Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, монголчууд аа
Аз гэдэг тийм ч элбэг тохиогоод байдаггүй ховорхон хувь тавилан гэдэгт би итгэдэг. Харамсалтай нь монголчууд маань аз гэгчийг шалаар 1 хөглөрч байдаг гэж боддог бололтой юм. Саяхан л гэхэд Жи Тайм гэгч сүлжээнд маш олон хүн хууртагдаж, 6 тэрбум ам.долларыг сүлжээний толгойлогч гэгдээд буй нөхөр Казахстан улс руу гаргачихсан. Тэр мөнгийг буцааж оруулж ирэх бололцоогүйгээс болоод хохирогчдын хохирлыг барагдуулах боломжгүй болж таарч байх шиг байна. Мэдэгдсэн нь л Жи Тайм болохоос өөр олон сүлжээ бий. Түүнд хохирогсод ч мэр сэр байгаа гэнэ билээ.
Сүүлийн үед цахим хуудсаар хамгийн том хонжвор буюу орон сууц хожих цахим луйвар хэрээс хэтэрч, иргэд түүнд нь итгээд зааврын дагуу бүх тохиргоог нь хийж байгаа нь хэдэн мянга байна гээд бод доо. Өөрийн цахим хуудаст тэрхүү постыг нь байрлуулаад л байртай, машинтай болчихдог бол ажил хийгээд юу хийнэ вэ. Амар хялбар аргаар амьдрах гэж оролдогсод их байгаа учраас л энэ бүх булхай, луйвар гарах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгээ бид мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч татгалзаж чадахгүй байгаа нь эмгэнэл гэлтэй.
Замын цагдаагийн газрын серверт нэвтэрч торгуулийн хуудсыг хүчингүй болгож байсан нэгэн залууг саяхан цагдаагийнхан илрүүлж, баривчилсан. Энэ хүнийг өөгшүүлж, ажил хийх боломжоор нь хангасан хүмүүс нь бас л бид. Хэдэн төгрөг төлөөд торгуулиа устгуулчих зах зээл байсан учир тэр хүүхэд буруу замаар будаа тээсэн. Бидний азанд найдаж, амар хялбараар мөнгө олох гэсэн шунал маань өөрсдийг маань хохироохоос гадна гэмт хэрэгтнүүдийг төрүүлж, өөгшүүлсээр байна. Хэдий болтол ингэж амьдрах вэ, монголчууд минь.
У.Жанцан
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Аргаа барж бна шүү,Азандаа л найдахаас ёстой ирээдүй алга аа