Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ
ХБНГ-д Монголын иргэн цуврал аллага үйлдсэн тухай таагүй мэдээллээр энэ өдрийг эхэлж байна. Тус улсын Лайпциг хотноо сураггүй болсон хоёр бүсгүйг эрэн сурвалжлах явцад амь насыг нь нэг хүн санаатайгаар бүрэлгэсэн болохыг цагдаагийнхан олж тогтоосон байна. Энэ хэргийг Монгол Улсын иргэн Д.Довчин гэгч залуу үйлдсэн байна. Түүнийг баривчлан байцаахад хоёр бүсгүйг хөнөөсөн хэргээ хүлээжээ.
Д.Довчин өдгөө 38 настай бөгөөд Улаанбаатар хотод төрсөн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, тус хотод удаан хугацаагаар оршин сууж байгаа. Хохирогч хоёр бүсгүйн хамгийн сүүлд үйлчлүүлсэн гэх “Bar 55″ баараар үйлчлүүлдэг даруухан нэгэн байсан гэдгийг гэрчүүд мэдүүлжээ. Д.Довчин хохирогч бүсгүйчүүдтэй энэ бааранд танилцсан гэнэ.
Эхний хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан байна. 43 настай Мария С дөрөвдүгээр сарын 9-ний өдөр сураггүй алга болжээ. Тэрээр хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Blue Moon” бааранд харагдсанаасаа хойш сураггүй болжээ. Тэгвэл тэр өдөр Д.Довчин Мария С-ийг гэртээ дагуулж очин дотно харилцаанд орж, дараа мөнгө төгрөг дээрээ тохироогүй учраас маргалдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон байна.
Алуурчин Мария С-ийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь Линденау дахь Эльстер цөөрмийн гүүрэн доор нуусан байна. Мария С нь Португаалс найз залуугийнхаа хамт 2011 онд Лейпцигт ирсэн, “Бар 55” уушийн газрын байнгын үйлчлүүлэгч байжээ.
Хоёр дахь хохирогч Аня Б ч тус уушийн газарт байнга үйлчлүүлдэг, Д.Довчинг таньдаг байсан талаар уушийн газрын эзэн залуу цагдаад мэдүүлэг өгчээ. Гэхдээ Аня Б-г яагаад хөнөөх болсон гэдгээ хэрэгтэн одоогоор хүлээгээгүй байгаа гэж эх сурвалжийн мэдээлэлд өгүүлсэн байна. Хамгийн ноцтой нь, Д.Довчингийн хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч “Bild” сонинд өгсөн ярилцлагдаа Довчингийн хэргийг нэлээд өргөн хүрээнд дахин шалгаж байгаа гэж ярьснаас үзвэл энэ хэргийн талаар дахин шинэ баримт гарч ирэх буюу хохирогчийн тоо нэмэгдэх ч магадлалтай бололтой.
time.mn
URL: