Хар тамхичид шинэ ургацаа хураагаад дуусав
-НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ГУРВАН СУРАГЧ “ЭЛИЙРЧ” БАЙГААД БАРИГДЖЭЭ-
Мансууруулах бодис ярьж гадаад дотоодын төсөл авдаг нөхдүүд “Хар тамхичин гэж ярих нь архичин гэдэгтэй адил. Ингэж нэрлэх, ярих нь буруу” гэдэг юм. Мансууруулах бодис хэрэглэдэг нэг ч хүнтэй уулзаж үзээгүй, юу хэрэглэж байгааг нь хараагүй хэрнээ “судалгаа” ярьдаг нөхдүүд бий. Тэдний гаргасан судалгаагаар 1200 орчим хүүхэд, залуучууд мансуурдаг гэсэн тооцоо байдаг юм. Монгол Улс ад мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг залуусын тоо жил ирэх тусам өсөж байгаа. Үүнээс гадна төрөл бүрийн цавуу, газ, гутлын тос үнэрлэдэг дунд сургуулийн цөөнгүй сурагчид хар тамхины төрлийн бодис хэрэглэдэг болжээ. Тухайлбал саяхан нэгдүгээр сургуулийн ахлах ангийн гурван сурагч цагаан нунтаг зүйл хэрэглэн мансуурч байгаад цагдаад баригдсан мэдээлэл байгаа юм.
Цагдаагийн рапортод орсон мэдээллээс харвал кокейн хэрэглэн “томорч” байсан бололтой. Зэрэглэл өндөртэй хар тамхичид геройн, гашиш (анаша, марихуан), кокаин, опиум хэрэглэнэ. Дунд ангилалд багтах нөхдүүд кокын навч зажлах, намуу цэцэг, олсны ургамлуудыг хэрэглэнэ. Осолд орсон, хүнд хэлбэрээр өвдсөн нөхдүүд эмчийн жороор олгодог, сэтгэцэд нөлөөлдөг, өвчин намдаагч эмнүүд бий. Хүнд өвчтэй байхдаа бидний сайн мэдэх морфинтай адил төстэй эм тариа хэрэглэн бурхан, чөтгөртэй уулзсан нөхдүүд байдаг аж.
Тэр үеийн солиорол нь таашаал болон хувирч “Сүүлчийн удаагаа хэрэглэхээр” эмч, сувилагч нарыг царайчилдаг байна. Мансуурсан байдалтайгаар цагдаад баригдах нь элбэг. “Архи үнэртэхгүй хэрнээ согтуу хүмүүстэй таарснаа” цагдаагийнхан гайхан ярьдаг байв. Есдүгээр сараас хойш мансууруулах төрлийн бодис хадгалсан, хууль бусаар олж авсан, бусдад зарсан гэх найман хэрэг цагдаад бүртгэгдсэн байна.
Цагдаад баригдаад байгаа дээрх хэргийн холбогдогч нар бол дэлгүүрийн эзэд л гэсэн үг. Яг хэн хэнд зарсан нь тодорхой бус байгаа юм. Есдүгээр сард рок попын гэх тодотголтой хорин хэдэн залуу мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, зарсан гэдэг зүйл заалтаар яллагдсан. “UBS awards”-ын шагналын гол эзэд. Дуучин Т.Ариунаа, Д.Болд нарын арын албаныхан ял сонссон юмдаг. Харин “Лемонс” хамтлагийн Одбаяр гэдэг залуу тэнсэн харгалзах ял сонссон.
Үүнээс гадна хошин шогийн нэр бүхий нөхдүүд шинэ мэдрэмж, таашаал (Амьдрал уйдсан улс) авахын тулд хар тамхи сордог болжээ.Урлаг соёл, боловсрол гэсэн салбарт мансууруулах бодис хүчтэй дэлгэрч байгаа тул тэр хэрээр эрэлт бий болно. Эрэлт байгаа учраас нийлүүлэлт байх нь ойлгомжтой. Энэ жил гэхэд хэд хэдэн групп гарч Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булганы нутгаас олсны ургамал, намуу цэцэг түүсэн байгаа юм.
Уг нь цагдаагийн байгууллагаас жил бүрийн намар буюу хар тамхичдын ургац хураалтын үеэр дээрх төрлийн ургамлыг шатаадаг аж. Гэвч олсны ургамал болоод намуу цэцэг нь үрээ салхиар цацдаг. Тэгэхээр хаана ч ургаж мэдэхээр юм. Хэдэн жилийн өмнө Булган аймгийн Онц дэглэмтэй хорих ангид намуу цэцэг ургаж хоригдлууд нь түүж татсан хэрэг гарсан.
Мөн Засгийн газрын ордон, Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо олсны ургамал ургасан тохиолдол бий. Нэг төрлийн шарилж болох олсны ургамал энэ жил Сэлэнгэ аймгийн нутгаар гойд ургажээ. Дугуй унасан гадаадын жуулчид хүртэл Сэлэнгэ аймгийн нутагт олсны ургамал татан мансуурч байгаад ирсэн мэдээлэл байгаа юм. Манай хар тамхичид ч гэсэн бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах ургамлаа түүгээд авсан гэнэ.
Намар цагт дээрх олсны ургамлыг технолгийн дагуу хураах, боловсруулах ажилд олон арван залуус татагдан орж “Мартагдашгүй намар”-аа тэмдэглэсэн бололтой. Ургац хураалтад оролцсон залуугын яриагаар “Цас хялмаалан хүйтэн сэрүүн байсан ч чанар нь муудахаас өмнө амжиж хураалаа” гэсэн юм. Засгийн газар худалдаж аваад барамгүй улаан буудайтай, хар тамхичид татаад барамгүй олсны ургамалтай болоод авчээ.
Тампуугаар нь цуглуулсан олсны ургамлаа айлын амбаар савд хийн хэсэг хэсгээр нь нүдэж нунтаглаж, буцалгаж гарах биз. Гар аргаар боловсруулж ёотонгийн хэмжээтэй болгосон шахмалаа 25-30 мянган төгрөгөөр борлуулдаг гэнэ. Ийм шахмалыг өөрийн сүлжээгээр зарна. Санхүүгийн бололцоотой эрхмүүдийг сүлжээндээ оруулан үнэгүй шахмал соруулж байснаа сүүлдээ ивээн тэтгэгч болгодог байх юм. Дэлхий дээр 268 сая хүн хар тамхи хэрэглэж байдаг бол Хятад, Орос улс орнуудыг тэргүүлдэг. Хар тамхины энэ хоёр акулын дунд буй Монгол Улсыг Женевт төвтэй “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг тэмцэх” олон улсын байгууллагаас дамжин өнгөрүүлэх нутаг болж болзошгүй хэмээн анхааруулсан аж.
Хятад улс хар тамхины наймаатай хатуу ширүүн тэмцэл хийдэг. Гэсэн хэдий ч уламжлалт хар тамхины тариалан, хэрэглэгч нараасаа салж чадахгүй байгаа аж. Харин хойд хөршийн тухайд хар тамхины бизнес цэцэглэн хөгжих шатандаа хүрч Голланд, Африкийн зарим орнууд шиг бага хэмжээний мансууруулах бодис хэрэглэх санал санаачилга цухалзах болсон гэнэ.
Хүний төв мэдрэлийн системд гаж нөлөө үзүүлэх мансууруулах төрлийн бодис, эм тариаг (Нийт 223 эм тариа байдаг) хэрэглэсэн, зөөвөрлөсөн, бэлтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, давтан үйлдэлтэй дижи хэмээх Ганболд нараас өөр хүн хатуухан ял авсангүй. Рок попоос гаралтай 20 гаруй залуусыг дээд тал нь хоёр жилийн хорих ял өгч шүүх харж үзсэн. Гэтэл тэдгээр нөхдийн зармынх нь хар тамхины хэргүүд эхнээсээ сэдэрч эхэллээ. Сургалтын төлбөр, автобусны мөнгөндөө баригдсан залуус хар тамхи татаад байдаггүй. Хар тамхичдын дийлэнх нь бололцоотой айлын хүүхдүүд зугаа цэнгэлийн хүрээнд татдаг байх юм. Дунд сургуулийн хүүхдүүд “мансуурлын ид шидийг” ярих болсон нь мансууруулах бодис хэрхэн газар авч байгаагийн тод жишээ биз ээ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: