Үхэх явцад юу болдгийг эрдэмтэд илрүүлжээ

Хүн үхэж байхдаа мэдэрдэг зүйл бол үнэн хэрэгтээ хий юм үзэж байгаа хэрэг гэсэн дүгнэлтэд Кембриж болон Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна. Клиник үхлийн үед ихэнх хүмүүс харанхуй хонгилоор гэрлийг чиглэн нисч байсан хэмээн хожмоо сэргээд ярьдаг бөгөөд үүнийг цэвэр биологийн үзэгдэл, уураг тархинд өөрчлөлт орж байгаатай холбон тайлбарлажээ. Урт хонгилын үзүүр дэх тод гэрэл нь нөгөө ертөнц рүү чиглэн явах хүний сэтгэл гэж тайлбарладаг хэдий ч гэрлийн тухай мэдээллийг боловсруулах асуудлыг хариуцдаг уураг тархины эд эс үхэж эхэлсний дохио юм байна. Ийм дохио нь нүднээс эхэлж дээш шилждэг бөгөөд уураг тархинд хүрмэгцээ нэг бүхэл дүр зураг болдог байна. “Та хийсвэр ертөнцөд аялж байгаа хэрэг биш, уураг тархи үл мэдэгдэх үйл явдлыг боловсруулах гэж оролдож байгаа хэрэг” хэмээн эрдэмтэн Уэтт ярьжээ. Үхээд сэргэсэн хүмүүс хажуугаас өөрийгөө хараад авсан юм шиг болдог нь мөн л уураг тархин дахь өөрчлөлттэй холбоотой гэнэ. Харин үхэж байгаа үед амарлингуй болдогийг  норадреналин хэмээх дааврын гормоны үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа юм. Ийм дааврийг хүчтэй сэтгэлийн хөдлөл эсвэл гэмтэж бэртсэн үед бие мах бодиос ялгаруулан гаргадаг байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих