Залуусаа экспортлох төрийн бодлого зөв үү
Гурван өдрийн турш Өмнөд Солонгос улсад ажиллах 1500 иргэнийг сонгохын тулд 8000 орчим иргэнийг бүртгэлээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах 1500 иргэний нэгд багтчих гэсэн бараг 8000 орчим иргэн хонон өнжин байж бүртгэлд хамрагдав. Нэг иргэнээс 24 ам.долларын бүртгэлийн хураамж авсан нь төдий хэмжээний мөнгийг Солонгос улс руу оруулж буй нь мэдээж. Эд хийж бүтээх насны залуус болох 1977-1999 оны залуусыг тус улсад хөдөлмөрийн гэрээ нэрийн дор хар бор ажил хийлгэхээр бүртгэж байгаа юм.
Монголдоо ажил олдохгүй, олдсон ч цалингаа өгөхгүй, цалин авлаа ч тэр нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа гэх олон шалтгаанаас үүдэн залуус Солонгост 2 саяас дээш төгрөгийн цалин авахын тулд хамаг л хар бор, хүнд хүчир ажлыг хийхээр зүтгэж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Хайран сайхан, эд хийж бүтээх насны залуусыг экспортлох нь хэнд ашигтай юм бэ. Тэд чинь Монголын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хамгийн ихээр гар бие оролцох ёстой бус уу.
Эдийн засаг хямарсан, сэргээхийн тулд бид бүсээ чангалах ёстой болсон. Засгийн газар ОУВС-гаас тусламж авч, тодорхой татваруудыг нэмж иргэдийнхээ нуруун дээр хүндхэн ачаа үүрүүлэхийг зөвшөөрчихсөн. Энэ мэт шийдвэрүүд нь залуусыг харь орныг зорьж, хар ажил хийж, ар гэрээ тэжээх хэмжээнд хүргэж байна.
Манай улс Оюутолгой, Тавантолгой, Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал, төмөр зам, автозам, барилга гээд л бүтээн байгуулалтын ажил ихтэй. Гэтэл барилгын ажилд залуусыг авахаасаа илүү хятадуудыг нууцаар шахуу ажиллуулж байдаг нь нууц биш ээ.
Эх орондоо аюулгүй, тайван, санаа зовох зүйлгүй, мөрөөрөө ажлаа хийгээд, цалингаараа амьдарч чадахгүй байгаа нь эрх баригчдын алдаатай бодлого, буруу ажлынх нь гор юм. Алдаагаа засахын оронд залуусаа экспортолж байгаа нь зөв үү?
М.Болор
URL: