлөн хүрээд – Pass mal auf, Чи уумаар байна уу? гэв.

- Уумаар л байна. Даанч надад марк алга гэж франц эр хариуллаа.

- Schade, харамсалтай л юм.

- Alez Herr Posten, та надад итгэхгүй байна гэж үү дээ? Та надтай урьд нь наймаалцаж байсан шүү дээ. Wieviel?

- Зуу. Gemacht?

- Gemacht

Бид ус уулаа. Үнэндээ ус биш угаадас л ийм амттай байдаг байх. Азаар удахгүй хүмүүс ирж, бид мөнгө бас идэх юмтай ч болно.

- Хөөе, санаж ав гээд Хэнри усны хоосон саваа хаятал өнөөх нь цааш ойж сонсогдоно. – Мөнгө битгий аваарай. Урхи байж ч мэднэ. Тэгээд ч чи мөнгөөр яах юм? Идэх хоол чамд байна. Гадуур хувцас ч битгий ав. Тэгвэл чамайг зугтах гэж байна гэж сэжиглэнэ. Харин цамц байж болно. Гэхдээ торгомсог байвал дээр. Дотуур хувцас ч зүгээр. Хэрвээ уух юм олвол намайг дуудах хэрэггүй. Би өөрийгөө аргална. Шавхуурдуулахгүйн тулд болгоомжтой байгаарай.

- Зоддог юм уу?

- Ойлгомжтой ш дээ. Ар нуруугаа л сайн анзаарч байх хэрэгтэй.  Arschaugen.

Бидний ойролцоо грекчүүд сууж байлаа. Гэхдээ тэд хүн биш, яг л том шавьжнууд мэт бөөгнөрөн суугаад завьжаа хачнаар хөдөлгөн хөгцөрч хатсан талхны булан бас үйрмэгийг том томоор үмхэлж байх юм. Харваас мэгдэн сандарч байгаа нь илт. Энд яах гэж ирсэнээ тэд огт мэдээгүй бололтой. Овоолсон төмөр эсвэл тэр банзнуудыг ачих вий гэхээс яс нь хавтайж байх шиг санагдана.

- Was wir arbeiten?

- Niks. Transport kommen, alles crematorium, compris?

- Alles verstehen.

Харин тэд ачааны машинд хүнд төмөр ачиж, банз хураахгүй гэдгийг сонсоод овоо тайвшрах мэт боллоо.

Энэ хооронд галт тэрэгний зогсоол улам л хөдөлгөөнд орж эхэллээ. Хорих хуарангийн ахлагчийн баруун гарууд хүмүүсийг хэдэн хэсэг болгон хувааж, тус тусын үүрэгт ажилд нь томилж байна. Зарим нь удахгүй ирэх галт тэрэгний хаалгыг онгойлгож, вагонуудыг суллах, үлдсэн хэсэг нь модон шатнуудын хажууд түр зогсож байх ёстой. Удахгүй тэгээд бүх юм тодорхой болно гэнэ. Модон шатны тухайд гэвэл, яг л хурлын индэр рүү хүргэх гэж буй мэт бат бөх, дажгүй хийцтэй, өргөн гишгүүрүүд байх аж. Төдөлгүй мотоциклиуд ар араасаа цувран ирэх бөгөөд гутлаа гялалзтал арчиж, янз бүрийн медалиар энгэрээ гоёсон ЭсЭс-ийн зэрлэг царайтай, махлаг бага дарга нарыг буулгана. Тэдний зарим нь цүнх барьсан байхад нөгөө хэсэг нь гартаа уян ташуур атгажээ. Үйл хөдлөл, гартаа барьсан бүхэн нь тэднийг албаны, хүйтэн төрхтэй болохыг нь илтгэнэ гээч. Мотоциклиос буугаад тэд ажлын байр руугаа шууд орцгоолоо. Өнөөх хуучирч муудсан байшинг ажлын байр болгон ашиглах аж. Халуун зунаар тэд тэнд ус ууж сэрүүцэцгээдэг бол өвөл дарс халааж уун дотроо дулаацуулдаг байна. Эсэс-ийн офицерууд дотогш дөнгөж оруутаа л мөр мөрөө барьж тэврэлдэн, нөхөрсгөөр гар барилцаж, бие бие рүүгээ инээмсэглэн, шинэ сонин, гэр орноосоо ирсэн захидлуудын тухай ярилцангаа дотны хүмүүсийнхээ зургийг сонирхуулах нь элбэг. Зарим нь гадаа гарч, зогсоол дээр нааш цааш алхан салхилна. Тэднийг газар гишгэх тоолонд хайрга, чулуу шаржигнаж, гутлын ул нь шархирах агаад захны товчин дээрх дөрвөлжин мөнгөн тэмдэг нь нарны туяанд тодоос тод гялалзаж, гартаа барьсан хулсан ташуур нь бачууран исгэрэх мэт хачин жигтэй.

Олон янзын үндэстнүүд галт тэрэгний өндөрлөсөн замын дор сүүдэрт нуугдан хэвтэцгээнэ. Тэд хүндээр бас жигд бус амьсгаадан өөр хоорондоо янз бүрийн хэлээр ярилцаж, дүрэмт хувцастай ихэмсэг хүмүүс рүү, хэдий ойрхон ч хүрч боломгүй ногоон модод руу, алсад харагдах сүмийн орой дээрх Ариун Сүмийн хонх руу залхуутайгаар ширтэцгээнэ.

- Ачаа ирлээ гэж хэн нэгэн орилоход бүгд галт тэрэг ирэх зүг харцгаан бослоо.

Тэртээх булангаар ачааны галт тэрэг тойрч яваа харагдана. Зогсоолдоо ухарч орох бололтой. Цувааны дарга бололтой хүн галт тэрэгнийхээ шатан дээр нэг хөлөө тавиад, хаалганы бариулаас барин хазайж, гараараа даллан шүгэлдэхэд хүчит тэрэг зэвүүнээр хүнгэнэн, огцом түлхэж, тэгснээ зугуухан ойртоно. Банзаар битүүлж хадсан галт тэрэгний жижигхэн цонхоор ширэлдсэн үстэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ядарч туйлдсан, цонхийсон бас айж сандарсан царайнууд үзэгдэнэ. Бидний хажуугаар зөрж өнгөрөхдөө тэд чимээгүйхэн харж, орчин тойрныг ажиглаж байснаа гэнэт амь оров уу гэлтэй, вагоны модон ханыг чахруулан хөдөлцгөөж, шуугиж эхлэх нь тэр.

- Ус! Агаар! гэж сөөнгө хоолойгоор хачин гунигтай дуугарцгаана.

Цонхны жижигхэн нүхээр тэд жаахан ч болов агаараар амьсгалах гэж чихцэлдэн, нүүрээ ил гаргацгаах нь хөөрхийлөлтэй. Хэдхэн балга агаар залгисан нь алга болж, оронд нь өөр хүмүүсийн царай, уруул харагдах ажээ. Хормын дараа бас өөр царайнуудаар солигдож байлаа. Орилох, ёолох дуун улам чангарсаар л… Энэ бүгдийг харж байсан бусдаасаа илүү олон мөнгөн тэмдэг бүхий ногоон дүрэмт хувцастай офицер амаа мурийлган ярвайж, тамхиа гарган нэг асаах гэснээ газар огцом шидчихэв. Чингээд үүрсэн цүнхээ баруун ташаанаасаа зүүн тийш шилжүүлэнгээ харуул руу толгой дохиход өнөөх нь мөрнөөсөө буугаа мулталж, цэнэглээд вагонууд руу шүршиж гарах нь тэр. Дотор нам гүм боллоо. Энэ хооронд ачааны машинууд вагонуудтай зэрэгцэн зогссон байв. Хавтас барьсан бүдүүн эр гараа гозолзуулан:

- Идэх юмнаас өөр юм, эсвэл алт авсан хэнийг ч манай Агуу Гүрний эд зүйлсийг хулгайлсан гэж үзэн газар дээр нь нам буудна. Ойлгосон уу? Verstanden? гэхэд

- Jawohl! гэж бид зэрэг биш ч гэлээ дор бүрнээ хариуллаа.

- Also loos! Ажилдаа!

Түгжээг мултлан, вагонуудын хаалгыг нээхэд цэвэр агаар дотогш нэвт орж, тэнд байгаа хүмүүсийг мансууруулж орхижээ. Тоо томшгүй их эд зүйлс, аймшигтай их ачаа, том чемодан, жижиг чемодан, гар цүнх, үүргэвч (Тэд өмнөх амьдралд нь хэрэглэгдэж байсан бүх эд зүйлсээ энд авчирч, ирээдүйгээ бүтээх учиртай байв) бүгд энэ их чихцэлдээн дунд үрчийж, хэлбэр дүрсээ алдсан харагдана. Харамсалтай нь, вагон доторх хүмүүс амь дүйн ирэхдээ нэлээд хэдийгээ бүтээж алсан байв. Гэвч тэд одоо элсэн дээр хаягдсан загас шиг амаа ангайн амьсгаадан, онгорхой хаалган дээр овооролдон зогсоно.

- Анхаарцгаа! Эд зүйлсээ бариад бууцгаа. Өөрсдийн гэсэн бүх зүйлээ аваад буу. Буугаад, ачаагаа вагоны хажууд бөөгнүүлж тавь. Хүрэмнүүдээ бас үлдээ. Зун болж байна. Тэгээд зүүн тийш алх. Ойлгов уу?

- Эрхэм ээ, биднийг яах гэж байгаа юм бол? гэцгээх ч тэд айж сандралдан, вагоноос үсэрцгээж байлаа.

- Та нар хаанаас ирсэн юм бэ?

- Сосновиец, Бенжин. Эрхэм ээ, биднийг яах гэж байгаа юм бол? гэж горьдлого тээсэн харцаар тэд бусдын ядарсан нүд өөд ширтэн асууцгаана.

- Мэдэхгүй, би польшиор ярьдаггүй.

Хорих хуаранд үхэл рүүгээ явж байгаа хүмүүст эцсийн мөч хүртэл нь үнэнийг хэлдэггүй хууль үйлчилдэг юм. Энэ бол өршөөл үзүүлж буй цорын ганц зөвшөөрөгдсөн хэлбэр. Бүгчим халуун үргэлжилсээр л… Нар чанх дээрээс төөнөх бөгөөд тэнгэрт бүртийх үүл үгүй, агаарын урсгал гэх юм бараг үгүй ч хааяа нэг сэвэлзэх салхи нь хүртэл бүлээнээр үлээх аж. Миний уруул аль хэдийнэ хагарчээ. Аманд цусны шорвог амт амтагдана. Наранд удаан хэвтсэнээс болоод бие суларч, хөдөлгөөн удааширсан бололтой. Юм уух юмсан. Уухыг ямар их хүсэж байна аа.

Вагоноос янз янзын царай төрхтэй, толгой нь эргэж мансуурсан, манарсан, ядарсан, туйлдсан хүмүүсийн урсгал тасрахгүй асгарах бөгөөд цэвэр агаар, ногооны үнэрт цохигдон улмаар арайхийн сэхээ аван, учрыг ойлгохтойгоо, үгүйтэй болж байхтай нь зэрэгцээд гартаа барьсан болгоныг нь, хүрмийг нь бид хажуугаас булааж байв. Эмэгтэйчүүдээс гар цүнх, шүхрийг нь хүртэл сугалан авна.

- Эрхэм ээ, эрхэм ээ. Энэ чинь нарнаас хамгаалах шүхэр шүү дээ. Би өгөхгүй ээ…

- Verboten, гэж манай цэвэрлэх хэсгийн нэг шүд зуун чангаар хэлэв. Түүний ард ЭсЭс-ийн офицер тайван, биеэ барьсан байдалтай зогсож байлаа.

- Мeine Herrchaften. Ноёд оо, энэ зүйлсийг ингэж битгий шид. Жаахан ч гэсэн сэтгэлээсээ ханд, гэж тэр тайвнаар хэлэх авч гар дахь модон шилбүүрээ хайр найргүй базах ажээ.

- Мэдлээ, гүйцэтгэе гэж чангаар хэлээд бид улам хөнгөн шалмаг хөдөлнө.

Нэг эмэгтэй хурдан гэгч доош тонгойгоод цүнхээ авчихав. Гэвч шилбүүр гялсхийхэд эмэгтэй орилон, бусдын өлмий дор тэрийн уналаа. Түүний араас гүйж явсан хүүхэд “Ээж ээ” хэмээн хашгирна. Жаахан, үс нь сэгсийсэн охин…

Эд зүйлс уул овоо мэт нэмэгдсээр, том жижиг чемодан, үүргэвч, хувцас, гар цүнхнүүдийг шидлэхэд заримынх нь ам онгойж, дотроос нь төрөл бүрийн өнгөтэй мөнгөн тэмдэгтүүд, алт, цаг гоожино. Вагоны хаалганы дэргэд талхан овоо бий болж, хажууд нь олон янзын өнгөтэй жимсний чанамал, амттанууд, гахайн мах, хиам овоорч, элсэн чихэр асгарсан харагдана. Хүмүүсийг дүүрэн ачсан машин хар утаа татуулан давхиж одов. Чангаар цурхирах эмэгтэйчүүд, уйлж бархирах хүүхдүүдийн чимээ үгүй болоход тэнд үлдсэн эрчүүд яахаа мэдэхгүй мэгдэн, сандралдах ажээ. Тэд бол баруун тал руу хуваарилагдсан улс буюу эрүүл, залуу хүмүүс агаад хорих хуаран руу явцгаана. Гэвч тэд хорт хийнээс зугтаж чадахгүй. Учир нь, тэд одоохондоо тамираа барагдтал хөдөлмөрлөх ёстой ажилчид.

Ачааны машинууд яваад л… Буцаж ирээд л… Ямар ч чөлөө завгүй, яг л туузан дамжуурга шиг жигд эргэлдэнэ. Түүнээс гадна улаан загалмайн машинууд зогсоо зайгүй давхилдана. Машины хамар дээр будагдсан цусан улаан загалмай наранд хайлан урсчээ. Чухам эдгээр машинаар л хүмүүсийг хордуулан алдаг хорт хийг зөөдөг юм.

Шатны дэргэд ажиллах цэвэрлэгээнийхэнд амсхийх чөлөө гэж ер алга. Хорт хий рүү явж байгаа хэсгээс хорих лагерь руу явж байгаа хүмүүсийг тусгаарлана. Ачигдах хүмүүсийг эхлээд шатан дээр гаргаж, тэндээсээ машины тэвш рүү шилжүүлнэ. Бас тэднийг тоолно. Яг жар, заримдаа илүү, эсвэл бага зэрэг дутуу хүнээр ачааны машин дүүргэгдэх ёстой.

Хажууханд сахлаа хуссан ЭсЭс-ийн залуувтар, цэмцгэр офицер гартаа тэмдэглэл барин зогсоно. Нэг ачааны машин, нэг зураас. Хэрвээ арван зургаан машин хөдөлсөн бол ойролцоогоор мянган хүн үхэл рүүгээ явсан гэсэн үг. Энэ эрхэм ажилдаа яс. Түүний мэдлээс гадуур, түүний зурааснаас гадуур нэг ч ачааны машин хөдлөхгүй. Ordnung muss sein. Зурааснуудыг мянга болгож тамгална. Галт тэрэгнээс буусан мянган хүнийг маш товчхоноор “Салоникийнх”, “Страсбургийнх”, “Роттердамынх” гэж тэмдэглэнэ. Өнөөдрийн ачааны тухайд “Бенжинийх” гэж л нэрлэнэ. Тэд үргэлж “Бенжин Сосновиецийнх” гэж нэрлэгдэх болно. Энэ галт тэрэгнээс хорих хуаран руу шилжсэн хүмүүсийг 131-132-ынхон гэнэ. Мянгаар тоологдох хүмүүс гэдгийг бүгд мэдэх ч 131-132-ынхон л гэцгээнэ.

Галт тэргээр ачаа ирэх нь долоо хоног, сар, жил болоход улам нэмэгдсээр л… Дайн дуусахад шатаах зууханд орсон хүмүүсийн тоог нэгтгэнэ. Тэгэхэд дөрөв аравны таван сая хүн гэж гарна. Хамгийн их цус урссан дайн, Нэгдсэн Герман Улсын хамгийн агуу ялалт. – Ein Reich, ein Volk, ein Fuhrer, бас дөрвөн шатаах зуух… Удахгүй Освенцимд өдөрт тавин мянган хүнийг шатаах хүчин чадал бүхий арван зургаан зуух баригдаж, хорих хуаранг өргөтгөх болно. Тэнд судалтай өмд, цамц өмссөн гурван зуун мянган хүн амьдарна. Энэ хотыг “Гэмт хэрэгтнүүдийн хот” буюу Verbrecher-Stadt гэж нэрлэх болно. Үгүй ээ. Тэнд хүн хомсдохгүй. Жүүдүүдийг шатаана. Польшуудыг шатаана. Оросуудыг шатаана. Баруун зүгээс, өмнөдөөс, эх газраас, арлаас хүмүүс энд ирж германчуудын балгас болсон хотыг бүтээн босгоно. Хэрэв тэдний нэг нь л хүнд хүчир ажлаа дийлэлгүйгээр бие нь чилээрхвэл түүний өмнө үхлийн зуух үүдээ дэлгэнэ. Хорт хийн өрөөнүүд илүү сайжирч, хүмүүсийг үй олноор нь хорих зардал улам багассаар байх болно. Бас илүү ухаалгаар бодит байдлыг нуун далдална. Домог мэт ам дамжигдан яригддаг Дрезденд байдаг шиг хорих хуаран энд бий болох учиртай.

Вагонууд хоосорчээ. Туранхай, барзгар нүүртэй ЭсЭс-ийн бага дарга вагон доторхийг тайвнаар шагайж хараад, зэвүүцсэн байдалтай толгой дохин бидэн рүү эргэж, нүдээрээ заангаа:

- Rein, цэвэрлэ! гэв.

Дотогш орлоо. Вагоны булангуудад хүний өтгөн, шингэн овоорсон байх агаад хаягдсан цагнуудын дунд бүтэж үхсэн, гишгэгдсэн нялх хүүхдүүдийн цогцсууд, том толгой, том гэдэстэй жижигхэн цогцсууд байх ажээ. Бид тэднийг яг л үхсэн тахианууд мэт нэг гартаа бөөнөөр нь атгаж гаргана.

- Эднийг машинд битгий ач. Эмэгтэйчүүдэд өг гэж ЭсЭс-ийн офицер тамхиа асаангаа хэллээ. Түүний асаагуураас шингэн гоожих тул тэрбээр ихэд сандарч буй бололтой.

- Бурханыг бодож энэ хүүхдийг надаас аваач, хэмээн би тэсвэр алдан ориллоо. Учир нь, эмэгтэйчүүд намайг хараад айж, гараараа нүүрээ даран зугтаж байлаа.

Чухам яагаад Бурхан гэдэг үг амнаас минь гарсныг үнэхээр мэдэхгүй юм. Хүүхэдтэй эмэгтэйчүүд бүгд ачааны машинд ачигдаж байлаа. Ямар ч онцгой тохиолдол гэж үгүй. Энэ юу гэсэн үг болохыг бүгд мэднэ. Тиймээс бид бие бие рүүгээ айдас, жихүүцэл дүүрэн нүдээр харж байсан юм.

- Энэ хүүхдүүдийг та нар яагаад авахгүй гээд байгаа юм бэ? гэж ихэд гайхсан янзтай ЭсЭс-ийн офицер хэлээд гар буугаа хуйнаас нь гаргаж, цэнэглэлээ.

- Буудах хэрэггүй ээ. Би авъя хэмээгээд саарал үстэй өндөр хатагтай миний гараас хүүхдийг авахдаа хэсэгхэн зуур нүд рүү минь ширтлээ.

- Хүүхэд, хүүхэд гэж тэр хэлээд инээмсэглэн шивнэв. Надаас холдон явахдаа тэр хайрганууд дунд бүдчих нь харагдана.

Би вагон түшиж, түр амсхийн зогсов. Үнэхээр ядарсан байлаа. Хэн нэгэн миний ханцуйнаас чангаах шиг болов. Нааш ир. Би чамд уух юм өгье. Чи яг бөөлжих гэж байгаа юм шиг байна. Сүүдэрт сууя!

Нүдээ нэг нээтэл өнөөх эмэгтэйн царай өмнө минь тодрох шиг болов. Чингэхдээ түрүүхэн харсан олон янзын царайтай холилдон, нэг замхран, нэг тодрон, моддын дундаас дахин гарч ирэн жирэлзэнэ. Би нүдээ хэсэг аньж байгаад дахин нээлээ.

- Хэнри, бид сайн хүмүүс мөн үү?

- Чи яагаад ийм тэнэг юм асуугаад байгаа юм бэ?

- Аан гээч, найз минь. Энэ хүмүүст яагаад ч юм бэ мэдэхгүй, миний уур хүрээд байх юм. Тэднээс болж би өөрийгөө энд байгаа хэмээн бодоод… Тэднийг хорт хий рүү явж байгаад нь огтхон ч өрөвдөх сэтгэл төрөхгүй байна. Харин ч тэдний доорх газар тэр чигтээ цөмрөн ороосой гэж бодож байна. Болдогсон бол бүгдэд нь нударганы амт үзүүлэхсэн. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч юуны учир ийм бодол төрснийг ер ойлгохгүй юм.

- Аан, харин ч эсрэгээрээ. Наадах чинь байдаг л зүйл. Энэ зогсоол чамайг ядрааж. Чи тэсэрч байна. Чингэхдээ өөрөөсөө хүчгүйд чи уураа гаргахыг хүсэж байна. Энэ чинь угаас хүний унаган араншин хэмээн франц эр хэлээд төмөр замын дэргэд хэвтлээ. – Тэр грекчүүдийг хар даа. Тэд эндээс өөртөө хэрэгтэй зүйлийг олж чадаж байна шүү дээ. Гарт нь тааралдсан болгоныг л гударцгааж байна. Сая нэг нь миний дэргэд шил дүүрэн чанамал идчихсэн.

- Малнууд. Маргааш эдний тэн хагасынх нь гэдэс өвдөж үхнэ дээ.

- Мал гэнэ ээ ? Чи ч бас өлсгөлөн байж үзсэн биз дээ?

- Малнууд, гэж би давтан хэллээ. Нүдээ аньтал орилох чимээ сонсогдон, газар дайвах шиг болж, тэгснээ зовхи руу бүлээн агаар үлээнэ. Хоолой тэр чигтээ хатаж орхижээ.

Хүмүүс урссаар, урссаар л… Ачааны машинууд ноход улилдах аятай сонсогдоно. Миний өмнүүр галт тэрэгнээс үхдэлүүдийг зөөж байна. Олны хөлд дарагдсан хүүхдүүд, тахир дутуу хүмүүсийг тэдгээр үхдэлүүдтэй хамт давхарлан хаяна. Бас олон хүн, маш олон хүн… Галт тэрэг дүүрэн ачаа ирээд л, овоолттой хуучин хувцас, чемодан, үүргэвчүүд нэмэгдээд л, хүмүүс вагоноос буун нар руу харцгаана, цэвэр агаар сорно, ус гуйна, ачааны машинд сууна, явцгаана. Дахиад л галт тэрэг, дахиад л хүмүүс… Надад ямар нэгэн киноны хальс солигдоод буй мэт санагдаж, энэ бүхэн үнэхээр болж байна уу, эсвэл би зүүдлээд байна уу гэдгээ ч мэдэхээ байлаа. Тэгснээ гэнэт ногоон модод харагдаж, олон хүний царайны өнгөнд уусаж байх юм. Гэвч энэ… Толгой эргэж, дотор муухайраад би бөөлжих нь. Гэнэт Хэнри ханцуйнаас минь угзчиж байна.

- Битгий унт. Юу үлдсэнийг очиж үзье.

Хүмүүс алга болжээ. Сүүлчийн машин шороон замаар тоос татуулан замхрав. Вагон ч далд орж. Галт тэрэгний зогсоол дээр ЭсЭс-ийн офицерүүд, харуулын цэргүүд холхицгоох ажээ. Тэдний захан дээрх мөнгөлөг таних тэмдгүүд гялтганаж, ганган гутал, улаа бутарсан тарган царай нь наранд ижилхэн өнгөөр туяарах нь сонин. Тэдний дунд нэг эмэгтэй байхыг би одоо л анзаарч байна. Тийм ээ, тэр энд аль түрүүнээс хойш байсан. Туранхай бас хөх гэхээр юмгүй хавтгай цээжтэй эмэгтэй. Өнгөө алдсан шингэхэн үсээ тэр хойш нь гөлчийтөл самнаж боосон байх агаад гараа өмд ч гэж хэлж болмоор банзлынхаа халаасанд шургуулжээ. Бүсгүй хүний гоо сайхан гэх зүйл энэ эмэгтэйд даанч алга юм. Тийм ээ. Би түүнийг нэг биш удаа харсан юм байна. Тэр бол эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга. Энд тэр өөрийн “бараа”-г авахаар иржээ. Учир нь, зарим эмэгтэйчүүдийг ачааны машинд суулгалгүй авч үлдсэн. Тэд эндээс хорих хуаран руу алхаж очно. Манай залуус буюу үсчид тэдний үсийг хусаж, айж ичиж байгааг нь харан нэг хэсэгтээ л баясах болно.

Харин одоо бид хуучин эд хогшлуудыг ялгаж байна. Хүнд, хүнд чемодануудыг, том цүнхнүүдийг хүчээ шавхан байж машины тэвшин дээр гаргана. Тэгээд тэндээ бүгдийнх нь түгжээг хутга, шүд, гарт юу тааралдсанаараа онгойлгоно. Тэндээс архи, үнэртэй усыг бид хайна. Үнэртэй ус олдвол шууд л өөрсөд рүүгээ цацах хэрэгтэй. Нэг чемодан онгойлоо. Дотроос нь хувцаснууд, цамцнууд, номнууд… Боодолтой, хүнд зүйл миний гарт тааралдлаа. Задлаад үзтэл алт, дугтуй, их үнэд хүрэх бугуйвч, бөгжнүүд,  ээмэг, очир алмааз…

- Gib hier, гэж ЭсЭс-ийн офицер маш тайван дуугарав. Алт, гадны валют дүүрэн чихсэн цүнхээ тэр газар тавьж, амыг нь хаагаад өөр нэг офицерт өгч оронд нь хоосон цүнх барин дараачийн машины дэргэд очно. Энэ алт Гитлерийн германы өмч билээ.

Ай, хөөрхий. Энэ халууныг яана даа. Агаарт ямар ч салхи үгүй. Хоолой хатсанаас шүлсээ залгих тоолонд өвдөлт мэдрэгдэж байлаа. Юм уухсан. Халуурч байгаа ч юм шиг. Аль болох хурдан, хаана ч хамаагүй, сүүдэр л олдвол амрахсан. Арай гэж эд зүйлс ялгалт дууслаа. Машинууд хөдөлжээ. Одоо энэ төмөр замын ойр орчим байх цааснууд, хайрган дундуур холилдсон эндхийн биш, ачаатай хамт ирсэн хогнуудыг цэвэрлэж (энэ бузар муухай бүхнээс ямар ч ул мөр үлдээхгүйн тулд) түүх ёстой. Хамгийн сүүлийн ачааны машин модод дунд далд орохын цагт бид арай гэж, төмөр замын дэр модны тийш очиж амарна. Бас юм ууна. (Франц эр харуулаас ус худалдаад авчихсан ч юм бил үү)  Чингэтэл алсаас галт тэрэгний даргын шүглийн дуу сонсогдоно. Ачааны вагон аажуухан орж ирлээ. Аварга энэ унаа аймшигтайгаар чимээ гаргах бөгөөд цонхны цаанаас цонхийж цайрсан, цаасны тасархай шиг гөлчийсөн, халуунаас болж дүрэлзэж байгаа мэт болсон нүднүүд төөнөнө. Ачааны машинууд аль хэдийнэ байраа эзлэн зогсчээ. Тайвнаар тэмдэглэл хөтлөх ноёнтон, алт, мөнгө хийхээр авчирсан цүнхнүүдээ барьсан ЭсЭс-ийн офицерүүд амрах байрнаасаа гараад ирчихсэн зогсоно. Бид ч вагонуудыг онгойлголоо.

Үгүй ээ, үгүй. Тайван байх үндэс үнэхээр алга. Манайхан хүмүүсийн гарт байх чемодан, савыг зэрлэгээр булаан авч, хүрмүүдийг нь суга татна. Яваад! Яваад! Хурдан солигдоцгоо. Яваад л… Солигдоод л… Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тэдний зарим нь юу болж байгааг, юу болохыг мэдэж байх шиг.

Энд л гэхэд нэг эмэгтэй түргэн, түргэн алхаж, галзуу мэт хурдлах юм. Жаахан, хэдхэн настай хүүхэд араас нь гүйх ч гүйцэж эс чадна. Гараа урагш сунган, уйлах тэр – Ээж ээ, ээж ээ! гэж бархирна.

- Эмэгтэй, наад хүүхдээ аваач!

- Ноёнтоон, ноёнтоон. Энэ миний хүүхэд биш. Миний хүүхэд биш! хэмээн бүсгүй үглэж, нүүрээ даран зугтах ажээ. Тэр нуугдахыг хүсэж, ачааны машинаар биш хөлөөрөө явах, амьд үлдэх хүмүүсийн дунд гүйцэж очихоор зүтгэж байлаа. Залуу, эрүүл саруул, царайлаг… Бас амьдрахыг хүссэн хүн.

Гэвч хүүхэд түүний араас гүйсээр л, байдаг чадлаараа хашгирсаар л…

- Ээж ээ, ээж ээ. Битгий намайг орхиоч дээ!

- Минийх биш, минийх биш!…

Эцэст нь Севастополийн усан цэрэг Андрейн тэвчээр барагдаж, эмэгтэйг барьж авлаа. Түүний нүд архи, халуун нар хоёроос болоод махчин амьтных шиг догширчээ. Орос эр эмэгтэйн мөр рүү хүчтэй цохиж унаган, үснээс нь бариад машин руу чирлээ. Уурласнаасаа болоод царайгаа үрчийлгэсэн тэрээр,

- Ах ты, ебать твою мать, блядь еврейская! Чи өөрийнхөө хүүхдээс зугтана гэнэ ээ! Я тебе дам, ты курва! гээд хоолойноос нь багалзуурдан авч, хүнд шуудайтай будаа өргөх мэт нэг амьсгаагаар ачааны машины тэвшин дээр гаргаад шидчихэв. – Май! Хүүхдээ ав, гичий минь! гэж хэлээд хөлнийх нь хооронд хүүхдийг нь шахаж суулгав.

- Gut gemacht, муу ээжийг ингэж шийтгэх хэрэгтэй хэмээн машины дэргэд зогсож байсан ЭсЭс-ийн офицер хэллээ. – Орос сайн байна гэхэд,

- Молчи! гэж Андрей шүд зуун хэлээд вагон руу эргэсэн юм.

Андрей бөөн хуучин муу даавуунуудын доороос нуусан архиа гаргаж ирээд, бөглөөг нь мултлаад нэг балган надад барилаа. Архи хуурай хоолойг зуран орох ажээ. Чих шуугиж, хөл дайвалзах шиг болов.

Ачааны машин руу чиглэн урсах хүмүүсийн энэ давалгаан дундаас нэгэн бүсгүй нүдэнд туслаа. Тэрээр вагоноос хайрга руу хөнгөхөн үсэрч буугаад, эргэн тойрноо гайхсан янзтай шинжиж харав. Өтгөн шаргал үс нь бага зэрэг долгионтон мөрийг нь халхалсан байх агаад бүсгүй үсээ бас цамцныхаа захыг засаж, банзлынхаа хормойг гөвөөд хэсэг зуур зогслоо. Тэгээд олны зүгээс харцаа салган нааш чиглүүлээд хэн нэгнийг эрж байна уу гэлтэй гүйлгэн харах ажээ. Би өөрийн эрхгүй л түүний хараанд өртөхийг хүсэж, нүдээрээ түүний харцыг хайсан юм. Ашгүй бидний харц тулгарав.

- Аан гээч. Эд биднийг хааш нь аваачих гэж байгаа юм бэ, хэлээд өгөөч?

Би түүнийг ширтлээ. Миний өмнө гайхалтай сайхан, цайвар үстэй, гоё хөхтэй, зуны нимгэн цамц өмссөн ухаалаг харцтай бүсгүй зогсож байлаа. Тэгээд өөдөөс минь эгцлэн хараад надаас хариулт хүлээнэ. Энд хорт хийн өрөөнүүд бий. Бүгд шүршүүрт орох гэж байна хэмээн эндүүрч, хувцсаа тайлаад хамтдаа амьсгал хураацгаана. Дараа нь бүх цогцсыг зууханд хийж шатаадаг юм. Муухай бас аймшигтай. Эсвэл хорих хуаран хүлээж буй. Тэнд чи үсээ хусуулж, халуун наранд тааран өмд өмсөөд хиртэй хөлсний бөөлжис цутгам үнэр дунд түлэгдэж, шархалсан биетэйгээ санаанд ч оромгүй өлсгөлөнг туулан, хамгийн хүнд хэцүү ажлыг хийнэ. Эцэст нь чамайг өнөөх л хорт хийн өрөө, шатаах зуух хүлээж байгаа. Харин энэ удаа үхэл илүү муухай, илүү гашуун байх болно. Энд ирсэн хэн ч буцаж гарч чадахгүй. Үхсэн хойно чинь ч чамаас үлдсэн үнс хорих ангийн өргөст хана, харуулыг даван гарч чадахгүй. Өнгөрсөн амьдрал руугаа чи хэзээ ч эргэж очихгүй. Гартаа гоёмсог цаг, алтан бугуйвч зүүжээ. “Чамд үүний хэрэг юу байна даа? Чамаас булаагаад л авчихна шүү дээ” гэж би бодлоо. Яг иймийг, гэхдээ хар нарийхан оосортойг Тушка зүүдэг байсан сан.

- Надад хэлээч, гуйя.

Би дуугарсангүй. Миний ам ч нээгдсэнгүй.

- Би ойлголоо гэж арга тасарсан хоолойгоор тэр хэлээд толгойгоо өргөн, машинуудын зүг зоригтойгоор алхлаа. Хэн нэгэн түүнийг зогсоохыг оролдсон ч тэр өөрөөсөө түлхэж, шатаар гүйн авирч, бараг дүүрчихсэн машины тэвшин дээр гараад суучихав. Би зөвхөн түүний өтгөн шаргал үс л салхинд хийсэхийг алсаас харж амжсан билээ.

Би вагонууд руу орж, нярай хүүхдүүдийг гаргаж, цүнхтэй эд хогшлуудыг шидэлж байлаа. Гэнэт би үхдэлүүдэд хүрчихэв. Энэ удаа айхгүй байж чадсангүй, өөрийн эрхгүй тэндээс зугтлаа. Хаа сайгүй үхсэн цогцсууд хэвтэнэ. Хайрган дээр тэднийг давхарлуулан өржээ. Төмөр замын зогсоолын жижигхэн цементэн тавцан дээр, бас вагон дотор. Нярай хүүхдүүд, нүцгэн эмэгтэйчүүд, бас мурийж, татсан эрэгтэйчүүдийн хөшсөн, хөрсөн хүүрүүд. Тэндээс би байдаг чадлаараа зугтлаа. Гэтэл хэн нэгэн нуруу руу минь ташуураар ороолгох нь тэр. Нүднийхээ булангаар харвал ташуур барьсан ЭсЭс-ийн офицер. Түүнээс би арайхийн зугтаж амжаад, цэвэрлэгээнийхэн дундаа орж билээ. Харин одоо азаар төмөр замын дэр модны дор хэвтэж байна. Нар хэдийнэ баруун хаяанд очиж, цус шиг туяагаараа зогсоолыг эцсийн удаа сулхан ээж байх шиг. Моддын сүүдэр ч мөн гунигтайгаар сунасан харагдана. Хүмүүсийн хашгираан агаарт улам чанга сонсогдож байлаа.

Чухам эндээс л галт тэрэгний шороо, чулуугаар өндөрлөсөн зам, дэр модны дороос зогсоолын эргэн тойронд болж буй энэ аймшигт там маш тодоор харагдах ажээ. Эр, эм хоёр бие биенээ тэврэн, яг нэг бүхэл мод шиг газарт хамтдаа уналаа. Тэднийг хүчээр салгах гэж буй учир тэд ийнхүү зууралджээ. Эрэгтэй нь эмэгтэйнхээ хувцаснаас шүдээрээ хүртэл зуурсан үзэгдэнэ. Эмэгтэй нь зогсолтгүй орилж, харааж, залбирал уншиж байвч эцэст нь түүний аманд гутал хийсэн тул хүндээр амьсгаадан, арай гэж чимээ намдав. Тэднийг мод хагалах мэт дундуур нь салгаж, яг л мал адил ачааны машин дээр тууж гаргалаа. Цэвэрлэгээний хэсгийн дөрвөн эр тарган эмэгтэй хүний халуунд хөөсөн цогцсыг зөөж явна. Тэд дэндүү их хүч гаргаж байгаа тул хөлөрч, түүндээ бачууран хараацгаана. Зогсоолын өнцөг булан бүрт уйлалдах, яг л гөлөг шиг гунигтай гийналдах хүүхдүүд хэн нэгний замд тээглэж, хөөгдөцгөөнө. Тэднийг шилэн хүзүүнээс нь эсвэл гараас нь бариад ачааны машины тэвш юмуу овоолгоотой эд зүйлс рүү шидэцгээж харагдлаа. Өнөө дөрөв эмэгтэйн цогцсыг машин дээр гаргаж чадсангүй. Бусдыгаа дуудан байж арай чүү тэвшин дээр гаргалаа. Зогсоолоос тоо томшгүй олон цогцос, хөөчихсөн хүүрнүүдийг зөөсөөр л… Тэдний дунд тахир дутуу, саа туссан, бүтсэн, ухаан алдсан хүмүүсийг чихнэ. Овоолсон цогцсоор тэвш дүүрэхийн цагт жолооч машинаа асаан холдон одох аж.

- Halt, halt, Зогс, чөтгөр ав зогс гэм!  гэж ЭсЭс-ийн офицер холоос хашгирав.

Ёслолын хантааз өмсөж, өмдөндөө татуурга зүүсэн настай эрийг тэр түлхэж явна. Өвгөн толгойгоороо хайрга руу харуулдан унаж, чулуунд толгойгоо цохисондоо ёолох ч зогсолтгүйгээр “Ich will mit dem Hern kommandanten sprechen” – Би ноён командлагчтай уулзмаар байна гэж давтан хэлсээр байв. Машины тэвшин дээр шидэгдэж, хэн нэгний хөлд гишгэгдэн бүтэж үхэхийг шахсан ч хөгшин эр “Ich will mit dem…” гэж амандаа үглэсээр байв.

- Өвгөн минь, тайвширч үз. Хагас цагийн дараа гэхэд л чи хамгийн том командлагчтай уулзах болно. Харин Heil Hitler! гэж хэлэхээ мартав даа хэмээн ЭсЭс-ийн залуу офицер түүнд ёжлон хэлэх ажээ.

Өөр хоёр эр өрөөсөн хөлгүй охиныг өргөж явна. Хоёр гарнаас нь, бас эрүүл хөлнөөс нь өргөсөн байлаа. Нүднээсээ чимээгүйхэн нулимс урсгах охин “Эрхэмүүд ээ, өвдөөд байна…” гэж өрөвдөлтэйгээр шивнэнэ. Түүнийг үхсэн хүмүүсийн дунд тэвшин дээр гаргаж хаяв. Одоо тэр үхдэлүүдтэй хамт амьдаараа шатах нь.

Шөнө болж, одод түгжээ. Бид төмөр зам дээр хэвтэнэ. Өндөр шонгийн орой дээрх асар том гэрэл асаж, харин гэрлийн хүрээнээс гадуурхыг гүн харанхуй нөмөрчээ. Тийшээ алхсан хүн эргэж ирэхгүйгээр алга болно. Харуулуудын нүд орчныг маш анхааралтай ажиглаж байв. Автомат буунууд нь галлахад бэлэн ажээ.

- Чи гутлаа сольсон уу? гэж Хэнри надаас асуулаа.

- Үгүй.

- Яагаад тэр вэ?

- Хөгшөөн, надад үнэхээр хамаагүй. Хангалттай!

- Дөнгөж нэг өдрийн цэвэрлэгээний дараа юу? Бод доо. Би өнгөрсөн Зул сарын баяраас хойш энэ гараараа бараг сая хүнд хүрсэн. Хамгийн хэцүү нь Парисаас ирсэн ачаа байдаг юм. Дандаа таньдаг хэн нэгэн явж таардаг.

- Тэгээд чи тэдэнд юу гэж хэлдэг вэ?

- Усанд орохоор явж байна. Дараа нь хуаранд уулзацгаая гэдэг. Чи миний оронд байсан бол юу гэж хэлэх байсан вэ?

Би хариу хэлсэнгүй. Бид хамтдаа спирт хольсон кофе ууж суулаа. Хэн нэгэн нь лаазтай какао задлаж, түүнийгээ элсэн чихэртэй хольжээ. Гарын салаагаар какао урсаж, аманд орохдоо зунгааралдана. Гэвч сайхан амттай юм гээч. Дахиад л кофе, дахиад л спирт.

- Хэнри, бид юу хүлээж байгаа юм вэ?

- Дахиад нэг “бараа” ирнэ. Гэхдээ би хэлж мэдэхгүй байна.

- Ирвэл би л лав буулгаж, цэвэрлэхэд оролцохгүй ээ. Би чадахгүй нь.

- Чи чинь галзуураа юу? Сайхан л ажил байгаа биз дээ? хэмээн Хэнри инээмсэглээд харанхуйд уусан алга болов. Удалгүй эргэж ирээд,

- За, яахав. Гэхдээ ЭсЭс-ийнхэнд баригдахгүйг хичээгээрэй. Эндээ сууж бай. Би чамд гутал авчрахыг бодно.

- Тэр гутал ч гайгүй хэрэг ээ. Би унтлаа. Шөнө дунд болсон байна.

Дахиад л эгнэж жагссан харуулууд, дахиад л ачаа… Галт тэрэг харанхуйн гүн рүү орж зогсоно. Эгнүүлсэн гэрлийн хажуугаар хүмүүс жагсаж, дахиад л харанхуй руу алга болно. Энэ хэдий жижигхэн зогсоол ч гаднах гэрэлтүүлгийн хүрээ түүнээс ч бага аж. Дараагийн ачааг бид буулгалаа. Хаа нэгтээ автомашинууд хүнгэнэх ч агшин зуурын төдий шатны хажууд тулж зогсон, хөдлөхдөө гэрлээ анивчуулан одно. Wasser! Luft! Бүх юм яг хуучнаараа. Бүгд л давтагдав. Автомат буугаар угсруулан хэдэнтээ шүрссэн. Галт тэрэг тэр чигтээ чимээгүй болсон. Гэвч нэг охин вагоны цонхоор биеийнхээ талыг цухуйлган тонгойж байгаад тэнцвэрээ алдан, толгойгоороо хайрга руу шаан унах нь тэр. Тэндээ хэсэг хэвтэж байгаад арай гэж өндийв. Улмаар тойрог үүсгэн алхаж байснаа удалгүй гимнастик хийж байгаа мэт гараараа даллан хурдан, бүр илүү хурдан эргэлдлээ. Ингэхдээ тэрээр агаарыг хүчтэй сорж, шуухитнуулан гаргаж байв. Удаан хугацаагаар амьсгал нь боогдож явснаас болоод сэтгэхүйд нь өөрчлөлт орсон бололтой. Түүний энэ үйлдэл хэнд ч түвэгтэй санагдмаар байлаа. Тиймд ЭсЭс-ийн нэг офицер түүний нуруу руу өшиглөж унагаагаад, нэг хөлөөрөө нуруун дээр нь гишгэсэн чигтээ гар буугаа гарган нэг, хоёр удаа буудав. Охин доош харж хэвтсэн хэвээр, хөлөөрөө газар хэдэнтээ зураад хөдөлгөөнгүй болов.

Вагонуудын хаалгыг онгойлгожээ.

Би дахиад л вагоны хажууд зосгож байлаа. Вагон дотроос дулаахан хийгээд нялуун үнэр ханхална. Энэ удаа миний онгойлгосон вагон дотор талаас нь дээш хүртэл овоолттой үхсэн хүмүүс байлаа. Жихүүцэл төрмөөр… Эмх замбараагүй ч хөдөлгөөнгүй хэвтэх тэднээс уур савссан хэвээр. Гэнэт харанхуй дундаас,

- Аusladen! гэх ЭсЭс-ийн офицерын дуу хадлаа. Цээжнээсээ тэр зөөврийн чийдэн зүүсэн тул вагон доторхийг нэвт гэрэлтүүлэх ажээ.

- Юундаа хөшөө шиг зогсоцгоогоод байгаа юм бэ? Эднийг буулга! хэмээгээд ар нуруу руу ташуураараа ороолгов. Нэг цогцсыг гарнаас нь татвал хөдлөх шиг болохоор нь би өөрийн эрхгүй орилж, огло үсрэн түүнийг тавилаа. Зүрх амаар гарчих шахав. Хоолой боогдож, дотор муухайрч эхэллээ. Би тонгойж, вагон доогуур бөөлжсөн. Улмаар галт тэргэн доогуур орж хүйтэн зам дээр хэсэг хэвтэв. Би тэгэхэд л хорих хуаран руугаа буцаж очихыг, өвс ч болтугай дэвсээгүй хатуу нааран дээрээ, өнөөдөртөө хорт хий рүү орохгүй нөхдийнхөө дунд жаахан ч болов нойр авахыг хүсэж байсан. Заримдаа хорих ангийн модон байшин надад амар амгалангийн нэгээхэн хэсэг ч юм шиг санагддаг. Бусад хүн үхэж байгаа ч би энд яаж ийгээд л амьдраад ирсэн. Идэх юм байна. Хийх ажил ч их. Би эх оронтой, гэртэй, найз бүсгүйтэй хүн…

Гаднах гэрэл анивчиж, хүмүүсийн урсгал төгсгөлгүй үргэлжилнэ. Тэд яг юу болж байгааг гүйцэд ухаараагүй, толгой нь эргэсэн байдалтай явцгаах аж. Магадгүй, хорих хуаранд амьд үлдэхийн төлөө хүнд даваануудыг туулна хэмээн сэтгэл санаагаа хэдийнэ бэлдсэн ч байж болох. Гэвч тэдний зарим нь удахгүй үхнэ гэдгээ мэдээгүй байгаа. Дотуур хувцас, гутлын өсгий, биедээ нуусан алт, мөнгө, алмааз эрдэнэ нь ч тэдэнд хэрэг болохгүй. Мэргэжлийн, өдөр тутам ийм зүйлс хийж байдаг хүмүүс тэдний биеийн аль ч хэсгээс, хэлэн дороос, шулуун гэдэс, эмэгтэйн бэлэг эрхтэнээс олъё гэснээ түвэггүй олох л болно. Тэдний алтан шүдийг суга татаж авна. Ингэж “олзолсон” болгоноо түгжээтэй хайрцганд хийн Берлин руу илгээнэ.

ЭсЭс-ийн офицерүүдийн хар дүрс тайван холхино. Гартаа цаас барьсан ноёнтон сүүлчийн зураасаа татлаа. Өнөөдөр тоо арван таван мянгад хүрчээ.

Олон, маш олон машин шатаах зуух руу явсан.

Ажил дуусаж байна. Зогсоол дээр давхарлаж тавьсан цогцсуудыг сүүлчийн машинууд зөөж дууслаа. Ачаа тээшийг бүгдийг нь задалж, доторх зүйлсийг нь ялгав. Цэвэрлэгээний анги талх, жимсний чанамал, элсэн чихэр бас үнэртэй ус, цэвэрхэн дотуур хувцастай болоод байр руугаа явахаар жагссан байлаа. Хорих ангийн ахлагч цайны данхыг алт, торго, кофегоор дүүргэж дуусав. Үүнийгээ тэр хуарангийн гол хаалганы харуулуудад тарааж өгнө. Түүний ачаар тэд биднийг шалгахгүйгээр нэвтрүүлнэ. Хэдэн өдрийн турш хорих анги тэр чигтээ өнөөдрийн ачаанаас авчирсан зүйлсийг иднэ. Өнөөдөр ирсэн хүмүүсийн цүнх, саванд байсан хиам, гахайн утсан мах, амтат жимсийг бид иднэ. Тэдний авчирсан архи, дарсыг ч ууцгаана. Тэдний дотуур хувцсыг өмсөцгөөж, тэдний алт, даавуугаар хуаран наймаалцана. Бидний наймаалцсан эд зүйлс хуарангийн хашааг давж, Шлонск, Краков, тэрнээс ч цааш хүрнэ. Харин эргээд тамхи, өндөг, архи бас ар гэрээс захиа болон бидэнд ирнэ. Хэдэн өдрийн турш хуаран “Сосновиец – Бенжин”-ы ачааны тухай ярих болно. Маш хангалуун, юм юмтай ачаа ирсэн шүү.

Манайхныг хорих анги руугаа буцаж байх үед одод бүдгэрч, тэнгэр улам бүр цайран, үүр хаяарч байлаа. Тогтуун, халуун өдөр болох шинжтэй.

Шатаах зуухны яндангаас урт хар утаа суунаглаж, уулын орой дээрх бараан үүлтэй холилдон Биркенаугийн дээр аажуухан бөөгнөрч байгаад цааш ойн зүг замхран одно. Сосновиецын бараа шатаж дуусчээ.

Бид явсаар гартаа автомат буу барьсан ЭсЭс-ийн харуулын шинэ ээлжтэй зөрлөө. Тэд ар араасаа цувран нэг зорилгын төлөө нэгэн цул болсон мэт жигд алхацгаана. Чингэхдээ:

- Und morgen die ganze Welt…- гэж чанга дуугаар дуулцгаах ажээ.

- Rechts ran! – Баруун тийш ээ! гэж урдаас тушаав. Бид аль болох хурдхан шиг тэдний замаас зайлж өглөө.

Тадеуш Боровский

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан С.Түвшинжаргал


URL:

Сэтгэгдэл бичих