АН-ынхан 3-хан сая монголчуудыг талцуулсан байх уу?
Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой үнэн бодит мэдээлэл хүргэхийн тулд өнгөрсөн мягмар гарагт НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар хэвлэлийн хурал хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан “Өнгөрсөн жил явагдсан сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн зарим тойрогт болсон маргаантай холбоотойгоор Захиргааны хэргийн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан байдаг.
Сонгуулийн тойргийн хороо зургаан нэр дэвшигчийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр явж хэрэгсэхгүй болгосон. Гэвч Эрүүгийн хэргийн шүүхээр тухайн зургаан хүний тав нь мөнгө тараасан гэдэг нь нотлогдож, тогтоогдсон байна. Үүнийг үндэслэн сонгуулийн тойргийн хороо шийдвэр гаргасан байдаг. Нэг ёсондоо хууль дээр тодорхой тайлбарласан байдаг. Энэ нь төрийн эрх барих байгууллагыг зохион байгуулалттайгаар хууль бусаар авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж шалгана.
Мөн мөнгө төгрөг тараасан тохиолдолд мөн л эрүүгийн хэрэг үүсгэж шалгана гээд заачихсан байгаа. Тиймээс эдгээр асуудлууд эрүүгийн хэргийн шүүх дээр нотлогдсон байгаа. Тухайлбал, нэр дэвшигч Ганчимэгийн ухуулагч Цолмон 70 дугаар зүйлийн 70.5-ын 10 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөнгө тараасан гэдгийг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл, Цолмонг мөнгө тараасан гэдгийг нь шүүхээс тогтоосон гэсэн уг” гэсэн тайлбарыг хийв.
Э.БАТ-ҮҮЛ АЖЛАА ӨГӨХӨӨС ГАНЦХАН ЦАГИЙН ӨМНӨ 240 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун Баянзүрх дүүргийн асуудлаар Э.Бат-Үүл, О.Магнай нар хэвлэлийн хурал зарлаж иргэдийн дунд буруу ойлголт төрүүлж, иргэдийг өдөөн турхирч нийгмийг бухимдуулах зохион байгуулалттай ажил хийж байгаад харамсч байна. Энэ хүн НИТХ-ын төлөөлөгч. Сонгууль өнгөрөөд найман cap гаруй болж байхад нэг ч удаа хуралдаа суугаагүй. Бат-Үүл гэдэг хүн бол манай Нийслэлийн удирдлагын төлөөлөгч, Тэрбээр өчигдөр /даваа гарагт/ мэдэгдэл хийсэн.
Тэрбээр өмнөх дөрвөн жилд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн сонгуулийг будлиантуулж байсан. Тухайн үед энэ дүүрэгт шүүхийн маргаан байгаагүй. Учир нь би тухайн үед дүүргийн тамгын газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд мэдэж байна. Ардчилсан намаас 17, Ардын намаас 22 төлөөлөлтэй байхад хүчээр Засаг даргын ажлыг авч, бүх ажлыг зогсоож байсан. Манай намаас нэгэнт Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсан учраас бид түүнийг хүндэтгэж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, тэр үед ямар ч жагсаал цуглааныг өнөөдрийнх шиг хийж байгаагүй.
Э.Бат-Үүл дарга бол улсын баатар цолтой хүн. Тэгээд өөрөө ийм нөхцөл байдлыг бий болгож, иргэдийг санаатайгаар зохион байгуулж байна. Та бүхний харснаар Баянзүрх дүүргийн тамгын газрын байрыг хууль бусаар өөрсдөө төрийн байрыг эзэлж авсан. Хаалганых нь бариулд шалны мод хийж, урд өдөр нь очоод мэдэгдэл өгөөд явахад маргааш нь хороо дүүргийнхээ иргэдийг цуглуулж хаалгыг нь бариулж, төрийн үйл ажиллагааг явуулъя гээд цагдаатай очиход өөдөөс нь урьдчилан бэлдсэн шохой, оохор шийдсэн. Ямар ч иргэн шохой, оохор хармаалаад явахгүй шүү дээ. Энэ үнэхээр бүдүүлэг бөгөөд яг долоодугаар сарын 1-ний үйл явдлын технологи харагдаж байна.
Мөн цаашид иргэдийг бухимдуулах үйл ажиллагааг ч хийж байна. Мөн тэрбээр Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсоноос хойш нэг ч удаа хуралдаа сууж байгаагүй. Бид нэг кабинетад сурдаг төлөөлөгчид. Өмнө нь олон удаа хууль бус шийдвэрүүд гаргаж байсан. Энэ асуудлаа цэгцлэхийг хэлэхэд ирэхгүй байж ямар нэгэн дүүргийн асуудлыг зохион байгуулалттайгаар өдөөж, түүнээсээ зуурч аваад улс төр хийж байна. Сая намынхаа золголтын үеэр ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хэлсэн гэсэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Нийслэлийн иргэдийн хурлын анхны чуулганы үеэр концессын асуудлыг хийсэн талаар би мэдээлж байсан. Тухайлбал, тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нийслэлийн тамгын газрын байрыг барина гээд 240 тэрбум төгрөгийн концессын гэрээ байгуулсан байгаа.
Уг нь энэ мөнгө 200 цэцэрлэг барих хөрөнгө. Тэрбээр энэхүү гэрээг хийхдээ ажлаа өгөхөөс ганцхан цагийн өмнө байгуулсан байгаа юм. Угтаа бол би ажлаа өгч байгаа болохоор миний дараагийн хүн энэ гэрээг байгуулах ёстой гээд явах атал тэгээгүй. Тиймээс бид энэ асуудлаар ч цаашид хууль хяналтын байгууллагад хандах болно” хэмээлээ.
ШҮҮХЭЭС УХУУЛАГЧДЫГ МӨНГӨ ТАРААСАН ГЭДГИЙГ ОЛОН УДАА НОТОЛСОН
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Баянзүрх дүүрэг өнөөдөр 35 төлөөлөгчтэй байгаа. 35 төлөөлөгч гэдэг нь эрх зүйн чадамжтай гэсэн үг юм. Тус дүүрэгт үүсээд байгаа асуудал бол анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл юм. Хууль зөрчөөгүй явсан бол бусад найман дүүрэгтэйгээ адилхан Засаг даргаа томилуулах боломж байсан. 2012 онд Сонгинохайрхан дүүрэгт АН 17, МАН 22 суудал авч ялж байсан. Э.Бат-Үүл хүчээр төрийн ажлыг гацаан байж дүүргийн Засаг даргыг томилж байсан. АН-аас хууль бус энэ мэт үйлдэл гаргахад ардчилал гэж үздэг, МАН хуулийн дагуу ажил явуулахаар ардчилал устлаа гэж ярьдаг боллоо” гэв.
Ямартай ч шат шатны шүүх удаа дараа нэр дэвшигчдийн ухуулагчдыг мөнгө тараасан гэдгийг нь нотолсоор байхад тэд олон нийтийг турхирч иргэдийг буруу мэдээллээр хангаж байсан нь яалт ч үгүй бодит үнэн. Түүнчлэн хотын дарга С.Батболд шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан шийдвэрийнхээ үүргийг түдгэлзүүлсний үндсэн дээр өдгөө хуучин дарга Д.Пүрэвдаваа ажлаа үргэлжлүүлэн хийх болсон билээ. Хэрвээ АН-ынханы хэлж буйгаар Засаг дарга төрийн эрх байгууллагыг хүчээр авахыг оролдсон бол тэрбээр дээрх шийдвэрийг гаргахгүй байсан нь лавтай. Тиймээс л олон нийтийн зүгээс АН-ынхныг нийгэмд болж буй үйл явдлыг улстөржүүлж бусдын нэр хүндийг гутаах нь ихсэх боллоо хэмээн шүүмжлэх болсон юм. Тухайлбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Баянзүрх дүүрэгт болж буй явдлыг улстөржүүлсэн сүржин мэдээлэл хийж байсан юм.
Э.БАТ-ҮҮЛ: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛСОН АСУУДАЛ ХУУЛЬ БУС
Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон асуудал хууль бус юм. Хүчээр албан тушаалыг булааж авч болохгүй. Энэ бол Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Сонгуулийн зургаан тойрог дээр маргаантай зүйл байхгүй. Сонгуулийн хуулийг зөрчсөн зүйл гараагүй байна гээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад энэ зургааг Сонгуулийн хороо эсрэгээр нь сонгуулийн явцад мөнгө тараасан гэж шийдвэр гаргасан. Тэгэхээр сонгуулийн хороо шүүхийн эрх мэдэл рүү халдаж байна гэсэн үг юм.
Ямартай ч МАН-ынхан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж улстөрийн том соёл гаргасаар атал АН-ын нөлөө бүхий эрхмүүд хэдий болтол олон нийтийг буруу зүйлд турхирч 3-хан сая монголчуудыг талцуулах гэсэн юм бол доо.
URL: